ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үнсгэлжин шиг ороод шулам шиг гарч ирдэг баяр айсуй

А.ОДСҮРЭН
2019-12-03

-Шинэ жил тэмдэглэх зардлаараа шилдэг ажилтнаа шагначихъя-

Нэлээд хэдэн жилийн өмнө байгууллагын маань шинэ жил болох өдөр ажлынхаа хоёр хүүхэнтэй үсчин орлоо. 12 сарын сүүлийн өдрүүд байсан тул нийслэлээр дүүрэн шинэ жилээ тэмдэглэгчид. Үсчин дүүрэн хүнтэй. Дүү маань үсчин, гоо сайханч хийдэг болохоор амьтан хүний урдуур хойгуур оролтой биш хүмүүсийг үйлчлүүлж дуусахыг нь хүлээж байгаад гурвуулаа үсээ ч янзлууллаа, нүүрээ ч будууллаа. Үсний лак гель ид хэрэглэдэг байсан үе. Үсээ овойлгож, сүлжүүлж, сагсайлгаж, сэнсдэж гоёод, нүүрээ ч энгийн бусаар будуулчихлаа, гурвуулаа. Шинэ жил 18 цагт эхэлчихээд байдаг, бид гурав үсчнээс 20 цагт гарлаа, таксидлаа. Бид гурвыг гарахад үсчин хүүхнүүд “За та гурав ч үнсгэлжин шиг болоод очих нь.

Шулмас шиг болоод гараад ирэв ээ” гэж хөхрөлдөөд үлдсэнийг яана.Баруун дөрвөн зам, “Бөмбөгөр” худалдааны төв хоёрын дундах нэг ресторанд шинэ жилтэй байсныг хэлэх үү. 13 дугаар хорооллоос таксидсаар яваад очтол баяр аль хэдийнэ дуусах тал руугаа орчихсон. Хүмүүс нэлээд согтчихсон, энд тэнд нэг хоёроороо суучихсан, хундага тулгах нь тулгаж, ганц нэгээрээ охид хүүхнүүд коридорт хэн нэгэнтэй утсаар ярьж уйлж, гомдоллож, нэг нь нойлын өрөөнд унасан сормуусаа тогтоох гэж будилсан, дарга нар маань хэдийнэ халамцчихсан байж байлаа. 

Бид гурвыг харангуутаа мэнд ус ч үгүй, бидний танигдахын аргагүй хөөрхөн болсныг магтахын сацуу  хоцорсон хүмүүсийг торгоно оо гэж орилолдлоо. Ундааны том шилэн аяганд янз бүрийн архи, дарс, вино, пиво холин дүүргэж нэг амьсгаагаар уухыг шаардацгаалаа. Хоцорсон нь үнэн, халамцуу хүмүүстэй маргалдалтай биш гурвуулаа тэрийг нь уусан. Тэгээд яаснаа санахгүй байна, мэдээж “тасарсан” биз.

Өглөө гэртээ яг л үхэх гэж байгаа юм шиг сэрлээ. Толинд харсан, яг л шулмас. Нүүрний будаг холилдож, нүүрээр нэг нялгадаж, лакдсан үс ширэлдэж, хуруу ч орох зайгүй орооцолдон сэгсийжээ. Юу болсон, яаж ирснээ ч мэддэггүй. Оройдоо босох ярих тэнхэлтэй боллоо. Маргааш нь ажил цуглав. Нөгөө хоёр маань ч яг л над шиг юм ярив. “Үнсгэлжин шиг ороод шулмас шиг гарч ирсэн” бид гурав хэсэгтээ л ажлынхандаа гоморхож, бас хэд хоног ярих юмтай болж билээ. Түүнээс хойш шинэ жилийн баяраар үсчинд үсээ лакдуулахгүй, нүүрээ будуулахгүй, шинэ жилийн баяр дээрээ архи дарс хэтрүүлэн уухгүй байхыг л боддог болсон. 

Энэ бүхнийг нуршихын учир шинэ жил айсуй. Ирэх долоо хоногоос эхлэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, анги хамт олон, найз нөхдөөрөө нийлж шинэ жилээ тэмдэглэж эхэлнэ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж, бүтэн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулах нэрээр гоё хувцастай архидалтын өдрүүд үргэлжилнэ. Дээр өгүүлсэн шиг явдал өдөр бүхэн тааралдана.

Монголчууд шинэ жилийг ингэж тэмдэглэж байхад англичууд хүслээ захианд бичиж пийшиндээ шатаах, япончууд гэрийнхээ үүдийг бэрсүүт жүржээр чимж, он солигдох үед сүмүүд 108 удаа хэнгэрэг дэлдэх, мексикчүүд усан үзэм идэх, хятадууд 1000 дэнлүү асаах, германчууд нэг нэгэндээ бэлэг өгөх, швейцарьчууд багт наадам хийх зэргээр тэмдэглэдэг. Ямар нэгэн уламжлал, зан заншил, билэгдлийг агуулсан утгаар баяраа тэмдэглэдэг байхад бид ямар ч зорилгогүй, байгууллагын шилдгээ шалгаруулах нэрээр архидалт болгон хувиргаснаас хойш бараг л хагас зуун жил болох нь ээ. 

Монголчууд шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ. Өнгө өнгийн саа чимэглэл бүхий ресторан зоогийн газарт ананастай шарсан тахиа, оргилуун дарсаар голдуу ширээгээ дүүргэж, архи шар айрагаар даруулан ууцгаана. Охид бүсгүйчүүд шинэ жил дөхөхөөр ямар даашинз өмсөх, үсээ яаж засуулах, нүүрээ, хумсаа яаж будуулах, ямар туфль өмсөх вэ гэхээс нойр нь хүрэхгүй, өдөр нь бодож, шөнө нь зүүдэлнэ. Өнгөрсөн жилийн даашинзаа  өмсвөл онигоо болно.

Найзаасаа, найзынхаа эгчээс, дүүгээс, ээжээс нь даашинзыг нь гуйна. Бүр болохгүй бол прокатална. Ноднин хэн ямар даашинз, туфль өмсөж, гоёл чимэглэл зүүсэн байсныг мартахгүй. Мартаагүй учраас эртхэн гуйх хэрэгтэй. Ээлжлээд солиод өмсөөд л байна. Ноднингийн ёолкоор постолж сошиалд тавьсан зургуудаас шүүнэ. Даашинз олох одоо амархан болсон. Прокатууд даашинзыг баяр болохын өмнө ирж аваад, шөнийн 00 цагаас өмнө авчирч өгөхийг шаардана.

Авчирч өгөхгүй бол хэд нугалж төлүүлж, үүрд тэр даашинзыг өөрийн болгох “эрх”-ээр торгоно. Яг л үнсгэлжин шөнийн 00 цаг болохоос өмнө гарч гүйдэг шиг прокат руугаа гүйхгүй бол болохгүй. Тэр даашинзыг өмнө нь ямар хүн, хэдэн удаа өмссөн нь хамаагүй. Хир толбо, хулмас гээд юу эсийг шингээсэн гэх вэ, тэр үнсгэлжингийн даашинзууд нь. Гоё сайхан л харагдаж байвал юу байх нь хамаагүй. Даашинзаа эртхэн сонгохгүй бол үсээ овойлгох уу, индүүдэх үү, буржийлгах уу гэдгээ шийднэ. Хумсаа ямар өнгөөр яаж будуулахаа бас шийднэ. Туфльны өнгө бас шийдэгдэнэ.

Ийм олон зүйлийг ганцхан биед таарч тохируулахын тулд бүтэн сар шанална. Сүүлийн үед эмэгтэйчүүдээ дуурайгаад эрчүүд бас гонжоомны эрэлд хатдаг болж. Биеэ барьсан, богинохон өмдтэй, жилеттэй гонжоом шинийг авах гэхээр бэл нь хүрэхгүй, авчихлаа гэхэд ирэх жил өмсөлтгүй.

Өнгө таарсан эрвээхэй зангиа, замок, шөвгөр гялгар ботинк, тод өнгийн оймсноос эхлээд үсчин, маникюраар ч ороод гарах хэрэг болно. Хувцсандаа л анхаарахаас хүүхэддээ ямар бэлэг өгөх, гэр бүлээрээ хэрхэн баярлахаа тооцож тооцоолох нь аравдугаар асуудал. 

Байгууллагуудын шинэ жил гэдэг балайрсан их зарлагатай, хавтгайрсан их архидалтаа багасгаж, хязгаарлахад болохгүй юмгүй. Шинэ жил тэмдэглэх зардлаараа шилдэг ажилтнаа шагначих. 20 хүнтэй байгууллага нэг хүний зардалд 100-200 мянган төгрөгийг дундчаар зарцуулж шинэ жил тэмдэглэнэ гэж тооцвол 2-4 сая төгрөг, дээр нь шилдэг ажилтны шагнал, бас бус зардал нэмэгдэхээр энэ хэмжээний мөнгөөр шилдэг ажилтнаа шагначихвал амьдралд нь бага ч атугай дэм болно.

50, 100, 200, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгжүүд бол шилдэг ажилтандаа шинэ жилд зарцуулах мөнгөөрөө машин, байр гээд юу эсээр урамшуулж болох билээ. Бусад нь ч даашинз прокаталж, үсчин маникюрт орох гэж мөнгө зарлагадахгүй.  Шинэ жил, цагаан сар, мартын 8, эрчүүдийн баярууд шил дараалан үргэлжилсээр зуны эхэн сард ч нуруугаа тэнийлгэж амждаггүй бидэнд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх л дутаад байна даа. Шинэ жилийг гэр бүлийн баяр болгон, өвлийн өвгөний бэлэгтэй л тэмдэглээд заншчихвал...