УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлантаас нийслэл болон хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөний талаар тодрууллаа.
-Улсын бүртгэлийн багц хууль мөрдөгдөж эхэлснээс хойш иргэдийн шилжилт хөдөлгөөнд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Багц хуулийн хүрээнд Иргэнийн улсын бүртгэлийн хуульд Иргэний шилжилт хөдөлгөөнийг засаг захиргааны нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг зөвхөн нэг талдаа бүртгэхээр зохицуулсан байдаг. Нэг талдаа бүртгэнэ гэдэг нь, нэгдүгээрт иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн зохицуулалт болсон. Хоёрдугаарт, иргэн заавал нэг талаас хасуулж байж нөгөө талдаа ирж бүртгүүлдэг байсныг зохицуулсан нь энэ хуулийн онцлог. Ингэснээр иргэн хоёр талд мөнгө төлөхгүй, хуучин хаягнаасаа заавал хасуулах шаардлагагүй гэсэн үг. Орон нутаг руу шилжих хөдөлгөөн одоогоор нэмэгдээгүй. Магадгүй 2020 онд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь, хүн ам, орон сууцны тооллого өнөөдрөөс эхэллээ. УИХ, орон нутгийн сонгуулийн жил шүү дээ. Хэн, хаана тоологдож, хаана оршин суух нь нэгдсэн байдлаар гарч нийгэм, эдийн засгийн бодлогыг боловсруулах томоохон судалгаанууд гарах байх. Тэгэхээр улс орныг хамарсан онцлог ажлууд зохион байгуулагдаж байгаа учраас шилжилт хөдөлгөөн нийслэлд ч тэр, орон нутагт ч нэмэгдэх магадлалтай. Ерөнхийдөө 2018, 2019 оныг харьцуулж харахад хоёр хувиар хэлбэлзсэн буюу нэмэгдсэн байдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар аймгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөн жилд дунджаар 27 мянга орчим гэж мэдээлсэн.
-Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг хаана гэсэн ойлголт байхгүй, түр зогсоох юм. УИХ-ын Сонгуулийн тухай хууль 2019 оны арванххоёрдугаар арын 20-ны өдөр батлагдсан. Уг хуульд улсын бүртгэлийн байгууллага Сонгуулийн тухай хуулиар хүлээдэг нэг үүрэг бий. Энэ үүргийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн нэгдүгээрт, Иргэдийн засаг захиргааны нэгжээс нөгөөд шилжих шилжилт хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилд хоёрдугаар сарын нэгний өдрөөс түр зогсооно гэсэн заалт орсон. Тэрнээс улбаалан ийм яриа гарсан байх. Сонгуулийн дараа буцааж сэргээнэ. Тиймээс хоёрдугаар сарын 01-нээс өмнө иргэд өөрсдийн бичиг баримт дахь хаягаа эргэж шалгах ёстой.
-Шилжилт хөдөлгөөн хийлгэж байгаа иргэд юуг анхаарах ёстой вэ. Хамгийн түрүүнд бичиг баримт нь зөрчилтэйгөөс өөрсөддөө чирэгдэл учруулдаг нь нийтлэг алдаа байх?
-Иргэдийн хамгийн их гаргадаг нийтлэг алдаа нь нэг газар оршин сууж байгаад нөгөө газар очиж амьдрахдаа хуулийн хугацаандаа бүртгүүлдэггүй. Нөгөө талаас бичиг баримтаа солиулдаггүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч орон сууц худалдаж авсан атлаа иргэний бүртгэлээ өөрчлөхгүй орхидог асуудал бий. Бусдын өмчилж буй хаяг дээр байгаад байдаг. Гэтэл өмчилсөн эзнийх нь эрхийг зөрчиж байгаа учраас хэн хэндээ чирэгдэл учруулдаг. Улмаар иргэнийг хаяггүй болгож, түдгэлзүүлвэл сонгох, сонгогдох эрх, нийгмийн халамж хүртэх боломжгүй болох учраас бичиг баримт, бүртгэлээ цэгцлэх шаардлагатай юм. Хүмүүс иргэний үнэмлэх дээрх хаягаа харах, оршин сууж буй газартаа бүртгэлээ тулгах хэрэгтэй. Хүн ам, орон сууцны тооллогын хүрээнд ч өөрийнхөө хаягийг нягтлахад илүүдэхгүй шүү.
-Шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалаад нийгмийн халамжийг хүртэж чаддаггүй хүмүүс байдаг?
-Нийгмийн халамжийг хэрхэн хүртээхийг бүртгэлийн байгууллага сайн мэдэхгүй. Гэхдээ Бүртгэлийн тухай хуульд шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэн өөрийн биеэр хийлгэх ёстой. Нэг бол түр оршин суугчаар бүртгүүлэх эсвэл байнга оршин суугчаар бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан. Байнга оршин суугчаар бүртгүүлсэн тохиолдолд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдээлэл нь ордог. Үндсэн хаягт бүртгэгдсэн тохиолдолд манайх суурь бүртгэл учраас төрийн болон төрийн бус байгууллагад мэдээллээ түгээнэ. Өөрөөр хэлбэл манай мэдээллийг бусад халамжийн байгууллага ашиглах бүрэн боломжтой. Тиймээс хаана оршин суухаа тухайн иргэн сонгоод иргэний бүртгэлээ баталгаажуулснаар нийгмийн халамжаа хэрхэн авах нь тодорхой болох байх.
-Хоёр жилийн хугацаанд аймаг орон нутгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан. Эргээд 2020 оноос нээгдэх ёстой шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай байгууллагаас эрхзүйн талаарх мэдээллийг “Эрхзүйн хөтөч” нэвтрүүлгээр дамжуулж үргэлж хүргэдэг. Нэвтрүүлгээр ч энэ тухай асуудал яригддаг. Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдийн шилжилт хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 онд гарсан. Уг захирамжид хүн амын суурьшлын бүсэд утаа ихтэй, мөн ямар иргэд нийслэлд оршин сууж болох, үүнд ямар төрийн байгууллага хамтарч ажиллах вэ гэдэг агуулгыг тусгасан. Захирамжийн дагуу улсын бүртгэлийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажилласан юм. Манай байгууллагын хувьд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэ хууль үйлчилж эхэлсэн учраас хязгаарлалт байхгүй. Жишээлбэл, Хөвсгөл аймгаас шилжин ирлээ гэж бодоход тухайн газраасаа хасуулах шаардлагагүй. Зөвхөн Улаанбаатар хотод оршин сууж байгаа газрынхаа бүртгэлийн нэгжид очоод оршин сууж буй хаягийнхаа нотлох баримтыг авч очих ёстой юм.
-Юуг үндэслэж нотлох баримт болгох вэ?
-Монгол Улсын иргэн өөр нутаг дэвсгэрт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх мэдээлэл, журманд тодорхой заагаад өгчихсөн. Засгийн газрын 332 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд журамнд ийм нотлох баримтууд хамаарна хэмээн заасан. Тэдгээрээс аль тохирох, өөртөө байгаагаа аваад очиход бүртгэнэ.
-Түр оршин сууж буй иргэд ямар хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух ёстойгоо төдийлөн мэддэггүй шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Түр оршин суугч 180 хоногоос дотогш хугацаанд тухайн Засаг захиргааны нэгжид оршин суухыг хэлж байгаа юм. Түр оршин суугчаар бүртгүүлэхдээ тухайн засаг захиргааны нэгжийн Засаг даргад бүртгүүлээд, манайд мэдээлэл өгнө.