Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 200 дахь хагалгаагаа амжилттай хийж, өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа. Энэ үеэр бөөрний өвчлөлийн талаар Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа.
-Юун түрүүнд та бүхний үйл хэргийг Хүндэт дэвтэрт тэмдэглэн үлдээж буйд баяр хүргэе. 200 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Хагалгаа хэр хүнд байв?
-Баярлалаа. 200 дахь хагалгааг бид оны өмнөхөн хийлээ. Хагалгаа маш амжилттай болсон. Өвчтөний биеийн байдал сайжирч, бөөр нь хэвийн ажиллагаанд орж байгаа. Хүний бие Улаанбаатар хот байлаа гэхэд бөөр бол цэвэрлэх байгууламж гэсэн үг. Хүний биед байгаа хорыг цэвэрлэх үүрэгтэй энэ эрхтэн доголдоод эхлэхээр бодисын солилцооноос гарч байгаа хорт бодистоо хүний бие хордоод эхэлдэг. Тиймээс бөөрийг эмчлэх программт болон хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах мэс засал гэсэн гурван арга байдаг юм. Программт диализд байгаа хүмүүс эрүүл хүн шиг хороо бүрэн ялгаж чадахгүй. Тодорхой түвшинд хорыг үлдээгээд байдаг гэсэн үг. Харин бөөр шилжүүлэн суулгаснаар бөөр бүрэн хоргүй болохоос гадна гадагшаа дотогшоо явах боломжтой. Аппаратанд байдаг хүн бол аппарат хаана байна тэнд л байна шүү дээ. Монголд анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байдаг. 2006 онд Нэгдүгээр төв эмнэлэгт Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг хоёр дахь удаагаа байгуулж, мэс заслын тоноглол аппаратаар хангаж өгсөн юм. Ингээд бид гадны зөвлөхүүдийн тусламжтайгаар 2006 оны наймдугаар сард эхний хагалгаагаа хийсэн байдаг. Оны өмнөхөн бид 201 дэх хагалгаагаа хийлээ. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг Үлсын Нэгдүгээр төв эмнэлгийн хүндэт дэвтэрт мөнхөлж байгаад маш их баяртай байна.
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор гэдэг маш чухал асуудал. Донорын асуудлыг хэрхэн шийддэг вэ. Донорын тухай хуультай болсноор ямар ахиц, дэвшил гарав?
-Хоёр жилийн өмнө баталсан Донорын тухай хуулийг шинэчилсэн. Шинэчилсэн хуулийн дагуу Эрүүл мэндийн яаманд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг хариуцсан мэргэжилтэнтэй болсон. Мөн инсид эрхтэн шилжүүлэн суулгах албыг Эрүүл мэндийн хөгжлийн газар байгуулсан. Хууль зүйн талаас төрөөс дэмжээд өгсөн учраас амьгүй донороос 11 хүнд бөөр шилжүүлэн суулгалаа. Цаашид энэ тоо улам нэмэгдэнэ гэж найдаж байна. 11 гэдэг бол өмнөх хийж байснаасаа давуулан хийсэн үзүүлэлт. Жилд төлөвлөсөн 24 мэс заслаасаа таван мэс залыг илүү хийлээ. Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах нь хамгийн зохимжтой хэлбэр нь. Төрөл төрөгсдөөс нь донор олдохгүй байгаа учраас л хүмүүс амьгүй донор хүлээх шаардлага гардаг. Хэрэв амьгүй донороос олдохгүй бол өвчтөний төрөл төрөгсөд нь эрхтэнээ өгөх асуудал яригддаг. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх 1954 онд хийсэн байдаг. 70 орчим жилийн түүхтэй шинжлэх ухаан гэсэн үг. Монгол Улсын хувьд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийгээд 24 жил болж байна. Сайн санаат хүмүүсийн хүчин зүтгэлээр амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хөгжвөл бидний өмнө тулгараад байгаа асуудал нэлээд хөнгөрөх юм. Улсаас даадаг гемодиализийн аппаратанд ордог төсөв мөнгө ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгаж байгаа өртгөөр дэлхийн хаана ч хагалгаа хийхгүй байгаа. Монгол Улс бол хамгийн хямд өртгөөр энэ мэс заслыг хийж байгаа орон. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын 16 сая төгрөгийг улсаас гаргадаг. Үлдсэн бага хэмжээний мөнгийг өвчтөний зүгээс гаргаж байгаа юм. Солонгост бөөр шилжүүлэн суулгавал 70-100 мянган ам.долларын өртөгтэй байдаг бол Монгол энэ өртгөөс 20-30 дахин бага.
-Хамгийн сүүлд мэс засалд орсон өвчтөний биеийн байдал хэр байна. Бөөр шилжүүлэн суулгаснаас хойш хэдий хугацаанд хэвийн байдалд ордог вэ?
-Өвчтөний биеийн байдал сайжирч байгаа. Шилжүүлэн суулгасан бөөр нь ажиллаж эхэлсэн. Хэвийн болоход нэлээд хэд хоногийн эмчилгээ шаардлагатай. Хордлогоосоо ерөнхийдөө гарч байна. Ер нь бөөр шилжүүлэн суулгасны дараа сар гаруйн эмчилгээ шаардлагатай байдаг.
-Бөөр шилжүүлэн суулгахаар хүлээж буй хэчнээн өвчтөн байна вэ. Жилд 24 мэс засал хийхээр өвчтөнд хангалттай хүрэлцээтэй байна гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар 298 өвчтөн бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байна. Энэ нь бидний өмнө тулгамдсан асуудал хэвээрээ л байна гэсэн үг.
-Ер нь манайд бөөрний өвчлөл хэр их байна. Шалтгаан нь юутай холбоотой байдаг юм бол?
-Манай Улсад хамгийн их байдаг өвчлөлийн нэг бол бөөрний өвчин. Энэ нь хэт хүйтэн, халуун эрс тэс уур амьсгалтай холбоотой. Хоёрдугаарт, Монгол Улс дэлхийн хуурай бүсэд байдаг учраас биеийхээ их хэмжээний шингэнийг алдаж байдаг юм. Дээрээс нь монголчуудын махны хэрэглээ маш их. Эдгээр хүчин зүйлүүд бөөрний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ядаж жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх ёстой. Машинаа үзлэгт хамруулахаас өмнө өөрийгөө хамруулдаг байх ёстой юм.
-Мэс заслын тоног төхөөрөмжийн хувьд хэр хангалттай байна вэ?
-2006 оноос хойш шат дараатай шийдсээр байгаад, 2015 он гэхэд дийлэнхдээ шийдэгдсэн. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр, мэс засалд хэрэглэх багаж, арга хэрэгсэл шинэчлэгдэж байна. Энэ утгаараа мэс заслын тоног төхөөрөмжид шинэчлэл хийх шаардлага байсаар байна.
-Шилжүүлэн суулгасан бөөр хэдий хугацааны дараа ажиллаж эхэлдэг юм бэ?
-Амьд донороос шилжүүлсэн үү эсвэл амьгүй донороос авсан уу гэдгээсээ шалтгаална. Амьд донороос шилжүүлэн суулгаж байгаа бол суулгасан даруй л ажиллаад эхэлдэг. Харин амьгүй донорынх бол тухайн бөөр шокын байдалтай байдаг. Тэгэхээр бөөр эхлээд шокын байдлаас гарах ёстой. Үүний дараа цэвэрлэх үйл ажиллагаа нь хэвийн явж эхэлнэ. Амьгүй донороос авсан бөөр эмчилгээний хувьд арай удаан хугацаа шаарддаг гэсэн үг. Доноруудыг бид байнгын хяналтад байлгадаг. Жил бүрийн аравдугаар сарын сүүлээр үзлэгт бүрэн хамруулдаг.
-Хагалгаа хийлгэсэн 200 гаруй хүн байгаа юм байна. Эдгээр хүмүүс дахин бөөрний асуудлаар эмнэлэгт хандсан уу?
-Хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд бүгд эрүүл саруул, ажиллаж амьдраад явж байгаа. Гурван ч хүн хүүхэд төрүүлээд байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэчихээр цоо эрүүл болчихдог гэвэл өрөөсгөл ойлголт болно. Мэс засалд орсон хүн дархлаа дарангуйлах эм хэрэглэх ёстой. Мөн хоолны дэглэм барих шаардлагатай. Эдгээр дэглэмүүд алдагдсантай холбоотойгоор шилжүүлэн суулгасан бөөр ховхрох, ажиллахгүй болох тохиолдол бий.
-Гадны зарим орнуудад гэнэтийн байдлаар нас барсан бол эд эрхтэн нь улсынх байна гэсэн хуультай байдаг гэсэн. Манайд ийм зүйл байдаг уу?
-“Оффт ин” систем гэдэг бол амьд сэрүүн байхдаа эд эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгаж болно гэсэн зөвшөөрөл. “Оффт аут” гэдэг нь тухайн хүн нас барлаа гэхэд эд эрхтэнээ өгөхийг зөвшөөрөөгүй л бол авах эрх нь нээлттэй гэсэн үг. Манай Улсын хувьд “Оффт ин”-ийг сонгосон. Өвчтөний ар гэр энэ зөвшөөрлийг өгдөг.