ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Туулайчилж” зорчихгүй ээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-05

"Гар утас ухаалаг болох тусам  хэрэглэгчдийн ухаан мууддаг” гэж хэн билээ нэг нь  хошигносон  санагдав. Түүн шиг нийтийн тээврийн үйлчилгээ боловсронгуй болсоор байхад улам л  бэлэнчлэх,  залхуурах  шинжтэй болжээ.  Автобусны  кондуктор эгч нарт  хойшоо, урагшаа яв гэж нудруулахгүй, загнуулахгүй,  чих амар зорчих амар технологи нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.  Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд  шинэ технологи,  төхөөрөмж нэвтэрсэн нь чухал ажил болсон юм.  Иргэд автобусны хоёр хаалгаар нэгэн зэрэг чихцэлдэхгүйгээр урд  хаалгаар нь төлбөрийн картаа уншуулж суугаад, хойд  хаалгаар буудаг соёлыг ч энэ үйлчилгээ бидэнд бий болголоо.  

Дайрч давшлахгүй,  ээлж дараагаа хүлээнэ гэдэг сая гаруй хүн амтай нийслэл хотын нэг дэвшил шүү. Гэхдээ ганц нэг асуудал байна аа. Тэр нь, картаа уншуулахгүй 500 төгрөгөө жолоочид өгч зорчих явдал. Бүр цаашилбал, мөнгөө ч төлөлгүй “туулайчилж” зорчдог  нэгэн  ч байна. Өчигдөр өглөө гэрэд л “Шар хад”-ны чиглэлийн автобусанд зорчиж явахад,  хүмүүс  нэг нэгээрээ урд хаалгаар орж байлаа. Гэтэл  30 гаруй насны цагаан куртиктай эмэгтэй хар эрчээрээ дайрчих шахам орж ирлээ. Жолооч араас нь “цагаан куртиктай  хүүхэн картаа уншуулаарай”  гэнэ билээ. Жолоочоор шаардуулан байж картаа уншуулахад үлдэгдэлгүй байгааг сануулж  төхөөрөмж дуугарав.

Яагаад  хар эрчээрээ орж ирснийг сая л ойлгоод,  олон хүн зорчих автобусанд  нас хүйс,  хувцас хэрэглэлээрээ дуудуулах хэрэг байна уу даа ч гэж бодлоо. Уг нь картны үлдэгдэл дууссан бол тэр дор нь цэнэглүүлэх борлуулалтын цэг  автобусны буудал бүрт бий.  Бас мөнгөн дүнгийн үлдэгдэл  төхөөрөмжийн дэлгэцэнд харагддаг учир өөрийнхөө төлөө,  нийтийн  төлөө ганцхан минутыг  зарцуулж, цэнэглүүлэх боломжтой юм шүү, залуус аа. Хотын соёл нийтээс, нийгмээс бус зөвхөн таниас эхэлдэг юм  гэдгийг ухамсартай үйлдлүүд харуулдаг билээ.