ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үзэгчийн соёл бол ёс суртахууны илэрхийлэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-21

Өнгөрөгч амралтын өдөр “Тэнгис” кино театрт кино үзэв. Кино эхэлмэгц танхим бүхэлдээ харанхуй болж, урд талын том дэлгэцэнд  үзэхээр сонгосон кино маань гарч эхэлсэн. Гэвч, хажуугийн залуу найз бүсгүйтэйгээ зогсолтгүй ярьж, урд суусан эмэгтэй ухаалаг утсаа оролдсоор киног дуусгав. Харин танхимаас гарахад тэнд байсан залуусын ихэнх нь театрт идэж, уусан попкорн, ундааны саваа авч, гарах хаалганы хажууд байрлах хогийн саванд хаяж байлаа. Үзэгчийн наад захын соёл үеийн залууст  аль хэдийнэ хэвшил болжээ. 

Тэдний суусан суудал цэвэрхэн байх бөгөөд  кино театрын үйлчилгээний ажилчдын  ажлыг нэлээд хөнгөвчилж байгаа харагдсан. Гэхдээ хогоо танхимд хөглөрүүлэн үлдээх нэг хэсэг ч байлаа. 

Бид улс орны хөгжлийн тухай ярихдаа өөрсдийн сэтгэхүй, ёс суртахууны хөгжлийн талаар ч бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь, 2014 онд Японы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид тоглолт үзэж дуусмагцаа өөр өөрсдийн ойр орчмыг цэмцийтэл нь цэвэрлээд гарч буй зураг одоо ч интернэт орчинд хөвөрч байна. Мөн Сенегалын шигшээ багийн фанатууд ч багаа дэмжсэн шиг дэмжиж, орчноо цэвэрлэсэн шиг цэвэрлэж байх юм. Энэ бол зөвхөн үзэгчийн соёл бус, тухайн улс үндэстний хөгжил, басхүү иргэдийнх нь ёс суртахууны илэрхийлэл юм.  

Бид ч гэсэн тэдэнтэй адил байж яагаад болохгүй гэж.  Бусдад түвэг удахгүй, өөрт түвэг учруулахгүйгээр өөрөө өөртөө эзэн болж, ядаж л хог тарихгүй байх нь бидний улс орныхоо хөгжилд оруулж буй жаахан ч гэсэн хувь нэмэр гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр, кино урлагийг сэтгэл зүрхээрээ мэдрэн таашааж, бүхий л анхаарлаа төвлөрүүлэн үзэж буй нэг хэсэгт чинь таны  цаас шарчигнуулах, утас дуугарах, гар утсаараа чанга ярих зэрэг үйлдэл  дэргэд мэт сонстож, үзвэртээ сэтгэл дундуурхан үлдэх тохиолдол байдаг юм шүү.