Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон Г.Эрдэнэчимэг гэх эмэгтэйн зураг цахим орчинд цацагдсан даруйд тэр гэр бүлд туслах аян өрнөж эхэллээ. Өлгийтэй нялх үрээ энгэртээ тэвэрч, охидтойгоо хамт ус авч яваа ээжид ДХИС-ийн багш, оюутнууд тусламжийн гараа сунган, хашаа барьж, таван ханатай гэрийг нь тордохын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Ядарсан нэг эхэд тусламжийн гараа сунгасанд нь баярлаад ч ханахгүй сууна. Гэвч зургаан хүүхэд болон эхнэрээ хамгаалах ёстой арчаагүй эцэг хаана юу хийж явна вэ. Эхнэрийнх нь хэлснээр бол архи уугаад алга болчихдог, мөнгө олж ирдэггүй, амьдралаа огтхон ч тоодоггүй нэгэн ажээ. Монголын нийгэмд буй олон эрчүүдийн нийтлэг төрх ажээ. Тэгэхээр ганц энэ эмэгтэй ч бус салж амжаагүй, салчихсан ийм эмэгтэйчүүд хэдэн мянгаараа байгааг ойрын үед өрнөсөн олон үйл явдлаас улбаалан бичихэд хүрлээ.
Эр нөхөр нь салж одсон, эсвэл архидаад алга болсон 83 мянган эмэгтэй байдаг гэсэн тоог НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол өнгөрөгч долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулахдаа хэлжээ. Тэгэхээр Г.Эрдэнэчимэг шиг 83 мянган эмэгтэйн цаана энэ бүсгүйн нөхөр шиг 83 мянган арчаагүй эр байна гэсэн үг. Зарим нь бэлэвсэрч үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л 20 нас ч хүрээгүй байхдаа өрх толгойлох сонголттой тулгарч буй бүсгүй хүн бүхний цаана амьдралаа аваад явж чадахгүй, бие дааж шийдвэр гаргадаггүй, санхүүгийн хувьд чадамжгүй эрчүүд байна гэсэн судалгааг Үндэсний статистикийн газраас гаргасан нь анхаарал татах асуудал юм. Тиймээс өнөөгийн нийгэмд эрчүүддээ илүү анхаарч, тэдний сэтгэлзүй, эрүүл мэндийн асуудлыг ярих цаг болсныг мэргэжлийн хүмүүс сануулсаар. Бодит амьдрал дээр ч энэ бүхнийг харсаар л байгаа. Таны, миний, та бүхний эргэн тойронд нэг биш нэлээд олон гэр бүл араар тавилт, амьдралаа авч явж чадахгүй архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүдийн асуудлаас үүдэн салж, сарниж, үр хүүхэд нь өнчирсөн бодит жишээ олон бий. Эс бөгөөс 40 нас ч хүрээгүй нас барж, гэмт хэрэгт холбогдож, архинд орж, хүнд өвчнөөр өвчилж буй хүмүүс мөнөөх л эрчүүд байх аж. Тиймээс монгол эр хүн болгоны төлөө төр дуугарч эхлэх цаг нь болжээ. Үндэсний статистикийн газрын дарга А.Ариунзаяа “Бид өнгөрсөн 20 жил эмэгтэйчүүдийн хөгжил ярилаа. Одоо эрчүүдээ ярих цаг нь болсон байна. Их дээд сургуульд эмэгтэйчүүд сурдаг. Боловсрол ч өндөр байгаа. Эрчүүд хар ажил хийдэг учраас өндөр цалинтай гэж гардаг. Өрх толгойлсон эмэгтэй бүхний цаана амьдралаа залж чадахгүй байгаа эрчүүдийн асуудал яригддаг учраас эрчүүдээ ярьж эхэлье” хэмээжээ. Үүнтэй олон хүн санал нэгдэх байх аа.
Хэдхэн өдрийн өмнө хэдэн бүсгүйчүүд тэмбүүтэй хэмээн цоллуулав. Эрүүл мэндийн яамнаас зарласан хэвлэлийн хурлын үеэр тэмбүүтэй 3600 гаруй иргэн дотор 850 нь жирэмсэн эхчүүд байсан тоог харчихаад л эмэгтэйчүүд бол замбараагүй, явдалтай гэх мэтээр адлах нь тэр. Гэвч түүний цаана байгаа тэмбүү өвчин тээж ирсэн эр нөхрүүдийг нь хэзээ ярих юм. 3600 тээгчийн цаана байгаа 3600 тэмбүүтэй эрчүүдээ яагаад мартаад байна вэ. Энэ улсад эрэгтэй хүмүүс аль муу муухайгийн жишээ болчихоод байна. Амиа хорлолт, ажилгүйдэл, архидалт, араар тавилт, өвчлөл, зам тээврийн осол, гэмтэл, хүчингийн хэрэг гээд юм бүхэнд эрчүүд л тэргүүн эгнээнд давхиж явна. 30 нас хүрэлгүй амиа алдаж буй эрчүүдийн тоогоороо Монгол Улс дэлхийд нэгдүгээр байр эзэлдэг. Соошл орчинд балайрч байгаа хүмүүсийн тоог харвал дахиад л эрчүүд. Нэг их ухаантай жиргэх атлаа эрүүл мэндийн наад захын боловсролгүй, гэр бүлдээ цаг зарцуулдаггүй хоосон “ухаантай” эрчүүдээр Монгол Улс дүүрлээ. Цахим хуудсаар дүүрэн ухаантай жиргээ хийдэг атлаа архи уудаг, араар тавьдаг, твиттер, фэйсбүүкээр залуухан охид “ангуучилж” суудаг олхиогүй эрчүүдийн тоо нэмэгдсээр. Улс төрд хэн хор найруулж байна, эрчүүд. Даргад хэн долигонож байна нөгөөх л эрчүүд. Эмэгтэйчүүдээсээ ч илүү хов ярьдаг, хоёр хүний дунд яс хаядаг арчаагүй зан тэднээс гарна. Нэг үгний өө андахгүй шүүх, цагдаа болдог, бусдын үгээр үг хийдэг хүмүүс ч бас л эрчүүд. Энэ бүхэн нэг л өдөр бий болчихоогүй юм. Нэг үе л байгаа гэвэл бас л өрөөсгөл. Ерөөс бидний сэтгэхүйд байгаа “Эр хүн яах вэ. Эмэгтэйчүүдийгээ л боловсролтой болгочихъё” гэсэн буруу сэтгэлээ ийм байдалд хүргэжээ. Эр хүн уйлдаггүй юм гэж сургахаас бус хүн байхыг зааж чадаагүй, тэдний сэтгэхүйг “цоожилж” орхисноос болж ийм байдалд хүргэжээ. Энэхүү нийтлэлийг бичих явцдаа олон ч судалгааны материал уншив.
Тэр болгонд дандаа л эрчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдээс муугаараа илүү гарчээ. Тухайлбал, осол гэмтлээр нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо гурав дахин, амиа хорлолтоор 5.2 дахин их байдаг аж. 2011 оноос хойш хийсэн зургаан жилийн дундаж судалгаанаас харвал эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлодог нь тогтоогджээ. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлодог гэсэн судалгаа байна. Мөн автозамын осолд мөн л эрчүүд илүү өртдөг бөгөөд осол гэмтлийн улмаас амиа алдаж буй эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс тав дахин их. Мөн элэг, уушги, ходоодны хорт хавдраар амиа алдаж буй эрчүүдийн тоо эсрэг хүйстнээсээ 1.3 дахин их. Зүрх судас, даралт, тархины цус харвах өвчнөөр олонхи эрчүүд амиа алддаг аж. Энэ мэтээр олон тоо баримт хэлж болно. Эрүүл мэндийн боловсрол маш бага буюу “хангалтгүй”, илүүдэл жинтэй, амьдралын буруу хэвшилтэй гэх мэтээр олон олон судалгааг уншаад л урам хугарах шиг. Энэ бүхэн нөгөөх л боловсрол нимгэн байдал, эрэгтэй хүүхэд хэмээн хүйсээр ялгаварласан эцэг эхийн буруу хандлагаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Одоо охидоо хайрлахаас гадна хөвгүүдээ ч бас хайрлаж эхэлье. Хайрлагдсан эр хүн хайр л түгээнэ. Бид охидоо хайрлаад завгүй суух зуур тэднийг хайрлах эр хүн хүчирхийлэл, дарамт дунд бага насаа үдэж байна. Үл хайхрах хүчирхийллийн золиос болсоор байна. Хайрласан охид хайрлагдаагүй эр хүний гарт очихоор юу болох нь тодорхой. Бэлгийн боловсрол хангалтгүйгээс болж амьдралаа ч төлөвшүүлж амжилгүй үр хүүхэдтэй болдог, салдаг, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг эцэг ч байхгүй болжээ.
Тиймдээ ч төр нь аргаа барахдаа эцэг, эхийн тэтгэмжийг хуулиар шийдэж өгье хэмээн тэтгэмжээ өгдөггүй аавд хариуцлага тооцох хуулийн төсөл яриад сууж байна. Харин хэн ч эрчүүдийнхээ боловсролд анхааръя, хөгжүүлэх, боловсруулах тухай ярих цаг нь болжээ гэж дуугарсангүй. Нийгмийн өмнө хариуцлага хүлээж чадахгүй байгаа эр хүний сэтгэлзүйг өөрчлөх талаар ажил хийе гэж ярихгүй юм. Хууль ярьж болно оо, бололгүй яахав. Хүчингийн хэрэг үйлдэж байгаа эрчүүдийг шоронд хийх шиг амар зүйл алга. Гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байгаа, эхнэр хүүхдээ хаяад өөр бүсгүйтэй алга болсон эрээс тэтгэмж нэхэх, архи ууж байгаа аавыг цагдан хорихыг хэн ч чадна. Хуулийг нь чангалахгүйгээр ч хийж болно. Гэлээ гэхдээ нэг хэсгийг нь цоожтой хаалганы цаана хийлээ гээд асуудал шийдэгдэхгүй. Нөгөө хэсэг нь дахиад л бэлтгэгдэж гарч ирнэ. Нэг үе дуусахад дахиад өөр нэг үе гарч ирнэ. Тиймээс эрчүүдтэйгээ тулж ажиллах цаг ирчихээд байна. Бага наснаас нь бэлгийн боловсролын хичээл түлхүү орох, эр хүн гэж хэн юм, үүрэх хариуцлага нь юу байх юм, гэр бүл төлөвлөх нас чинь хэд юм гэх мэтээр амьдралд бэлтгэх хэрэгцээ бий болсныг ч эндээс харж болох билээ. Монгол Улсын хүн амын 46.5 хувь буюу 1.5 сая нь эрчүүд атлаа тэдний ердөө 15 хувь нь дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл эсрэгээрээ 1.6 сая эмэгтэйчүүд дотроос таван хүн тутмын нэг нь дээд боловсролтой байдаг. “Цоожтой хаалганы цаадах хүүхэд” гэдэг шиг нийгмийн аль ч үед хүйсээр ялгаварлан “цоожтой” орхисон эрчүүдийн талаар НЭМГ, Үндэсний статистикийн хороо, СЭМҮТ, Эрчүүдийн эрхийг хамгаалах холбоо, мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагуудын гаргасан судалгааг шүүрдэж, мөн байгууллагуудтай холбогдож тоон мэдээллүүдийг нэгтгэв. Хэдийгээр сайн сайхан зүйл олон бий ч энэ бүх муу муухай, харамсмаар тоон мэдээллийг тоохгүй орхиж болохгүй нь ээ.