ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Ганбат: Царай таних технологийг зарим шалгалтын төвүүдэд туршина

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-02-10

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөөний 09:00 цагаас орон  даяар  эхэллээ. Бүх шалгуулагчид хаанаас ч,  хэзээ ч хамаагүй онлайнаар бүртгүүлэх аж. Энэ талаар БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хэдний өдөр хүртэл үргэлжлэх вэ?

-ЭЕШ болон  Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагаас албан  ёсоор бүртгэж эхэллээ.  Харин босго оноо тогтоох Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл  гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжиллэх бол  ЭЕШ-ын  бүртгэл  дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл  орон даяар  нэгэн зэрэг онлайнаар  явагдана. Энэ хоёр шалгалт өөр  өөр  гэдгийг онцгой анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл Монгол хэлбичгийн шалгалтын 400 оноог авбал ЭЕШ-д орж их дээд сургуульд  элсэх боломжтой гэсэн үг.   Монгол хэлбичгийн шалгалт өнгөрсөн жилээс эхлэн босго оноотой болсон бөгөөд  урьдчилж зохион байгуулдаг юм.

-Дээрх шалгалтуудын тов гарсан уу. Хэчнээн шалгуулагч ЭЕШ өгөх бол?

-ЭЕШ-ыг  зургадугаар сарын 12-15-ны хооронд , Монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 28-ны өдөр  зохион байгуулах юм. Харин зургаадугаар сарын 19-нөөс батламж хуудсыг 2-3 хоногт багтаан тарааж дуусах ажиллагааг зохион байгуулна.  Өмнөх оны төгсөгчид  зургадугаар сарын  ЭЕШ-тай хамт Монгол хэлбичгийн шалтгалт болно гэж ойлгоод  ирсэн тохиолдол өнгөрсөн  жил гарсан учраас анхааруулах нь зүйтэй байх.  Хэрвээ Монгол хэлбичгийн шалгалтаа давж чадаагүй бол  их дээд сургуульд элсэх боломжгүй. Энэ жил  өнгөрсөн  жилийнхтэй адил шалгуулагчид шалгалтаа өгсөн даруйд нь дүнг  мэдээлэхээр ажиллаж байна.  Энэ жил  урьдчилсан байдлаар 32 мянга орчим шалгуулагч шалгалдтад  орно гэсэн тооцоо гаргасан. Улсын  хэмжээнд 50 шалгалтын төвийг  ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангана. Бүртгэл 100 хувь онлайн учраас мэдээллээ бүрэн, гүйцэд оруулах нь чухал.   Мөн  энэ жил  царай таних  технологийг хэд хэдэн шалгатын  төвд  туршиж үзэхээр  болсон.  Учир нь, жилийн жилд сурагчид өөрийнхөө бичиг баримт,  материалыг  мартаж шалгалтандаа ирдэг. Улмаар  тухайн  материалыг  нь шалгаж байж оруулахгүй бол өөрийнхөө өмнөөс хүүхэд оруулах тохиолдол өмнөх жилүүдэд цөөнгүй гарсан. Тиймээс тухайн шалгуулагч бүртгүүлэхдээ  өөрийнхөө тод  зургийг оруулах шаардлага тавьж байгаа юм.

-Монгол хэлбичгийн  шалгалтад ЭЕШ өгөх шалгуулагч бүр бүртгүүлэх үү?

-Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэлийн хувьд энэ жил 12 дугаар ангид сурч төгсөх шалгуулагчдын  бүртгэлийн мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс БСШУС-ын  яамны мэдээллийн  нэгдсэн системээс автоматаар татаж, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр  Монгол хэлбичгийн шалгалт өгөх эрх нь үүснэ. Тэрнээс 12 дугаар ангид сурч буй хүүхэд Монгол хэлбичгийн шалгалтад  тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй гэж үзэж болно. Харин  өмнөх онд төгссөн шалгуулагчдын  хувьд заасан хугацаанд Монгол хэлбичгийн шалгалтад заавал  бүртгүүлж байж баталгаажина.  Бүртгэлийн  хугацааг сунгахгүй учир  заасан  хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй.

-Шалгуулагчид  юуг анхаарах шаардлагатай вэ?

-Ямар мэргэжлээр  аль сургуульд  суралцах  вэ гэдгээ эцэг, эхтэйгээ зөвлөх хэрэгтэй. Мөн тухайн мэргэжлээр  суралцахын тулд  ямар хичээлээр шалгалт өгөх вэ гэдгээ тодорхойлсон байх шаардлагатай. ЭЕШ-аа 10 хичээлээр  сонгож өгдөг нь энэ жил  ч  хэвээрэй. Өнгөрсөн жил оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсон нь, тухайн шалгуулагч  их  дээд сургуульд  элсэхийн тулд хоёроос доошгүй хичээл сонгож өгөх тухай тусгасныг  анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуульд суралцаж буй сурагчид онлайнаар бүртгүүлэхээс гадна эрүүл мэндийн шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхдийн бэрхшээлд тохируулсан сургалтын орчин тоног төхөөрөмжийг тусгайлан бэлдсэн анги танхимд шалгалт өгөх боломжоо бүрдүүлнэ