ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монголд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг нэг ч газар байхгүй”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-29

Бичгийн цаасан дээр ягаан харандаагаар зуйвандуу дүрс сийлж, хажууд нь лаа болон сэнс, унжлагат урт зураас зэргийг багтаажээ. Харин доод талд нь хар өнгийн балаар  торт хэмээн тайлбарт өгүүлсэн харагдана. Бүтээлийг зургаан настай бяцхан зураач охин зурсан бөгөөд түүний ертөнц дэх бялууны төсөөлөл болон илэрхийлэл  энэ аж. Түүний бүтээлийн хажууд шувууны үүр, ангаахай, жаран хөлт, баавгай, унага, алим,  байшин, зүрх, алганы хээ  зэрэг үй олон бүтээл дэлгээстэй байх бөгөөд  “Тэмүүжин анд” тусгай хэрэгцээт цэцэрлэг гэсэн хаягны доор бүгд дэлгээстэй байх ажээ. Хүмүүс зургийг тойрчихсон “Миний охин ёстой гоё зуржээ, манай хүү маш гоё будсан байна, хүү минь өнгө ялгадаг болсон, бодит зурагтай нь дөхүүлсэн, төрсөн өдрийн дуу дуулсан” гэх мэтээр яриа дэлгэж, хүүхдээрээ бахархсан сэтгэл нь эцэг, эхчүүдийн нүдэнд тодхон харагдаж байлаа. Тэднээс мөн хайр, инээд хоёр цалгиж байсан юм. Энэхүү үйл ажиллагааг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн анхдугаар зөвлөгөөн нэрийн дор Сонгинохайрхан дүүргээс зохион байгуулав. Тус зөвлөгөөнд эцэг, эхчүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллагууд оролцож, өөрийн санал бодлоо хуваалцлаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд түүний 1000 гаруй нь хүүхдүүд аж. 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль, цэцэрлэг барина

Тус дүүргээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, нийгэмд эзлэх байр суурь, төрийн үйлчилгээг илүү ойртуулахын тулд  анхаарч ажилладаг” гэлээ. Тиймээс тус дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг өнгөрөгч онд бай­гуулжээ.  Эцэг, эхчүүд, хүүх­дүүд рүү хандсан үйл ажил­лагааг хэрэг­жүүлж ажиллаж байгаа бөгөөд бүх хороонд хөгжлийн бэрх­шээлтэй иргэний төлөөл­лийг ажиллуулахаар шийд­вэрлэсэн төдийгүй шаардлагатай санхүүжилтийг хүртэл төсөвт тусгажээ. Түүгээр ч зогсохгүй 2021 оноос төрөлжсөн сургууль, цэцэрлэг барина гэдгээ  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нээлтийн үеэр  хэлж байлаа. Ингэснээр эцэг, эхчүүдийн үүрэх ачаалал буурах бөгөөд  хүүхдүүд сурч, боловсрох эрх нь илүүтэй нээгдэнэ гэлээ.  Энэ үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо Монголд сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Юунаас болж энэ төрлийн хүмүүс нэмэгдэж байгааг судалж тогтоох хэрэгтэй. Миний хүү одоо 11 настай. Гэтэл биеийн  байдал нь 5-6 настай хүүхдийнх шиг. Монголд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг нэг ч газар байхгүй. Зургаан наснаас өмнө цэцэрлэгт хамрагддаг. Түүнээс хойш хамрагдах сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ талаар төрийн бодлого нэлээд дутагдалтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн амьдралын чанар тааруухан байгаа. Хүүхдээ  эрүүл болгоно гэж бодсоор яваад өөрийн мэдэлгүй ядууралд орчихдог. Хүүхэд чинь эрүүл болох боломжгүй гэдгийг мэддэг ч ямар нэгэн горьдлого тээсээр яваад амьдрал нь доройтдог.

Монголын эмнэлгийг дуусгаад явах газаргүй болоод ирэхээр өөрийн мэдэлгүй гадны улсын эмнэлгийг сонирхож эхэлдэг. Хэзээ ч итгэл, найдвар нь тасардаггүй. Төрөөс тодорхой хэмжээний халамж, мөнгийг олгодог хэдий ч хүүхдээ асрангаа ажил хийх ямар ч боломжгүй. Хүүхдүүдийг нийгмийн үйлчилгээ авахад саадгүй, хүндрэлгүй байвал эцэг, эхчүүд төрөөс халамж хүлээгээд байх шаардлагагүй. Тэд нийгмээс хайрыг хамгийн их хүсдэг. Түүнээс халамж биш. Хүү минь бүрэн асаргаатай. Үг хэлж, ямар нэгэн үйлдэл гаргахгүй. Хүүхэд томрох тусам асуудал нь хүндэрдэг. Энэ төрлийн хүмүүст ээлтэй нийгмийг төр бүтээгээд өгвөл хүүхдүүд баярлана. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, халамжилж байгаа эцэг, эхчүүдийн эрх нийгэмд давхар зөрчигдөж байдаг. Хамгийн  харамсалтай нь энэ хүүхдийн амьдрал хэзээ дуусна тэр цагт эцэг, эхчүүд нь чөлөөлөгдөнө шүү дээ. Ийм хүүхдээ хүн үлдээгээд ч үхэж чадахгүй. Энэ бол хамгийн том зовлон” гэж  “Хүүхэд гэр бүл хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Д.Нямжав ярьж байлаа. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах  төвийн дэд дарга Ц.Сарантуяа ярихдаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, асуудлыг шийдвэрлүүлэх,  эрүүл мэндэд нь  нэлээд анхаарч ажилладаг. Манай төв зургаан сартайгаас эхлээд 18 насны хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Хүүхэд бүрт хангалттай хүрэлцэж, ажиллах боломж нь ховор. Манай төв нэлээд ачаалалтай ажилладаг. Тиймээс дүүрэг бүрт хүүхдийн сэргээн засах төв ажиллавал хүртээмж болоод үзүүлж байгаа үйлчилгээ нь сайжирна” хэмээн ярив. 

Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийн байр суурийг сонслоо.

С.Энхтунгалаг:

/Иргэн/

-Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ өөрөө асардаг. Хүүхдүүдийг минь сургуулийн удирдлага болон ангийн багш, хамт олон нь маш сайн ойлгодог. Тиймээс сургуульдаа явах дуртай. Тэдэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол хайр бас халамж. Хоёр хүүхдээ асраад гэртээ байхаар санхүү, мөнгөний хувьд дутагдалтай хэдий ч тэднийхээ төлөө үргэлжид хичээдэг. Бидний зовлонг ойлгож, дүүргээс эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулж байгаад баяртай байна.

Д.Эрдэнэцогт: 

/Иргэн/

-Хүү минь 16 настай. Ээж нь хараад эмнэлэгт хэвтэж байгаа. Хүү минь байнгын асаргаатай байдаг. Хоёулаа ажил хийх боломжгүй. Миний хувьд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ дэмжлэгийг нэмэгдүүлээсэй гэж боддог. Ямар нэгэн үйлчилгээ авахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдалд тохирсон, хүндрэл багатай байлгах төрийн бодлогыг хүсэж байна.