-Хэрэглэгчийн санхүүгийн мэдээлэл найдвартай эсэх, хэд хэдэн газарт зэрэг өр тавьснаар санхүүгийн дарамтад орж байна уу гэдгийг хянах цаг болжээ-
“Асаа асуудлаа шийд”, “Таны санхүүгийн нөмөр”, “Таны санхүү, таны гарт”, “Барьцаагүй зээлийг дэргэдээсээ” гэх мэт сурталчилгаа өдөр бүхэн таны гар утсанд эсвэл нийслэл хотын хаа сайгүй өлгөөстэй байгааг уншигч та анзаарч байна уу. Магадгүй зарим нь нэг биш нэлээд хэдэн ББСБ-аас зээл авч, үйлчлүүлэгч нь болчихсон ч байж мэднэ. Ухаалаг гар утастай хэн бүхэн орчин цагт банкны элдэв баримт бүрдүүлэхгүйгээр гар утсаа ашиглан хэрэгтэй мөнгөн дүнгээрээ зээл авдаг болсныг хэн ч буруутгах аргагүй. Энэ бол технологийн дэвшил. Гэвч сөрөг талаас нь харвал маш цэвэрхэн аргаар л мөнгө угааж буй үйлдэл учраас борооны дараах мөөг шиг олширч буй эдгээр аппликейшны асуудалд хяналт хэрэгтэй болж буйг хөндөхийг хүслээ. Гар утсаараа зээл авдаг энэхүү үйлчилгээг анх Монголд нэвтрүүлсэн газар бол “Мобиком” компани гэж хэлэхэд буруудах зүйлгүй ажээ. Учир нь, Мобикомын дугаартай үйлчлүүлэгчид “Candу” оноогоо ашиглан хөнгөлөлтийн үйлчилгээ анхлан авч эхэлсэн бөгөөд өдгөө тус компани “Мобифинанс” ББСБ-аар дамжуулан Мобикомын дугаараа 11 жилээс дээш барьсан үйлчлүүлэгчид 10.000-500.000 төгрөгийн зээл олгодог болжээ.
Улмаар, Lend.mn, numur.mn, zeel.mn, zeely.mn, ard.mn, Qmoni.mn, sono.mn, kmobi.mn зэрэг аппликейшнууд иргэдэд барьцаагүй зээл олгох үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тэр ч байтугай иргэн таны НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалан зээл олгодог “Neg wallet” гэх аппликейшн хүртэл гарсан байх юм. Та гар утсаа асаагаад л эдгээр аппликейшнуудыг гар утсандаа татаж, бүртгэлээ хийлгэж, асуулгад хариулаад данстайгаа холбосон тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүйгээр хүүтэй зээл олгож буй газрууд ч энэ дунд байдаг юм билээ. Зарим нь өөрсдөө таныг олж ирж, эсвэл гэрээ байгуулж буй газруудыг нь зорьж очсон тохиолдолд 50.000-10.000.000, зарим нь бүр тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг 1-6 сарын хугацаанд олгодог хэмээв. Мөн бусдад мөнгө зээлэхийг хүсэж буй бол, хадгаламжид байгаа мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүсэж байгаа бол “zeel.mn” зэрэг аппликейшны “зээл олгох” гэсэн хэсэгт хүсэлтээ өгч, мөнгөн дүнгээ оруулахад л мөнгийг тань бусдад дамжуулан зээлж, дундаас нь бага зэргийг ашиг хүртэн, хүүтэй эргэлдүүлж өгдөг үйлчилгээ ч байдаг юм байна.
Харин энэ бүхэнд хяналт байдаг уу. Тэд гэрээ байгуулахаас өмнө таниас шаардлагатай гэсэн бүх мэдээллийг гар утсаар авна. Оршин суугаа хаяг, регистрийн дугаар, төрсөн он сар, ажлын хаяг, нийгмийн даатгал төлдөг эсэхийг лавлана. Мөн Улаанбаатар хотын иргэн, насанд хүрсэн байх шаардлага тавьдаг. Бүр сэтгэхүйн талын асуулт буюу “Та найзынхаа төрсөн өдөр өнөөдөр гэвэл ямар ч ажилтай байсан зорьж очих уу”, “Та найз нөхөддөө хэр их цаг зарцуулдаг” вэ гэх мэтээр хувь хүний хүмүүжил, санхүүгийн сахилга баттай холбоотой зүйлсийг ч асуудаг юм билээ. Зарим нь интернет банкны нууц дугаар, нэвтрэх кодыг авдаг бөгөөд “Зөвхөн нэг удаа мэдээлэл лавлана. Интернет банкны мэдээлэл авснаар таны зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой” хэмээн бүдүүлгээр хэлбэл тулган шаардах аж. Ингээд иргэд нэг удаагийн нэвтрэх код, интернет банкны нууц кодоо ашиглуулсны дараа тухайн иргэний гүйлгээ, орлого, зарлагыг тооцож, хэдэн төгрөгийн зээл олгохоо шийднэ. Эдгээр аппликейшнууд нь ихэвчлэн ББСБ-уудын гаргасан санхүүгийн үйлчилгээ бөгөөд дэлхий дахины санхүүгийн зах зээлд хэдийнэ нэвтэрчихсэн гэдгийг хэлж байх юм. Гэвч, энд хоёр асуудлыг ярихгүй өнгөрч боломгүй билээ.
Иргэдийн санхүүгийн мэдээлэл найдвартай гарт байгаа юу
Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг ББСБ-ууд нь Санхүүгийн зохицуулах хорооноос авдаг. Харин ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх нь тухайн байгууллагын дотоод дүрэм журмаар зохицуулагддаг аж. Бид эдгээр үйлчилгээнд хэрхэн хяналт тавьдаг талаар СЗХ-ны албан эх сурвалжаас тодруулахад “Зөвшөөрлийг бол манайх өгдөг. Тухайн байгууллага иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх, мөн ухаалаг, дэвшилтэд технологийг ашиглан амар хялбараар асуудлаа шийдэх гарцыг санал болгож байгаа бол асуудал байхгүй. Харин хэрэглэгчийн зүгээс тухайн байгууллагын үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой гомдол санал ирүүлвэл асуудлыг дор нь шалгадаг. Тухайлбал, ББСБ-д өгсөн интернет банкны нууц код, хэрэглэгчийн нэрийг буруугаар ашиглаж, дансанд нь халдлага хийсэн бол, мөн хүүгийн дарамт хэтэрхий их зэрэг асуудал байгаа бол өргөдлөө СЗХ-ны ББСБ-ыг хариуцаж буй хэсэгт өгөхөд л тухайн аж ахуйн нэгжийг шалгаж, буруу, зөвийг тогтоодог.
Одоогоор ийм гомдол санал ирээгүй байна” гэлээ. Тэгвэл тухайн ББСБ-ууд санхүүгийн ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ тодорхой болгосны үндсэн дээр Монголбанктай албан ёсоор гэрээ байгуулдаг юм байна. Ингэсний үндсэн дээр тухайн хэрэглэгч нь арилжааны банкинд зээлтэй юу, зээлийн хэмжээ нь хэд болох, мөн найдвартай зээлдэгч үү, эсвэл хар жагсаалтад орсон уу гэсэн санхүүгийн мэдээллийг нь авдаг аж. Гэвч ингэлээ гээд иргэн та ямар ч хамаагүй аппликейшн татаж, санхүүгийн мэдээллээ хэнд ч хамаагүй даатгаж задлах уу гэдгээ бодох л ёстой. Гар утасны цаана хэн гэгч этгээд байгааг мэдэхгүй учраас зээл өгнө гэсэн санхүүгийн үйлчилгээ бүхнийг бөглөж, 50 мянган төгрөг авах бус харин санхүүгийн болон хувийн мэдээллээ ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй алдаж байна уу гэдгээ ухамсарлах ёстойг банкны салбарын эх сурвалж анхаарууллаа.
Иргэд өрийн дарамтад орж байна
Ингэж дүгнэх хэд, хэдэн шалтгаан байгаа юм. Тухайлбал, төрийн албанд эсвэл хувийн хэвшилд ажилладаг иргэн сардаа 1.000.000-1.200.000 төгрөгийн цалин авдаг байлаа гэж бодъё. Тэр тохиолдолд танд яаралтай мөнгөний хэрэг болж, эдгээр аппликейшнуудад хандахад аль нь ч танд зээл өгөх боломжтой. Зарим нь 100 мянга, заримаас нь 500.000-1.000.000 төгрөгийн зээл авах боломжтой. Хэрэглэгч хүсвэл гэрээ байгуулж болно, хүсэхгүй бол тухайн үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан хамгийн ойрын нотаритад хандсан тохиолдолд зээлийн эрх нээгддэг аж. Үүнд нь “амташсан” иргэд нэг биш нэлээд хэдэн аппликейшнуудаас зээл авч, эргээд төлж чадахгүй болох, өрийн дарамтад орох асуудал байгааг ярихгүй өнгөрч боломгүй юм. Банкны шалгуурыг давж чадахгүй учраас хэд хэдэн газраас зээл авдаг ч эргээд төлж чадахгүй болох, шүүхийн асуудал яригдахгүй гэсэн баталгаа алга байна. Эндээс харвал тухайн байгууллагууд хэрэглэгч нь санхүүгээ найдвартай удирддаг уу, эсвэл өөр бусад адил үйлчилгээтэй газраас зээл авсан уу гэдгийг хянадаггүй гэдгийг харж болно. Бид энэ талаар тодруулахаар хэд хэдэн газартай холбогдсон ч “ Хуульд заасны дагуу санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг” гэснээс өөр тоймтой хариу өгсөнгүй. Нийтлэлээ бичих үүднээс миний хувьд хэд хэдэн газарт санхүүгийн мэдээллээ нэгэн зэрэг бүртгүүлэв. Дийлэнх нь “гэрээ байгуулах боломжтой, мөнгө зээлэх боломжтой” гэсэн хариу ирүүлжээ. Хамгийн бага нь 50 мянган төгрөгөөс эхэлж байсан бөгөөд 1.000.000 хүртэл төгрөг зээлэх боломж олгосон юм.
Ингэснээр миний хувьд зөвхөн гар утсандаа хэдхэн аппликейшн татаж, хэдэн мэдээлэл бөглөөд л 2.500.000 сая төгрөгийн зээлийг нэг өдрийн дотор ч авах боломжтой. Банкинд хандах боломжгүй яарсан, эсвэл сандарсан үед энэ мөнгө хэн нэгний санхүүгийн асуудлыг тэр дор нь шийдэх бүрэн боломжтой байх. Гэвч эргээд төлж чадахгүй тохиолдолд асуудал үүсэх учраас иргэн та санхүүгээ зөв удирдах, шаардлагатай л биш бол өр тавих хэрэггүй гэдгийг сануулах нь илүүц билээ. Банк бол өөр бусад газар зээлтэй эсэх, мөн зээл авчихсан атлаа давхар өр тавьж буй эсэхийг ямагт хянадаг. Харин энэ үйлчилгээнд тийм хяналт алга. Энд үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн байгууллагыг буруутгах аргагүй. Мэдээж хэрэглэгч байгаа учраас л тэд үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, олон нийтэд хамгийн их танигдаад буй “Lend.mn” л гэхэд байгуулагдсан цагаасаа хойш 93.081 хэрэглэгчид давхардсан тоогоор 835 мянган удаагийн зээл олгожээ. 2019 оны наймдугаар сарын байдлаар тус ББСБ-аас гаргасан гар утасны аппликейшныг нэг сая гаруй хэрэглэгч татаж авсан гэх мэдээлэл гарч ирэв. Хөдөлмөрийн насны хүн амын талаас илүү хувь нь ашигладаг гэсэн үг. Тэгэхээр эрэлт байгаа учраас нийлүүлэлт байх нь зах зээлийн хууль гэдэгт хэн ч маргахгүй юм. Гагцхүү хэрэглэгч та мэдээллээ найдвартай гарт даатгаж байна уу гэдгээ л бодох ёстой болжээ. Тэр үүднээс эдгээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын албан ёсны хаяг, үйлчилгээ үзүүлдэг журам, мөн ямар ББСБ-ууд үйлчилгээ үзүүлдэг болохыг шүүрдэж үзлээ.
Lend.mn: “ЛэндМН” ББСБ-аас үзүүлдэг үйлчилгээ. Албан ёсны хаяг нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, гуравдугаар хороо Жуулчны гудамж-34 хаягт баярлах Pearl tower барилга. 77070101 дугаараар холбогдох боломжтой бөгөөд 50.000-2.000.000 сая төгрөгийн зээл барьцаагүй олгодог.
Zeel.mn: “Шүрэн капитал” ББСБ-ын санхүүгийн үйлчилгээ. 50.000-25.000.000 хүртэлх төгрөгийн зээл олгодог. Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 24, Монре Импексийн байр II давхар 208 тоотод байрладаг. 77119335, 86039335 дугаараар мэдээлэл өгдөг бөгөөд зээл өгөх, мөн зээл авах үйлчилгээг үзүүлдэг гэжээ. Цахим гарын үсэг ашиглан Монголбанкны мэдээллийн сан, Хур системийн үйлчилгээг ашиглан гэрээ байгуулахгүйгээр танд зээл олгох боломжтой аж.
Qmoni.mn: “Монголиа Импакт Финанс ББСБ” ХХК-ийн үзүүлдэг санхүүгийн үйлчилгээ. Баянгол дүүрэг, II хороо, Үндсэн хуулийн гудамж-24 (Баруун дөрвөн зам), “Рокмон бюлдинг” оффис төв, 8 давхарт 804 тоот. 70002920 утсаар холбогддог. Нэг сарын хугацаанд 50.000-1.000.000 төгрөгийн зээл олгодог.
Kmobi.mn: “Централ капитал” ББСБ-ын үзүүлдэг үйлчилгээ юм байна. Зээлийн хэмжээ нь 50.000 төгрөгөөс эхэлдэг бөгөөд тэрбум хүртэлх төгрөг олгодог. 100 саяас тэрбум төгрөгийн зээлийг тус аппликейшны үнэнч хэрэглэгч болох “Platinium” хэрэглэгчдээ олгодог гэжээ.
Numur.mn: “Нөмөр кредит” ББСБ-ын үзүүлдэг үйлчилгээ. 100.000-2.000.000 төгрөгийн зээл олгодог. Есөн сар хүртэл хугацаагаар авах боломжтой аж. Гранд плаза төвийн 807 тоотод байрладаг бөгөөд 75111133 дугаараар мэдээлэл өгдөг гэлээ.
Candy.mn: “Мобифинанс” ББСБ-ын үзүүлдэг үйлчилгээ. Мобикомын дугаарыг 11 жил барьсан хэрэглэгч авдаг бөгөөд сүүлийн гурван сарын хэрэглээ нь сар бүр тасралтгүй 7000 төгрөг байсан тохиолдолд 10000 төгрөгөөс зээл эхэлж, сүүлийн гурван сар 200 мянган төгрөгийн зээл авч байсан хэрэглэгчид 500.000 хүртэлх төгрөгийн зээл олгодог гэжээ.
Sono.mn: “Рико Капитал” ББСБ-ын үйлчилгээ. Барьцаагүй зээл, Худалдан авалтын зээл, Барьцаатай зээл олгодог бөгөөд 50.000 төгрөгөөс эхэлдэг аж. 77774666 дугаараар холбогдож мэдээлэл авна гэлээ. 13 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт гэрээ байгуулах салбартай ажээ.
Ard.mn: “Ард кредит” ББСБ-ын өмч. Мөн л гар утасны аппликейшн ашиглаж, 2.000.000 хүртэлх төгрөгийн зээл олгодог. Сүхбаатар дүүрэгт байрлах “Ард Холдингс”-ын хоёрдугаар давхарт байрладаг. 77078080, 77078181 дугаараас лавлах боломжтой.
Neg wallet.mn: НӨАТ-ын буцаан олголтод суурилсан санхүүгийн үйлчилгээ авдаг. “Хас” банкнаас үзүүлж буй үйлчилгээ аж.
Tmat.mn: “Монэкс Финанс” ХХК-ийн үйлчилгээ. Энэхүү үйлчилгээг авахын тулд нэр бүхий цэгүүдэд байрлуулсан АТМ дээр очин хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулан зээл авах боломжтой. Мөн гар утсаараа авч болдог бөгөөд эхний удаа 50.000 төгрөгөөс эхэлж, 300.000 хүртэл зээлдэг аж. “Тmat” зээлийн АТМ машин Улаанбаатар хотод дээрх байршлуудад байрладаг гэв.