ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-31

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаан дэлхий дахинаа хурдацтай тархаж буй  корона­вирусээс урьдчилан сэргий­лэхэд авах арга хэмжээний талаар болон монголчуудын уламжлалт баяр сар шинийг хэрхэн тэмдэглэх асуудлаар хуралдлаа.  

Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Улсын онцгой комисст сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байх чиглэл өгсөн аж. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд тэмдэглэж,  төрийн болон нутгийн зон олны золголт гэх мэтчилэн олныг хамарсан  арга хэмжээг зохион байгуулахгүй байх талаар чиглэл өгчээ. Улмаар Онцгой комиссын хуралд яригдсан асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгсний дараа хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Ингээд өчигдөр орой 20 цагийн орчимд  хаалттай хуралдаан дуусч, сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргав.  Хуралдааны талаар албаныхан дараах байр суурийг илэрхийллээ.

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: 

-Засгийн газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталлаа.  Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж буй ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон. Мөн голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа  гэр лүү нь явуулах чиглэлийг судална. Цагаан сараар хөл хөдөлгөөн ихтэй байдаг учраас  өнөөдрийн нөхцөлд халдвар дамжуулах магадлал өндөр.  Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголт хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөе. Мөн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Коронавирусээс сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад 10 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

-Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7.711 болсон.  Одоогоор 18 оронд халдвар оношлогдож 128 хүн эдгэрсэн гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өглөө.  Манай улсын хувьд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 14 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа.  ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношт эргэлзэх шаардлагагүй. Мөн бид БНХАУ-аас 2.000-3.000 ширхэг оношлуур дахин авахаар ярилцаж байна. Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй. Уг үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон  талаар бидэнд мэдээлэл өглөө. Манай улсад ч  маскны хомсдол үүссэн. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маск хийж байгаа гэсэн сайн мэдээллийг ирүүлсэн.  ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлж, нэн шаардлагатай зүйлсэд тусламж үзүүлэх асуудалд хамтарч ажиллах талаараа мэдээллээ.  Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн. Хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд 11.134 ор байгаагаас 2.195-ыг коронавирусийн халдварын үед ашиглаж болохоор байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг 

-Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Коронавирусийн голомтод  байгаа  31 иргэнээ авчирна.  Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байгаа бөгөөд бүгд  хүлээлттэй байгаа.  Ухань хот өөрөө хөл хориотой байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн.  Манай улсын иргэдийг ирүүлэхэд  Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.  Эрээн хотод  байгаа 200 орчим иргэнээ авах хүсэлтээ илэрхийлсний үндсэнд  маргааш /өнөөдөр/ дөрвөн автобус явуулж иргэдээ авчирна. ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэйгээ байнгын холбоотой байгаа. Одоогоор тэдний хэнд нь ч  коронавирусийн шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээллийг авсан.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

-Манай улсад Хятадаас ирж байгаа иргэдийн тоо ерөнхийдөө багассан. Өдөрт гурваас доошгүй удаа мэдээлэл солилцохоос гадна иргэдээ шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байхад анхаарч байна. Хэрвээ халуунаа нууж орж ирж байгаа бол тэр нь хяналт шалгалтаар шууд илэрнэ. Тиймээс зориудаар тараасан сөрөг мэдээлэлд автахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. 

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн:

-Автозамын боомтуудыг иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах байдлаар шалгаж байгаа. Боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан.  Одоогоор хилийн боомтоо түр хаасан тохиолдол байхгүй, хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй. Гэхдээ  хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан.