ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чихэр нэхдэг дүү

O.Admin
2018-06-22

Хаалга онгойлгоод ороход л юу ч хийж байсан гүйж ирээд “Жижи авчирсан юм уу” гэж элдэвтэйгээр чихэр нэхдэг бяцхан дүүтэй би. “Чихэр авчраагүй шүү дээ” гэхээр “Авчирсан шүү дээ,  өгөөч ээ” гэж нэхэх дүү маань хувцсаа солиод гараад ирэхэд л  “Маша үзье,  кодоо хий, би аниадаа хайртай” гээд утсыг минь бариад зогсохыг нь харах цаанаа л эгдүүтэй.  Угаасаа  бяцхан дүүтэй хүнд өөрийн гэсэн өмч байдаггүй хойно. Хичээлээ хийж байхад А Б бичнэ гэж дэвтэр булаацалдана. Үстэй,  үсгүй хүүхэлдэйнүүдээ тэвэрчихсэн яг л ээж нь юм шиг бөөцийлөхдөө “Чимээгүй бай,  хүүхэд унтаж байна”  гэж намайг загнана. Арван цаг өнгөрч байхад нүд нь аниатай шахам сүү ууя гээд гал тогооны хаалгаар орж ирэх бяцхан дүү минь өдөр өдрөөр өсч байна. Саяхан л хөлд орж байсан санагдана.

Харин  одоо утас аваад зугтаадаг болж, гэрт болсон буруу зүйл болгоны буруутан нь би болдог болждээ. “Хэн ингэсэн” гэвэл аниа гэнэ. “Би хэзээ тэгсэн юм,   худлаа яриад байгаарай” гэхээр  “Аниа нь биш ээ, мангас байхгүй юу” гэж мэтгэнэ. Дүүгээ харахаар л хайр урсаж, нэхсэн бүхнийг нь авч өгсөөр байтал түрийвчиндээ мөнгөгүй болох үе ч бий.   Гэсэн ч бяцхан дүүгийнхээ хүссэн амттаныг нь авч өгөөд,   тэврээд алхахад зүрх минь хайраар бялхаж аз жаргалтай болдог юм.   Лифт хүлээж зогсохдоо “Аавыг нь хэн гэдэг”  билээ гэж асуухаар  “Чи өөрөө хэлээч” гээд инээхэд шүд нь үл харагдана. Хөөрхөн дүү минь чихэр нэхэж идсээр байгаад үүдэн шүднүүд нь хорхойтчихсон юм. Эмэгтэй хүүхэд юмсан,  шүд нь ургадаг л байгаа даа. 

Б.САРАН-УЧРАЛ