Орос, Төвд, Монгол гэсэн цөөхөн орны өндөр уулсаар байдаг барагшуныг дотооддоо 2014 оноос бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж иржээ. Манай улсад 10-аад барагшуны үйлдвэр байдаг бөгөөд тэдний анхдагч нь “Монгол Алтай барагшун” компани юм. Тус компанийг буруутай үйл ажиллагаа явуулан үйлдвэрлэлийг нь зогсоосон гэсэн сургаар бид тус үйлдвэрийг зорилоо.
“Сонсголон”-гийн гүүрний зүүн талд байрлах үйлдвэрийн хаалгаар ороход борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайхан биднийг угтаж авсан юм. Үйлдвэрээр ороход оффисын болон үйлдвэрийн ажилтнууд нь дор бүрнээ ажлаа хийж байгаа нь “Монгол Алтай барагшун” компанийг хаалгаа бариагүйг илтгэнэ.
Өдөрт 10 мянган ширхэг уут барагшун үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр 10 гаруй ажилтантай. Тус үйлдвэрийг бохир орчинд эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн шалтгаанаар олон нийт хаагдсан гэж ойлгосон бололтой. Ийн учир шалтгааныг тодрууллаа.
Монгол орны Ховд, Баян-Өлгий, Алтайн нуруунд л байдаг барагшуныг машин унаа хүрэх боломжгүй газарт явганаар очиж байж хадан дундаас авдаг аж. Хэзээ ч үйлдвэрлэж, ургуулах, тарих боломжгүй. 2000 жил бүрэлдэж бий болдог ховор зүйлийн байгалийн бүтээгдэхүүн юм. Барагшун гэдэг нь төвд нэр бөгөөд Монголоор “Хадан хайлмал” гэж орчуулдаг юм байна.
Тэндэхийн ан амьтад барагшунаар хооллодог учир тэд ялгадсаа үлдээх нь байгалийн үзэгдэл. Тиймээс өндөр уулсаас авчирсан барагшунаа сайн цэвэршүүлж, бохирдлыг нь хэд дахин шүүж байж бүтээгдэхүүн болгодог ажээ.
Үйлдвэрлэлийн технологийн хувьд гар болон автомат аргаар боловсруулдаг. Ингэхдээ барагшунаа 60 градусын усанд хийж дэвтээгээд, хоёр цагийн зайтай 12 цагийн турш баздаг. Тэгэхээр гар аргаар угааж байж бүрэн цэвэрших аж. Автоматаар угаах ямар ч арга байхгүй гэдгийг тус үйлдвэрийнхэн онцолсон юм. Дэлхий дээр ч тийм технологи одоохондоо гараагүй гэнэ. Түүхий эдийг усанд уусаад шороо, шавар гэх мэт бүх бохирдол нь тунаж үлдэхэд барагшуныг микрон шүүлтүүрээр шүүж авдаг байна. Үндсэндээ энэ процессыг 12 удаа хийдэг гэсэн үг юм. Ямар ч шороо, булингаргүй болтол нь шүүгээд усыг ууршуулахад өтгөн барагшун доороо тунаж үлддэг ажээ. Өтгөн гаргасан цэвэр хандаа найруулах тогоонд хийж зөгийн балтай хольсноор бидний хэрэглэдэг барагшун автомат технологид шилждэг ажээ. Усны систем, гялгар уутанд савлах аргууд нь мөн л автомат. Уутанд савласны дараа барьж үзэхэд 90 хэмийн халуун байв. Гэхдээ бүтээгдэхүүнд нян, бактер үүсэхээс сэргийлж цэв хүйтэн усанд хийж, хатаана. Улмаар хайрцаглаад худалдаанд гарахад бэлэг болдог. Уулнаас түүхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гарах хүртэл маш нарийн, эрсдэлтэй ажиллагаа шаардагддаг болохыг нүдээр үзэж, чихээр сонссоны дараа илүү ойлгосон юм.
Тус үйлдвэрийн талаар “Монгол Алтай барагшун” компанийн Борлуулалтын албаны дарга А.Эрдэнэсайханаас тодрууллаа.
-Барагшун ямар өвчинд сайн гэдэг вэ?
-Бид 200 гаруй мянган хүнд барагшунаа зарсан бөгөөд олон улсын эрдэмтэд юунд сайн гэдгийг судалсан судалгаа их бий. Гэхдээ барагшуныг эм гэж үзэж болохгүй. Зүрхний эм зөвхөн зүрхэнд үйлчилдэг бол барагшун хүний бөөр, элэг, тархины үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэн, таван цул, даралт тогтворжуулж, цус шингэлдэг гэх мэтчилэн бүх эд эрхтэнд нөлөөлдөг. Тэгэхээр эм гэж үзэхэд хэцүү л дээ. Дорно дахины анагаах ухаанд барагшуныг элэгний рашаан гэж үздэг. Тухайн хүний биед орохоороо биеийн эрдэс бодисыг тэнцвэржүүлж өгдөг. Хүний биед 90 орчим эрдэс шаардлагатай байдгаас барагшунд хүний биед хэрэгтэй 40 эрдэс байгаа талаар бид АНУ-д шинжлүүлж тогтоолоо. Гэхдээ зөвхөн барагшуны эрдэслэг байдлыг судалсан боловч, цаана нь уураг, амин хүчил, витамин агуулагдаж байдаг юм билээ. Энэтхэгчүүд манайхаас барагшун авч залуужуулах, чалх сайжруулах эм үйлдвэрлээд АНУ руу гаргадаг болсон
-Үйлдвэрлэлийг харахад олон шат дамжлагатай юм байна?
-Хүмүүс шуудайнаас гаргаад угаахын өмнөх байдлыг нь хараад бохир орчинд үйлдвэрлэдэг гэж ойлгодог. Мэргэжлийн хяналтынхан ч үүнийг ойлгосон. Нүдээр үзэх өөр шүү дээ.
-Гадаадад экспортлох талаар судалж үзсэн үү?
-Хадгалалтын хугацаа бага, хайрцагтай, овор хэмжээ их учир гадагшаа худалдаалах боломж байдаггүй. Гэхдээ хэд хэдэн улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярьсан. Манай бүтээгдэхүүн анх үйлдвэрлэсэн цагаасаа хойш үнэ нь өсөөгүй байгаа. Тэгэхэд барагшунд хэрэглэдэг герман зөгийн бал анх 14 мянган төгрөг байсан бол одоо 27 мянган төгрөг болсон л доо. Бидний бүтээгдэхүүнийг ихэвчлэн өндөр настай хүмүүс хэрэглэдэг учир барагшуны үнээ нэмэхэд хэцүү байдаг. Гадагшаа гаргах үнэтэйгээ тэнцүүлье, монголчууд 10 жил ч болтугай энэ үнээрээ хэрэглэсэн дээр гэдэг бодлогыг барьж байна. Гадныхан манайхыг ойлгодог бол үнэхээр гайхамшигтай гэж хэлнэ. Дэлхий дээр 30-хан грамм нь 35 ам.долларт хүрдэг гээд бод доо. Манайх барагшуны хандаар банны эрдэст нунтаг гаргадаг. Гадныхан ийм үнэтэй юмыг баннанд хийлээ гэж гайхдаг. Нөгөө талаас хямд зарахаар Хятад улсаас оруулж ирж савлаж байна гэж ойлгодог юм билээ. Гэтэл энэ түүхий эд дэлхийд байхгүй ховор зүйл шүү дээ. Монголд шуудай үйлдвэрлэдэггүй учир хөдөө орон нутгийн малчид таарсан шуудайндаа хийчихдэг. Гэтэл хөдөөнөөс шуудайтай нь буулгаад өрөөндөө өрөөд тавьчихаар зураг аваад барагшунаа Хятадад хийдэг гэсэн асуудал ч гарсан.
-Танайхаас үйлдвэрлэдэг үе мөчний наалтыг бас хорьсон гэж байсан?
-Монголд наалт хийдэг стандарт гэж байхгүй учир стандартгүй юм үйлдвэрлэлээ гэж зогсоосон. Одоо харин стандартаа батлуулахаар бичиж байгаа. Манай үе мөчний наалтны стандарт гарах юм бол бүх үйлдвэрүүд хийх боломжтой болно. Манайх шингэн барагшууныг 2014 онд хийхдээ Монгол Улсад анх стандартыг нь батлуулсан шүү дээ. Энэ стандартын дагуу “Монос” компани шингэн барагшун үйлдвэрлэдэг. Монголд барагшун үйлдвэрлэдэг 10 орчим компани байдаг ч манайх анхдагч гэж явдаг юм. Бид юунд эмзэглэдэг гэхээр, барагшунд зориулсан том үйлдвэр байгуулаад явахад бусад компаниуд нь бидний нөмөрт орно, бэлэн стандартыг нь ашиглачихаад хулганы нүх шиг жижигхэн газар үйлдвэрлэл явуулдаг. Гэсэн ч үйл ажиллагаа нь хэвийн яваад байдаг нь сонин. Гэтэл манайх бүхий л шаардлагыг нь хангах гэж хичээгээд байхад л биднийг мэргэжлийн хяналтын байгууллагаас “намнаад” байгаа юм. Анх манай үйл ажиллагааг гурван сараар түдгэлзүүлж, байлаа. Гэхдээ бид бүхий л үйл ажиллагаагаа шалгуулж, хууль, журмын дагуу ажилласан учир буцаагаад ажиллуулсан л даа.
-Дэлхийн цөөхөн оронд барагшун байдаг гэдэг. Гэтэл монголчууд түүхий эдээр нь гадагш нь гаргаад байдаг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?
-Гадагшаа экспортлох зөвшөөрлийг тухайн үеийн Байгаль орчны сайд С.Оюун хориглож байсан юм. Гэтэл ГЕГ-аас 2014-2016 оны хооронд 680 тонн барагшун, Орос, Киргизстан улсууд руу гаргачихсан тухай мэдээлсэн. Энэ асуудлыг хөөцөлдөөд явахад С.Оюун сайдын тушаалыг хүчингүй болгочихсон байсан. Улмаар 2017 онд Д.Оюунхорол сайдыг байхад дахин гадаад улсад экспортлохыг таван жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргуулсан. Удалгүй ГЕГ-ын статистикийн мэдээллээр 2016-2017 оны хугацаанд 2500 тонн барагшуныг Энэтхэг, ОХУ руу гарчихсан байсан юм. Тушаал хүчинтэй байх хугацаанд ийм байна. Хууль, тогтоол манай улсад хэрэгждэггүйн жишээ энэ. Манай үйлдвэр л гэхэд жилдээ 10 тонн түүхий эдийг үйлдвэрлэдэг. Барагшуныг хэн ч, хаана ч тарьж ургуулах боломжгүй.
-Бусад компаниудтай нийлээд гадагшаа гаргахгүй байх талаар анхаарч болохгүй юу?
-Хууль бус ажиллагааны араас бусад компаниуд ч хөөцөлддөггүй, санал тавихаар яригдаад өнгөрдөгч ямар ч шийдэлд хүрдэггүй. Нөгөө талаас Оросууд өөрсдөө барагшуныг сайн гэдгээ мэдчихээд Монголоос хэдэн мянган тонноор нь авдаг. Тэгсэн хэрнээ бидэнд хулганы баас гэдэг муу мэдээллийг тараагаад байдаг юм. 10 жилийн дараа барагшуун дуусна. Магадгүй химийн аргаар нөхөж болох байх. Хэрвээ зөв зохистой хэрэглээд, тонн тонноор нь гадагшаа гаргахгүй бол 10-аас ч олон жил хэрэглэж болно.
-Хаанаас худалдаж авч болох вэ?
-Эмийн сангууд, “Номин”-ийн бүх салбар, 21 аймгийн салбараар худалдаалж байна.
...Тус компани 100 кг барагшунаас 7-8 кг цэвэр барагшун гаргаж, үлдсэн 90 гаруй хувь нь хаягдал болдог гэв. Гэсэн ч хаягдлаа дахин боловсруулж, хөрсний бордоо, малын тэжээл болгохоор ажиллаж байгаа аж. Шингэн барагшунаас гадна өтгөрүүлсэн барагшун, цай, үе мөчний наалт, банны эрдэст нунтаг гэсэн олон төрлийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж хүн амын эрүүл мэндэд ач тустай үйлдвэрлэл эрхэлсээр байгаа билээ.