ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ өчигдөр ээлжит хурлаа хийж, хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргажээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар УУХҮ-ийн яамны байранд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. Иргэдэд эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байгаа аж. Ингэснээр Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, монгол хүн бүхэнд баялгийн хуваарилалт хийж буй анхны тохиолдол гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллийн эхэнд онцолсон юм. Компанийн тухай хуулийн дагуу энэхүү шийдвэрийг ирэх тавдугаар сарын 01-ний дотор Хувьцаа эзэмшигчийн хурлаар шийднэ гэлээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох аж. Энэ талаар Д.Сумъяабазар сайд ярихдаа “”Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж байна. Гэхдээ эхний хэлэлцсэн асуудлын шийдвэр албажаад гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн хүрээнд тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсныг бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Тус компани өнгөрөгч онд тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдлээ. Цаашдаа ч төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын ажил үр дүнгээ өгөөд эхэлсэн тохиолдолд нэгж хувьцааны үнэ нэмэгдэх боломжтой.
 

Өмнө нь “Сайн хувьцаа” мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Ахмад настнуудад бэлэн мөнгө хэлбэрээр олгож байсан. Мөн эрүүл мэндийн даатгалыг төлж байлаа. Харин энэ удаагийнх бэлэн мөнгө тараах асуудал биш дүрэм журмын хүрээнд хийгдэж байгаа ногдол ашиг тарааж буй зүйл юм шүү. Компанийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхийн тулд жилийн хугацаанд чамгүй олон ажил хийсэн. Бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулах ёстой гэдэг санал гарсан учраас өнгөрсөн жилүүдэд Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам, Баяжуулах үйлдвэр, бусад тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд багагүй мөнгө зарцуулсан” гэлээ. Сэтгүүлчдийн зүгээс “Сонгуулийн өмнө бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь хэр зохистой вэ, бүтээн байгуулалтын өөр ажилд зарцуулж болохгүй юу” гэх асуудлыг хөндсөн юм. Харин энэ асуултад Д.Сумъяабазар сайд хариулахдаа “Бэлэн мөнгө тараасан үйлдэл гэхээс илүү иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах төрийн үүргээ биелүүлж байна” гэв. Мөн сайдын гар утсанд 500 гаруй иргэнээс ногдол ашгаа авах мессеж илгээсэн учраас ийм шийдэлд хүрчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд ашигтай ажиллаж буй учраас өнгөрсөн жилүүдэд иргэдэд олгох байсан ногдол ашгаараа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. 

 

 Б.Ганхуяг: Нас барсан иргэний хувьцааг өв залгамжлалын дагуу олгоно 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өмнө бичсэнчлэн өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэрбум 30 сая ам.долларын орлоготой, их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 2016 оноос хойш гадаад, дотоодын олон томоохон өр төлбөрийг төлж барагдуулжээ. Өнгөрөгч онд гадаад, дотооддоо ямар ч өр төлбөргүй ажилласан учраас хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх шийдвэр гаргасан гэдгээ Б.Ганхуяг дарга хэлж байлаа. Тэрбээр,”Бид өнгөрсөн жил цэвэр ашигтай ажилласан нь төрийн өмчит компани ашигтай ажиллаж болдгийг харуулсан бодит жишээ. Манай уурхайчдын ажлын үр дүн. 1072 хувьцаа эзэмшдэг 2.580.000 иргэн байгаагаас 2.080.000 иргэн нь албан ёсоор бүртгэлээ хийлгэсэн. Харин 580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байгаа. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөсөн. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ” гэлээ. Ногдол ашиг хүртээнэ гэх яриа шинэ оны дараахан гарснаас үүдэн маш олон хуурамч хаягууд идэвхжиж эхэлсэн байдаг. Энэ удаад ч тийм зүйл гарч мэдэх учраас улстөржсөн, мөн хандалт авах гэсэн улс төрийн зорилготой хуурамч хаягуудад итгэхгүй байхыг сануулав. Тиймээс иргэдэд бодит мэдээлэл хүргэх үүднээс гар утасны тусгай аппликейшн ажиллуулж эхлэх аж. “1072” нэг цонхны мэдээллийг өчигдрөөс албан ёсоор ажиллуулж, 1800-1072 гэдэг дугаараар иргэдэд мэдээлэл өгөхөөр болжээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн албан ёсны пэйж хаягуудаас мэдээлэл авах боломжтой бөгөөд “1072” төв дээрээ даваа гараг бүрийн 13:00 цагаас нэгдсэн байдлаар мэдээлэл өгөөд явна гэлээ. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний ногдол ашгийг өв залгамжлалын дагуу олгох аж. Иргэдэд өөрсдийнх нь нэр дээр байдаг албан ёсны дансаар ногдол ашгийг нь шилжүүлэх учраас тавдугаар сар хүртэл иргэд ухаалаг утсандаа аппликейшн татаж суулган мэдээллээ үнэн зөв бөглөх, мөн зарим брокерийн компаниудтай хамтарч иргэдийн данс, мэдээллийг бүртгэх ажлыг зохион байгуулна гэлээ. Мэдээллийн үеэр хүүхдүүдийн бүртгэл хангалтгүй байгааг компанийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа.  Өмнө нь “Сайн хувьцаа”-г олгохдоо 2006 оноос өмнө төрсөн хүүхдүүдэд олгож байсан. Энэ удаа хүүхдийн нас заах, мөн 2012 оноос хойш төрсөн хүүхдийн асуудлыг хэрхэх талаар тодруулахад “2012 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл төрсөн хүүхдүүдээр тасалбар болж байсан. Түүнээс хойш 600 гаруй мянган хүүхэд төрөөд байна. Засгийн газарт өөрийн гэсэн байр суурь бий. Үүнийг тодорхой хугацаанд ярилцаж байгаад та бүхэнд мэдээлнэ. Ер нь бол бидэнд шинэ төрсөн 600 гаруй мянган хүүхдэд 1072 ширхэг хувьцаа олгох бүрэн боломжтой” гэдэг хариултыг уул уурхайн салбарын сайд Д.Сумъяабазар өглөө. Үүнээс гадна шинэ төрлийн вирусээс шалтгаалан нүүрсний тээвэрлэлтэд ямар нэг хүндрэл учрахгүй гэв. Өөрөөр хэлбэл, эрэлт, нийлүүлэлт хумигдаж байгаа ч үнэ ханш бол хэвийн, ирэх гуравдугаар сард багтаад вирусийн дэгдэлт намдвал нүүрсний борлуулалтын хэмжээ нэмэгдэх магадлал их өндөр байна гэсэн хариулт өглөө. Улсын хэмжээнд хэдэн хувьцаатай хүн хэчнээн төгрөгийн ногдол ашиг авах талаар болон албан ёсны хаяг, үнэн бодит мэдээлэл хүргэх албан ёсны хаягуудыг хүснэгтээс харна уу.