ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд 912 мянган хүү­хэд мөнгө авна

O.Admin
2018-06-21

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан.  Тэгвэл дөрөвдүгээр сараас эхлэн 80 хувьд нь олгохоор болсон билээ. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа. 

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор болсон.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газраас 2017 онд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгсөн. Монгол Улс 1.1 сая  хүүхэдтэй.  Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулж  266 тэрбум төгрөг зарцуулсан. Харин  2018 онд хүүхдийн мөнгийг батлахдаа нийт хүүхдийн 60 гаруй хувьд нь өгөхөөр болж,  164 тэрбум төгрөгийг  төсөвт суулгасан.  Ингээд эхний зургаан сарын байдлаар нийт  хүүхдийн 64 хувьд буюу 684 мянган хүүхдэд сар бүр  мөнгө олгосон.   УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө олгох хамрах хүрээг нэмэгдүүлж,  нийт хүүхдийн 80 хувьд өгөхөөр нэмэлт санхүүжилт шийдсэн. Үүнд зориулж 42 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгасан.   

-Хэзээнээс хүүхдийн мөнгийг олгож эхлэх вэ?  

-Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн дансанд нь орж байна. Бид нийт хүүхдүүдийнхээ жагсаалтыг гарган, улсын бүртгэлтэй тулгадаг. Түүний­хээ дараа  Монгол банк руу бүх хүүхдийн регист­рийн болон дансны ду­гаарыг явуулснаар мөнгө ол­го­дог.  Өнөөдрөөс эхлээд  улсын хэмжээнд 912 мянган хүү­хэд хүүхдийн мөнгө авна.  Нэмэг­дэж буй хүүхдүүдэд 4, 5, 6 дугаар сарын мөнгийг нь нөхөж өгнө.

-Өрхийн амжиргааны төвшин хэдэн оноотой байж нэмэлт 20 хувьд нь  хамрагдах вэ? 

-Өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааны 670  гэсэн босго оноогоор татаж байгаа. Энэ судалгаа нь 0-1000 хүртэлх оноогоор үнэлэгддэг. Тиймээс 670 буюу түүнээс доош үнэлгээтэй бол хүүхдийн мөнгө авна гэсэн үг. 

-Дээрх судалгаанд ямар шалгуур үзүүлэлтүүд багтдаг вэ?

-Тухайн өрхийн мэдээлэл өгөх эрх бүхий хүмүүсээс мэдээлэл авч,  судалгаа хийн гарын үсэг зуруулдаг. Ин­гэс­нээр бусад эх сур­вал­жууд­тай тулгалт хий­дэг. Машинтай, байр­тай­гаар нь ч юм уу,  эсвэл хөргөгч хөлдөөгчтэйгээр нь өндөр үнэлээд байна гэж буруу ойлгодог. Гэтэл бид 58 асуулга бүхий асуултаар су­дал­гаа авдаг. Үүнд тухайн өр­хийн гишүүдийн тоо, бүтэц /хүүхдийн тоо, хөдөлмөрийн нас­ны хүн, өндөр настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэн/ гээд бүгд үнэлгээ болдог. 

-Нэмэгдэж буй хүүхдүүд ямар нэгэн материал бүр­дүүлэх шаардлагатай юу?

-Шинээр төрсөн юм уу мөнгөө авч чадаагүй хүүхдүүд банкинд хүсэлт гаргадаг. Данс бүртгүүлээд,  өрхийн амжиргааны төвшний судалгаанд хамрагдсан бол хүүхдийн мөнгийг олгоно. 

-Нэмэлт 20 хувьд багтсан эсэхийг цахимаар шалгах боломжтой юу?

-hudulmur-halamj.gov.mn сайтаас болон өөрийн харьяа аймаг, дүүрэг, сум хороо­дынхоо халамж дээр очин тодруулж болно. 

О.ЦЭЦЭГСҮРЭН