“Ялгуун” брэндийн маркетингийн менержер Т.Оюунчимэгийг энэ удаагийнхаа “Хөлсний амт” буланд урьж ярилцлаа.
“Ялгуун” брэнд богино хугацаанд олонд танигдаж болж чадлаа. Байгууллагынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компани 2017 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Бид яагаад түүхийн өв соёлоо орчин үеийн хэрэглээнд шингээж, үр хойчдоо өвлүүлж болдоггүй юм бэ. Гадны жуулчдад өв соёлоо таниулж болохгүй байна вэ гэсэн зорилгоор анх үүсгэн байгуулсан юм. Зах зээлд торгон алчуурыг худалдаанд анх гаргаж байлаа. Түүнээс хойш улиралд тутамд буюу манай компани 10 гаруй удаа шинэ коллекц гарсан байна. Дахин давтагдашгүй контент зургуудыг гаргадгаараа бусдаас онцлогтой. Нэг коллекц дунджаар 30 бүтээгдэхүүнд тавигддаг. Гэхдээ гучуулаа өөр өөр зурагтай байдаг. Манай бүтээгдэхүүнд хэзээ ч дахин давтагдахгүй.
-Орчин үеийн хэрэглээнд шингээж үр хойчдоо үлдээх зорилго нь маш богино хугацаанд амжилт авчирсан байна шүү?
-Тийм ээ. Таны хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүн залуучуудын хэрэглээнд нийцсэн хэрнээ өв соёл тэр дундаа монгол ахуй болон хатдын хөргөөр дамжуулж, олон нийтэд хүрдгээрээ чухал ач холбогдолтой.
-Эртний хатдын хөрөг, өв соёлтой нийлэхээр өөрийн эрхгүй хүмүүсийн анхаарлыг татах юм. Танай бүтээгдэхүүнээр дамжуулж, Монголыг таних, мэдэх боломжийг гадны жуулчдад олгож байгаад бахархал төрдөг шүү?
-Энэ бол манай компанийн удирдлагуудын баримталдаг гол бодлого гэж хэлж болно. Гадны жуулчдад Монголд ирээд чанар хэрнээ чамин тансаг бүтээгдэхүүн олдоггүй. Мөн монголчуудтай гадаадад аялах, сурах зэргээр явах үед бусдад бэлэглэх бэлэг маш ховор. Энэ үндэслэлд тулгуурлаж, бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн шийдлийг харсан юм.
-Одоогийн байдлаар хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол?
-45 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Тэр дундаа торгон алчуур нь манай компанийн голлох нэрийн бүтээгдэхүүн. Үнийн хувьд материалын орц зэргээс хамаарч ялгаатай байдаг. Тухайлбал, жижиг, дунд, том алчуур гэж бий. Өмсдөг хантааз хүртэл байгаа. Мөн хатгамалтай хослол гаргасан. Монгол хээ угалзыг алдаршуулах чиглэлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Хамгийн сүүлд арьсан цүнхийг худалдаанд гаргалаа. Ээмэг, бөгж, аяга тавагны ком, дэрний уут зэргээр манай бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн.
-Загвар, дизайны санааг хэрхэн гаргадаг вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай гол зургуудыг Лувсанвандангийн арт галерейн хоёр зураач бүтээдэг. Манай бүтээгдэхүүнд гарсан бүх зураг оюуны өмчийн бүртгэлтэй. Зураг бүхэн өөр өөрийн онцлогтой нэртэй. Тухайлбал, торгон аялгуу зургийг цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэдэг. Өөр бүтээгдэхүүнд дахиж ашиглахгүй. Тухайн бараа бүтээгдэхүүн дахин давтагдашгүй байхаас гадна хүн бүрийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүний зураг өөр, өөр байхыг эрхэмлэдэг. Дахин давтагдашгүй байхыг гол зарчмаа болгодог юм. Тэгж байж бидний үнэ цэн оршдог.
-Судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Хэн гэдэг хатан, аль цаг үед амьдарч байснаас бидний судалгаа эхэлдэг. Зургаа улиралтайгаа нийцүүлж, зураач нарт их өгдөг. Өнгө, чимэглэл, хүрээнд манай дизайнер ажилладаг. Түүний дараагаар эцсийн бүтээгдэхүүн батлагддаг.
-Монголд загварын чиг хандлага маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Өнөөдрийн шинэ зүйл хэдхэн хоногийн дараа хуучирсан байх жишээтэй. Загварын судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Маш их судалгаа хийдэг. Нэн тэргүүнд бүтээгдэхүүн бий болохоос эхэлнэ. Олон улсын чиг хандлага болон монгол хүний хэрэглээ, сэтгэхүйн онцлогоос их хамаардаг. Зураачид зургаа захиалахдаа түүхийн судалгааг давхар танилцуулдаг байх жишээтэй. Түүнээс гадна бэлэгдлийг эрхэмлэдэг.
-Хэчнээн хүний хүч хөдөлмөр, итгэл зүтгэлээр “Ялгуун” брэнд хэрэглэгчийн гарт хүрдэг бол?
-Манайх одоогоор 50 орчим хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Анх нээж байхдаа 10 гаруйхан ажилчинтай үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Хоёр жилийн хугацаанд хоёр дахин өссөн байна.
-Гадны улсад бүтээгдэхүүнээ гаргаж байгаа юу?
-Хараахан гаргаж амжаагүй. Удахгүй энэ боломж нээгдэх байх.
-Үнийн хувьд баримталдаг бодлого бий юу. Үнийн судалгааг хийхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ гэж байхгүй шүү дээ?
-Монгол хүн бүхэн манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэдэг үүднээс үйлдвэрийн үнэ дээр НӨАТ-ыг нэмдэг. Тэгэхээр манай бүтээгдэхүүн хямд үнэтэйд тооцогддог. Бараг л үйлдвэрийн үнэ гэж ойлгож болно. Чанар болоод хямд үнийг баримталдаг юм. Бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн найман дэлгүүрээр борлуулдаг.
-“Ялгуун” брэндийн алчуур торгомсог шүү дээ. Буруу арчилгаанаас болоод бүтээгдэхүүний өнгө, зүс тааруухан болох вий дээ гэсэн бодол хэрэглэгч дунд байдаг. Та ямар зөвлөгөөг хэрэглэгч нартаа өгөх вэ?
-Торгон утаслаг, эмзэг бүтээгдэхүүн шүү дээ. Торгонд зориулсан бүтээгдэхүүнээр угаах ёстой. Сүүлийн үеийн технологи учраас зураг нь арилна гэсэн ойлголт байхгүй. Бүтээгдэхүүнийг угаалгын машинд хийж болохгүй. Гараар угаах ёстой. Бүтээгдэхүүн бүрт арчилгааны зааврыг давхар илгээж байгаа.