ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цогтжаргал: Нэг иргэн өдөрт 8392 ширхэг, 73 сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн байсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Татварын ерөнхий газрын  Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргалаас НӨАТ-ын  урамшууллын талаар тодрууллаа

 -2019 оны урамшууллаар хэчнээн төгрөгийг буцаан олголтоор  иргэдэд шилжүүлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар 911707 иргэний  146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдэд олгох тооцоо гарсан. 911 мянган иргэнээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт хуульд заасан шалгуур үзүүлэлтийн хүрээнд эрсдэл тооцсон. Үүнтэй холбоотой 996 иргэний 2.1 тэрбум төгрөг одоогоор  хяналтын төлөвт байна. Тиймээс  буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнхийг буцааж олгох нөхцөл бүрдсэн. 

-Ямар үзүүлэлтийг  эрсдэлд тооцсон гэж үзэж байгаа вэ?

-Жишээлбэл,  үүрэн телефоны компаниудаас нэг иргэн  8392 буюу 340 орчим сая төгрөгийн баримтыг буцаан олголтын системд орлуусан  байсан.  Мөн  шатахуун импортлогч компаниас  нэг иргэн  өдөрт 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримтыг бүртгүүлсэн тохиолдол гарсан. Энэ мэтчилэн хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн оролдлого байгаа учраас бид  хуульд  заасан хэмжээний хүрээнд зайлшгүй шалгалтын  ажиллагаа хийж байна. Эрсдэлд тооцсон гэдэг нь шууд хассан гэсэн үг биш бөгөөд буцаан олголтын урамшууллыг хууль журамд нийцүүлэх зорилгоор ийнхүү ажиллаж байна.

-Зарим иргэний буцаан олголтын дүн хэмжээ багассан тухай гомдол гарч байгаа нь юутай холбоотой вэ?

 -Систем тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу автоматаар ажилладаг.  Яаж ч бодсон нэг иргэн нэг өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн бүтээгдэхүүн авна гэж байхгүй. Систем автоматаар шалгаад гаргаад ирсэн үзүүлэлтэд  бид давхар хянаад зарим хүний аккаунтыг "шалгаж байгаа" төлөвөөс "буцаан олгох" төлөв рүү шилжүүлсэн. Одоогоор 996 иргэний аккаунт л "шалгаж байна" гэсэн төлөвтэй байгаа. Хянагдаж байгаа төлөвт оруулахдаа мөнгөн дүнг бууруулдаг. Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол "буцаан олгох" төлөв рүү шилжүүлнэ. 911707  хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой.

-Иргэдийн буцаан олголтын мөнгө хэзээнээс орж эхлэх вэ. Сар шинээс өмнө иргэдийн дансанд  орно гэсэн мэдээлэл гарч байгаа?

-Татварын ерөнхий газраас энэ долоо хоногтоо багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгана.  Хяналтын ажлаа дуусгаад  Сангийн яаманд шилжүүлж 45  хоногийн дотор иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлэх хуулийн  хугацаа бий.   Хуульд зааснаар тухайн оны нэгдүгээр улиралд багтааж олгох ёстой ч өмнөх жилүүдэд Цагаан сарын өмнө олгож байсан жишиг бий. Буцаан олголт авч буй иргэд  НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн өөрчлөлтөөр татвар төлөгчид болсон. Татвар төлөгч болсон учраас төлсөн татварынхаа 20 хүртэлх хувь буюу 10 хувийнхаа хоёр хувийг авах эрх үүсч байгаа гэдгийг  ойлгох хэрэгтэй.