УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаанд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ. Хөөн хэлэлцэх заалтыг Эрүүгийн хуульд байхгүй болгосноор 400 орчим албан тушаалтан ял завшсан гэдэг мэдээллийг ХЗДХ-ийн яамнаас мэдээлж байсан. Энэ үнэн үү?
-Хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөрчлөлт гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тоолох юм. Мөрдөн шалгах хугацааг ерөнхий гэмт хэргийн хугацааг хоёр дахин хөнгөжүүлсэн байдлаар тодорхойлж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад байгаа болон дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шинээр тоолно.
-Журмаар хуучин хэргүүдийг сөхнө гэсэн үг үү. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулан батлуулахаар байнгын хороо хуулийн төсөл бэлдээд явж байна. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь өөрчлөгдсөн. Тиймээс хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтад байгаа болон энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин тоолно гэж ойлгож болно.
-Тэгэхээр 400 орчим албан тушаалтны хэргийг дахин шалгана гэсэн үг үү?
-Энэ мэдээлэл надад байхгүй. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлтөөр хууль хэрэгжих хоёр жил гаруйн явцад гарсан амьдралд нийцэхгүй байгаа зарим заалтыг боловсронгуй болгох юм. Тухайлбал, процессыг шуурхай явуулах. Прокурорын байгууллага руу шилжсэн эрхэмүүдийг мөрдөх байгууллага эрх бүхий албан тушаалтнуудыг шилжүүлнэ.
-Зарим хууль хяналтын байгууллага Эрүүгийн хэргийг Зөрчлийн хуулиар шийдээд байгаа. Энэ асуудлыг хуулиар нэг мөр шийдэх үү?
-Хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор тухайн хуулиудад хориглосон заалтуудыг Зөрчлийн хуульд буулгах ажлуудыг хийж байна. Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой заалтууд орсон гэж ойлгож болно. Тухайлбал, тэтгэмж төлөхөөс зайлс хийсэн этгээдийг баривчлах заалтууд туссан. Он гараад дахин нэмэлт өөрчлөлт хийх юм.
-Гүтгэх заалтыг дахин Эрүүгийн хуульд оруулж байгаа. Ингэснээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байгаа юм биш үү. Зөвхөн албан тушаалтнуудад зориулж, дахин сэргээж байгаа гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хуульд гүтгэх, доромжлох гэдэг нэр томъёогоор орж ирээгүй шүү дээ. Олон нийтэд худал мэдээлэл тараах гэдэг агуулгаар орж ирж байгаа гэж ойлгож болно. Олон нийтэд худал мэдээлэл тарааж, бусдын нэр хүндэд халдсан бол 450 нэгжээс 1300 нэгж хүртэл торгуулийн шийтгэлтэй болохоор оруулж ирсэн. Зөвхөн нийтэд тараах тухай асуудал ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.