Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа 2013 оны нэгдүгээр сарын 31-нд 27 дугаар Захирамж гарган “Залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоох” ажлын хэсгийг байгуулж байв.
Уг ажлын хэсэг “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын төсвийн хөрөнгө болон гадны зээл тусламжаар барьж байгуулагдсан боловч хууль бус өмч хувьчлалын улмаас анхны зориулалт нь өөрчлөгдөж, хувийн хэвшлийнхний өмч болж хувирсан “Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр”, “Дружба” хүүхдийн зуслан, “Хүүхэд залуучуудын театр” зэрэг 151 томоохон объектуудыг хүүхдийн байгууллагын мэдэлд эргүүлж авах санал боловсруулж шийдвэрлүүлэх” үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан хэдий ч бодит үр дүнд хүрсэн ямар ч ажлыг хийгээгүй юм.
Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр баригдсан барилга байгууламжуудыг Хүүхэд залуучуудын байгууллагад эргүүлэн авах ажил явж байгаа. “Залуу техникчдийн ордон”-г эргүүлэн авч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг инженер техникийн чиглэлээр сургах, мэргэшүүлэх ажлыг хийлгэнэ. Залуу инженерүүдээ бэлтгэж, дэмжиж байж улс орон хөгждөг” хэмээн 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр МҮОНТ-д ярилцлага өгч байснаас үзвэл тухайн ажил Н.Алтанхуягийг албан тушаалаасаа буух хүртэл нэлээн эрчимтэй явж байсан бололтой.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон Нийслэлийн есөн дүүргийн хүүхэд,гэр бүлийн хөгжлийн төвийн хамтарсан ажлын хэсэг “Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц төвшинд хүргэх” ажлыг 2013-2015 оныг хүртэлх хугацаанд гүйцэтгэжээ.
Тус ажлын хэсэг хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа хэрэгжилтийг 2015 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр эцэслэн гаргаж, 90 хувийн биелэлттэй хэмээн дүгнэж холбогдох дээд байгууллагадаа хүргүүлсэн байдаг.
Хэрвээ Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар ажлаа чин үнэнчээр, чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэн бол хүүхэд, залуучуудын хөгжлийг хангахаар баригдсан 151 объектын 136 нь анхны зориулалтынхаа дагуу өнөөдөр ажиллаж байх байлаа.
Ерөнхий сайдын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүүхэд, залуучуудын байгууллагыг булаан авсан мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчирхэг компаниуд, банкнуудын сүр хүчинд дарагдсан уу яасан юм юм бүү мэд “... 20 зусланд 17831 хүүхэд амарсан, есөн дүүрэгт 18 үйл ажиллагаа зохион байгуулагдаж 1406 хүүхэд, залуучуудыг хамруулав, “Хотын хөгжилд, хүүхэд бидний оролцоо” Нийслэлийн хүүхдийн чуулганыг 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв”-д зохион байгуулж 45 хүүхэд оролцлоо, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, төвүүдийн үйл ажиллагааны талаарх танилцуулга хуудас, брошур, нэрийн хуудас, хулдаасан хэвлэл, стенд зэрэг 12 төрлийг бэлтгэж 4026 ширхэгийг тарааж, байршуулсан” гэх мэт хаа хамаагүй, болсон болоогүй ажлуудыг хамж шимж бичээд дээрх ажлыг 90 хувийн биелэлттэй гүйцэтгэлээ гэх хуурамч тайланг гаргасан байв.
Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг Хүүхэд, залуучуудын барилга байгууламжийг эргүүлэн авахаар нэлээн бодитой ажилласан байдаг юм. Тухайлбал, төрийн өмчид байгаа “Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр” буюу одоогийн “Хөрөнгийн бирж”, Залуучуудын соёлын төв “А” корпус буюу Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын байр гэх мэт 72 объектыг хүүхдийн хөгжлийг хангах чиглэлээр дахин ажиллуулах шийдвэрийг Засгийн газраар гаргуулах саналаа хүргүүлж байжээ.
Мөн барилга, байгууламж объектуудыг хууль бусаар хувьчилж авсан буюу менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа “Залуу техникчдийн ордон” буюу одоогийн “Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль”, Хүүхдийн 100-д байрлалтай “Хүүхэд залуучуудын театр” буюу одоогийн “Хаан банкны төв салбар” байрлаж буй байр, Шарга морьтын аманд байрлаж буй “Дружба” зуслан буюу одоогийн “Ази Номхон далайн уламжлалт анагаах ухааны төв” зэрэг 75 объектыг эзэмшигчдээс хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах зориулалттай шинэ барилга байгууламжийг барих хөрөнгийг гаргуулах саналыг боловсруулж байжээ.
Гэвч энэ санал санаачлага, ажлын хэсгийнхний дүгнэлт саналууд хариуцсан сайдтайгаа (ХАХНХ-ын сайд асан С.Эрдэнэ) хамт замхран алга болсон юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах барилга байгууламжийг төрийн өмчид эргүүлэн авах ажил хэрхэн явагдаж байгааг тодруулахад мэдэх хүн байхгүй байна.
Монгол төрийн залгамж халаа, үргэлжлэл гэдэг зүйл үнэндээ алга. Өмнөхөө үгүйсгэж, өөрсдийнхөө эхлүүлснээ дуусгадаггүй төрийн урагшгүй үйл ажиллагааны дунд хүүхэд, залуучуудын гэх тодотголтой бүх зүйл устан үгүй болж байгаа нь харамсалтай.
Тухайлбал, “Мон Аналитик” ХХК 2013 онд шүүхэд гаргасан тайлбартаа “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны тогтоолд зөвшөөрснөөр Шарга морьтын амны төгсгөлд “Дружба” хүүхдийн зусланг ОХУ-ын хөрөнгөөр байгуулсан юм. Уг хүүхдийн зуслангийн цогцолборыг манай компани 2004 онд худалдан авсан бөгөөд ээлжиндээ 600 хүүхэд амраах байнгын ажиллагаатай орчин үеийн “Дружба” хүүхдийн зуслан болгох төслийн хөрөнгө оруулалтыг 2013-2015 онд эхлүүлэхээр ажиллаж байна” гэсэн байдаг. Хэрвээ тус компани менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол Монголын хүүхэд, багачууд дөрвөн талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн гайхалтай байрлалтай зусланд олон улсын хүүхдүүдтэй найзалж, амарч байх байлаа.
Сүхбаатарын талбайн баруун талд 1948 оны долдугаар сарын 08-ны өдөр кино театрын зориулалтаар баригдсан анхны барилга болох “Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр” ашиглалтад орж байжээ. Улаанбаатар хотод төрж өссөн үе үеийн хүүхэд, залуучуудын нандин дурсамжийг хадгалсан, 9700 мкв талбайтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан уг гурван давхар барилгыг Засгийн газрын 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” болгон зориулалтыг өөрчилж байжээ. Зай талбайн хувьд хөрөнгийн биржид жижигдэж буй уг барилгыг анхны зориулалтынх нь дагуу ашиглах шийдвэрийг Засгийн газраас аваас Улаанбаатар хотын хүүхэд багачууд хүүхдийн кино театртай болох боломж бүрдэх юм. Харин Монголынхоо хүүхдүүдийг кино театртай болгох хүсэл эрх баригчдад байдаггүй бололтой.