ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Гантулга: ОХУ-аас цардуул худалдаж авахаар тохиролцсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-13

Сайжруулсан түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бодисыг манай улс БНХАУ-аас импортоор авч байсан билээ. Тэгвэл коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл нүүрсний тээвэрлэлийг хязгаарлаж байгаа учраас сайжруулсан түлш хомсдох эрсдэл үүсээд буй юм. Хилийн хоригийн хугацаанд энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Орчны бохирдол бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа. 

-Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл нүүрсний тээвэрлэлтийг зогсоох асуудал ярьж байна. Тэгвэл Хятад улсаас авч байгаа сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисын хомсдол үүсэх эрсдэлтэй. Энэ асуудалд ямар зохион байгуулалт хийж байгаа вэ?
-Барьцалдуулагч бодисын 7-10 хоногийн нөөц үлдсэн. Бид өнөөдрийг хүртэл нэг, хоёр сараар нөөцийг бүрдүүлж байсан хэдий ч БНХАУ-д өвчин гарч, хөл хорио тогтоосонтой холбогдуулан сайжруулсан түлшний орцын нэг болох барьцалдуулагч бодисын тээвэрлэлтэд хүндрэл үүсээд байгаа юм. Уг бодисыг үйлдвэрлэдэг Хятадын компани вирусийн тар­халттай холбогдуулан үйл ажил­лагаагаа түр хугацаагаар хяз­гаар­ласан байгаа. Үүн­тэй холбоотойгоор “Таван­толгой түлш” ХХК Үндэсний хороотой зөвлөлдсөний дагуу ОХУ-руу мэргэжилтнүүдээ явуулж, төмс, эрдэнэ шишээс гаргаж авдаг цардуулыг судалсан. Ингээд эхний ээлжийн бага зэргийн цардуулыг ОХУ-аас худалдаж авахаар тохиролцоонд хүрсэн юм. Барьцалдуулагчийн гол түүхий эд нь хүнсний цардуул байдаг. Үүнийг бид ОХУ-аас худалдан авч, Монголд байгаа бентонет шохойг орц найрлагад оруулснаар олон улсын стандартын дагуу эх орондоо үйлдвэрлэх боломж нь бүрдэж байгаа. Түүхий эд нь Монголд байгаа гэсэн үг.  Социализмын үед Зүүнхараад цардуулын үйлдвэр байсан юм билээ. Үйлдвэрийн хувьд маш нарийн технологитой өндөр өртөгтэй юм байна. ОХУ-аас цардуул оруулж ирээд бентонет шохойг ашиглан барьцалдуулагч бодисыг Монголдоо үйлдвэр­лэх боломж бидэнд байна. Дотоо­дын үйлдвэртэй болс­­ноор гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалыг Монголдоо үлдээхээс гадна, хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх давуу талтай. Үндэсний хорооны зүгээс энэ үйлдвэрийг дотоод­доо байгуулж, түлш­ний орц найрлагыг дотоо­дын­хоо мэргэжлийн байгуул­лагуудаар хянуулаад  явах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 

-10 хоногийн нөөц бий гэж байна. Нүүрсний тээвэрлэлтийг нээх хүртэл ОХУ-аас барьцалдуулагч бодис авна гэж ойлголоо?
-ОХУ-ын Новосибирск хотод улсын хэмжээний том үйлдвэр нь байдаг юм билээ. Бид ОХУ-аас цардуул авна гэсэн үг шүү дээ. Түүнийгээ Монголын бентонет шохой­той нийлүүлж барьцал­дуулагч бодисоо дотооддоо үйлдвэрлэдэг болохоор ажиллаж байгаа юм.

-Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний хэд хоногийн нөөц байгаа юм бэ?
-20 гаруй хоногийн нөөц байгаа. Үйлдвэрлэлт хэвийн явж байгаа гэдгийг хэлье. Яваандаа хил гаалийн хорионы хугацааг сунгах нөхцөл байдал үүсвэл хомсдолд орох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Аливаа эрсдэлийг тооцохдоо хоёр, гурван хувилбараар тооцох хэрэгтэй. Энэ утгаараа БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд барьцалдуулагч бодисыг үргэлжлүүлэн авах ажлыг ярилцаж байгаа. Вагоноор ч юмуу ямар нэг байдлаар барьцал­дуулагч бодисын тээвэр­лэлтийг үргэлжлүүлэх талаар анхаарч байгаа. Хоёр­дугаар, хувилбар нь тус бодисыг дотооддоо үйлд­вэр­лэдэг болох асуудлыг давхар судалж байна. Барьцал­дуу­лагч бодис үйлдвэрлэх тур­­шил­­тыг сайжруулсан түлш­ний үйлдвэрт хийсэн. Хятадаас импортолж байгаа бодисоос дутахааргүй бодис үйлдвэрлэх бүрэн боломжтой юм билээ. 

-Хэзээнээс дотооддоо үйлд­­вэрлэх бо­ломж­­той вэ?
-Урьдчилсан байдлаар үйлдвэрийг ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. 2020 оны найм, есдүгээр сард хотын зүүн бүсэд 8-10 шугамтай шинэ үйлдвэр ашиглалтад оруулах юм. Үүнийг дагаад барьцалдуулагчийн хэрэглээ улам л өндөр болно гэсэн үг. Бид жилд 15-20 тэрбум төгрөгийн өртгөөр БНХАУ-аас барьцалдуулагч авч байна. Энэ мөнгийг дотооддоо үлдээхийн тулд өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Асар өндөр өртгөөр барина гэх мэтээр асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй. Монголд түлшний чиглэлээр олон жил ажилласан туршлагатай хувийн хэвшлийн компаниуд байгаа. Заавал улсын өмчийн үйлдвэр байх албагүй шүү дээ. Гол нь тусгай зөвшөөрөлтэй, хатуу хяналтын дор ажиллах үйлдвэр байх ёстой. Сайж­руулсан түлшинд орж байгаа бүтээгдэхүүн стратегийн бүтээгдэхүүн гэсэн үг. Энэ утгаараа улсын хяналтан дор, стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм.  

-Нүүрсний тээвэрлэлтийг зогсоох сургаар сайж­руулсан түлшний эрэлт ихэсч, хомсдол үүсч байна гэх мэдээлэл байна. Хэрвээ нөөц дуусвал түүхий нүүрс хэрэглэхээс өөр аргагүй байдалд орно биз дээ?
-Хомсдлоос сэргийлэхийн тулд борлуулалтын цэгүүдэд хязгаарлалт хийх байх. Түүнээс биш үйлдвэрт хомс­дол үүссэн зүйл байхгүй. Эцсийн шийдвэрийг Улсын онц­гой комисс, Засгийн газ­рын хуралдаанаар шийд­вэрлэнэ. Нөөц бололцоог харж байгаад үнэхээр шаардлага байна гэвэл Үндэсний хорооноос санал болгож болно. Гэхдээ ийм байдалд арай хүрэхгүй болов уу гэж бодож байна.