-Манай аймаг энэ онд “Атрын-IV” аяныг зарлана-
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
-Сэлэнгэ аймаг энэ онд “Атрын-IV” аяныг эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна. Бэлтгэл ажлаа хэрхэн хангасан бэ?
-Манай аймаг энэ онд “Атрын-IV” аяныг зарлана. Өнгөрсөн онд бид Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Тиймээс энэ онд “Атрын-IV” аяныг эхлүүлнэ. Засгийн газраас тариалангийн салбарт нэлээд анхаарч байгаагийн нэг ажил. Аяны хүрээнд техник, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хөрөнгө мөнгө гаргаж, ажиллах байх. Шинжлэх ухааны үндэслэлтэй Атар газар эзэмшээд 60 жил болсон. Цаашид 60 жилийн хугацаанд бий болгосон туршлага, алдаа оноогоо дэнслээд явна. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаанаасаа улбаалж, “Атрын-IV” аян эхэлнэ. Үүнийг Засгийн газраас зарлаж, албан ёсоор эхлүүлэх байх.
-Танай аймгийг тариалангийн бүс нутаг гэдгийг албан ёсоор Засгийн газраас зарласан шүү дээ?
-Тийм ээ. Сэлэнгэ аймгийн 16 сум газар тариалангийн бүс нутагт орсон. Манай аймгийг газар тариалангийн бүс нутагт хамааруулахад аймгийн удирдлагуудаас гадна УИХ-д сонгогдсон гишүүд нэлээд анхаарч ажилласан.
-Хүнсний ногоог дотоодоосоо зуун хувь хангах талаар төрийн бодлого хэрэгжээд явж байгаа. Харин аймгийн удирдлага болон иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа ямар бодлого барьж байна вэ. Тариалалтыг нэмэгдүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэхээс илүүтэй өрхийн аж ахуй ногоо тариалалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт манай удирдлагын баг анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, 1-2 га-д тариалалт эрхэлдэг байсан ногоочид ямар ч ашиггүй болоод ирэхээр газраа зардаг. Ингээд нөгөө бүртгэлтэй байсан 6000 гаруй тариалан эрхлэгч 3000 болж буурсан байгаа. Өөрөөр хэлбэл, өрхийн тариалалт 50 хувиар буурсан гэсэн үг. Тиймээс тариалангийн салбарт өрх бүрийг зоорьтой болгоход анхаарч ажиллаж байна. Үүнд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
-Өрх бүр зоорьтой болох боломж нь хомс шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар бодлого барьж ажиллах вэ?
-Нэн тэргүүнд төрөөс тодорхой зөвшөөрлөө аваад хууль ёсоор ажиллаж байгаа уул уурхайн компаниудыг дайчлан оруулах хэрэгтэй. Төрөөс тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээг нь хийлгээд, техникийн хүчин чадлыг нь ашиглан зоорийн нүхийг ухуулах юм. Харин гоожинг аймгаас сумуудад хуваарилж өгнө. Ингээд барьсан зоорины насжилт 10-15 жил байна. Энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, аймгийн удирдлагууд нэгдээд, нийлээд явбал бидний ашиг орлого нэмэгдэнэ.
-Агуулах, савтай болчихлоо. Бүтээгдэхүүний хадгалалт нэмэгдлээ. Харин хэрэглэгчийн гар очиж байгаа эцсийн бүтээгдэхүүнд ямар дэвшил гарах вэ?
-Сав, баглаа, боодолд багагүй анхаарна. Манай Сэлэнгэд хамгийн сайхан зүйл нь гэрийн аргаар дарсан өргөст хэмх шүү дээ. Үүнийг худалдаанд гаргахаар шаардлага хангаагүй байдаг. Тиймээс “Урбанек” болон “Багро”-гийн савлагаатай худалдаанд гарч байна. Бид өөрсдөө мэддэг учраас худалдан авдаг шүү дээ. Цаашид сав савлагааны талаар зайлшгүй анхаарах ёстой. Хэзээ ч орхигдуулж болохгүй асуудлын нэг нь.
-Өнгөрсөн хугацаанд өрхийн үйлдвэрлэгчийн тоо 50 хувиар буурсан шалтгаан юу вэ. Мэдээж тариалалт нь ашиггүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төрөөс тариалангийн салбарт багагүй анхаардаг шүү дээ?
-Тариаланчид арилжааны банкнаас зээл авдаг. Тариалалт эхлээд намар болоод ургацаа хураадаг. Бага талбайгаас жаахан ашиг хүртдэг. Намрын ургац хураалттай зэрэгцээд, цэцэрлэг, сургууль, оюутнуудын хичээл эхэлдэг. Сургалтын төлбөр, идэш ууш, байрны мөнгө зэрэгцдэг. Тиймээс тариаланчид нэг нэгнээсээ өрсөөд 50, 100 төгрөгийн хямдралтай зардаг. Энэ байдал нь цааш үргэлжлээд ченжүүдийн гарт очдог. Цаашид ийм зүйлийг байхгүй болгохын тулд ажиллана. Иймд “Зоорь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхаарч ажиллана.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас иргэд зээл авах боломж нь хэр байдаг вэ. Улсаас жил бүр багагүй мөнгө төсөвлөдөг, зээлийн хүү ч багатай шүү дээ?
-Аж ахуйн нэгж иргэдэд тавьдаг шаардлага нь өндөр байдаг. Барьцаа хөрөнгө болон зээлгүй байхыг шаарддаг юм билээ. Өнөө цагт зээлгүй нэг ч иргэн байхгүй. Сангаас зээл авах боломж нь хомс учраас иргэд, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих ёстой. Тэгэхээр төр, иргэнийг холбосон нэгдсэн зуучлалын бодлого хэрэгтэй. Бидний зүгээс “Зоорь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна сав баглаа боодлын талаар анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, төмсийг шуудай, шуудайгаар нь зарахаас аль болох татгалзана. Хамгийн чухал нь төмсөө угааж, хатаагаад цаасан савлагаанд хийж, сүлжээ дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг болно.
-Танай аймаг тариалангийн бүсээс гадна уул уурхайн ашиглалтын лиценз багагүй бий. Өнгөрсөн хугацаанд “Ноён” уулыг тойрсон маргаан нэлээд өрнөлөө. Уул уурхайн салбарт анхаарал хэр хандуулж байгаа вэ?
-Уул уурхай лицензтэй холбоотой асуудлыг аймгийн удирдлагууд холбогдох байгууллагууд нь хяналт тавьж, шүүж байна. Шаардлага бүхий мэдээллийг салбар яамд болон Засгийн газарт хүргүүлж байгаа. Уул уурхайн салбарт лицензтэй хүн бүр ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зөвшөөрөлтэй газруудыг хууль дүрмийн дагуу ажиллахыг шаардаж байна. Энэ талаар нэлээд анхаарч байна. Иргэд уул уурхайн салбар болон хууль бус лицензтэй аж ахуйн нэгжтэй тэмцэхгүй байгаа юм шиг ойлголттой байна. Энэ асуудлыг хамаагүй олон нийтэд зарлаж болохгүй. Хулгай хийж байгаа хүнийг барих тухайгаа хэлчихээд, хуулийн байгууллагууд очдоггүй биз дээ. Үүнийг олон нийт ойлгоосой гэж бодож байна. Гэнэтийн шалгалтын дүнг танилцуулах ч шаардлага байхгүй. Шууд холбогдох газрууд руу явуулдаг. Дараа нь лиценз цуцлах эсэхийг холбогдох байгууллагууд нь шийднэ. Засгийн газраас ч энэ талаар авах арга хэмжээний тухай хатуу шаардлага тавьж байгаа.
-Өрсөлдөх чадвараар танай аймаг аравдугаар байрт оржээ. Дээгүүр байр эзлэхэд юу нөлөөлсөн бэ?
-Сэлэнгэ аймгийн бүх салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт орж байна. Аймаг нутгийн удирдлагууд хийж байгаа зүйл ч их бий. Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо багагүй төсөв мөнгө хуваарилуулж байгаа. Манай аймагт сүүлийн хэдэн жил бүтээн байгуулалт их хийсэн.
-Таны талаар үе, үе дуулиан, шуугиан тарьсан мэдээлэл их гарах юм. Тухайлбал, авлигын асуудлаар АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьжээ. Эсвэл “Дэрэвгэр жирэвгэрүү”-г хууль бусаар наймаалсан байна гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Энэ бүхэнд тайлбар өгөхгүй юу?
-Энэ бол цэвэр улстөржилт шүү дээ. Хэрвээ үнэн бол баримт байх ёстой биз дээ. Намайг хорьсон гэсэн мэдээлэл гарахаар нь “Аргаа бараад ажлын өрөөндөө байгаа” зургаа тавьж байх жишээтэй. Мөн “Дэрэвгэр жирэвгэрүү” гэж ямар ургамал байдгийг би мэдэхгүй, харж ч байгаагүй.
-2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших юм уу?
-Улстөржүүлж элдэв янзын хэрэгт холбогдсон мэтээр худал мэдээлэл тараах юм. Энэ бүхэн тодорхой эзэнтэй байх. УИХ-д дэвших, дэвшихгүйг би шийдэхгүй. Намаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна.