ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-ын эдийн засгийг ДАШТ аврах уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

-Тус тэмцээнээс 31 тэрбум ам.доллар олно хэмээн тооцжээ-

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д эхлээд даруй зургаа хонож байна. ДАШТ эхэлснээс хойш олны анхаарлыг хамгийн их татаж буй сэдэв бол  энэ удаагийн тэмцээн ОХУ-ын   эдийн засагт  амжилт, алдагдлын алийг нь авчрах эсэх тухай асуудал юм. 

Хүн төрөлхтөний тэн хагасыг дэлгэцийн өмнө уяж чаддаг хөлбөмбөгийн ДАШТ  нэг сарын хугацаанд буюу долдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх учиртай. Тус улсын хувьд Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаагаа зохион бай­гуулж байгаа бөгөөд зохион байгуулалт, бэлтгэл ажилд нийтдээ 14 тэрбум ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий. Өмнө нь зохион байгуулагдаж байсан ДАШТ-ий түүхэн дэх хамгийн их хөрөнгө зарцуулсан тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлог юм.  Харин  тус улс дээрх зарлагаа давсан орлого олж чадах  эсэх нь анхаарал татаж байна.  Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагийн шин­жээчдийн өнгөрсөн сард гаргасан тайланд “ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулснаар эдийн засаг нь богино хугацаанд сэргэнэ” гэж дурджээ.  
2013-2017 онуудад ДАШТ-тэй холбоотой хөрөнгө оруулалт тус улсын нийт хөрөнгө оруулалтын ердөө нэг хувийг эзэлж байв. ОХУ ДАШТ-д 883 тэрбум рубль буюу 14.2 тэрбум ам.доллар зарцуулсан. Харин үүний 6.11 тэрбум ам.долларыг тээвэр, харилцаа, дэд бүтцийн шинэчлэлтэд, 3.45 тэрбум ам.долларыг цэнгэл­дэх хүрээлэнгүүдийн засвар, 680 сая ам.долларыг байр, сууц барихад зарцуулжээ.  Ингэсний дүнд  ДАШТ-ийн тоглолтууд болох 11 хотын дэд бүтэц, тээврийн үйлчилгээ сайжирсан юм. Тэгвэл “Moody’s”  агентлаг­ийн үзэж буйгаар шинэ дэд бүтэц нь татварын нэмэлт орлогыг бий болгож, ирээдүйд гарах зардлыг бууруулах сайн талтай аж. 

ДАШТ зохион байгуулагч­дын үзэж буйгаар ирэх нэг сар орчмын хугацаанд  гадаадаас 570 мянган фанат ирэх бол дотоодын фанатын тоо 700 мянга байх аж. Үүнийг дагаад зочид буудал, ресторан, бусад аялал жуулчлалын орлого өсөх хандлагатай байна. 
Түүнчлэн, дэд бүтэц тээврийн үйлчилгээ, нисэх онгоцны буудлуудыг засварласнаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлж чаджээ.  

Р.Сусикумар гэгч тус улсад хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр очсон эрхэм “Зочид буудлууд бүгд дүүрсэн байна. Өнгөрсөн шөнө намайг гадуур гарахад бүх ресторан, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй шахам их хүнтэй байсан. Үүнээс ямар их хэмжээний мөнгө ОХУ-ын эдийн засагт орж буйг төсөөлж болох байх” хэмээн ярьсан байна. 

Тэмцээн болох 11 хотууд дундаа жуулчид Москва, Санкт-Петербург хотуудад илүүтэй төвлөрч байгаа аж. Зөвхөн энэ хоёр хотод л ДАШТ-ий үеэр 400 мянган фанат байрлах юм байна. Ингэснээр  2022 он гэхэд тус улсын хүлээн авах жуулчдын тоо дөрвөн хувиар нэмэгдэж, 37.5 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. Харин 2018 онд ОХУ өмнөх жилүүдээс 1.4 хувиар их жуулчин хүлээн авна гэсэн тооцоо гарчээ.  

Мөн “Ассошэйтед пресс” агентлагт нийтлэгдсэн мэдээллээс үзвэл  21 дэх удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын эдийн засагт ойролцоогоор 31 тэрбум ам.долларын ашиг авчирна гэж зохион байгуулагчид тооцжээ. Харин ДАШТ-ий эдийн засгийн үр өгөөжийн талаарх тайланд, тус улсын ДНБ-ий өсөлт 2023 он гэхэд 30.8 тэрбум ам.доллар болно хэмээн дурдсан байв. ОХУ-ын Шадар сайд Аркади Дворкович ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөлбөмбөгийн ДАШТ манай улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй. ДАШТ зохион байгуулагч орны эдийн засагт эерэг үр нөлөө авчраад зогсохгүй, урт хугацаанд ашиг авчирдаг” хэмээн ярьжээ. Нөгөөтэйгүүр, тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-д 220 мянган ажлын байрыг шинээр бий болгож чадсан байна.  ОХУ 2014 оны Сочигийн өвлийн олимпыг зохион байгуулахдаа 50 тэрбум ам.доллар зарцуулж байсан удаатай. 

Олимп нь ДАШТ-ий нэгэн адил улс орны нэр хүндтэй холбоотой чухал байр суурь эзэлдэг бөгөөд Сочигийн олимп ч түүхэн дэх хамгийн үнэтэй олимпоор нэрлэгдэх болсон юм.  Харин үүний дараа Сочи ОХУ-ын аялал жуулчлалын гол төв болж чаджээ. 

Үүнээс үзвэл, ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулснаар гаргасан зардлаа хоёр дахин нугалж олохоос гадна, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдсэн байна.