ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Рэнцэндорж: Сул талаа давуу байдал болгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-18

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржтой ярилцлаа.

-Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Говь-Алтай аймаг сүүлээсээ гуравдугаарт орсон байсан. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр тааруу үзүүлэлт гаргахад юу нөлөөлөв?

-Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Говь-Алтай аймаг сүүлийн жилүүдэд нэлээд хойшуур байранд ороод байгаа. Энэ асуудал Говь-Алтай аймгаар овоглодог хүн бүрийн санааг чилээх болсон. Тиймээс богино хугацаанд аймгийнхаа хөгжлийг яаж түргэтгэх вэ гэдгийг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. Тааруу үзүүлэлттэй байгаад нэгдүгээрт, манай аймгийн алслагдсан байдал, дэд бүтэц сул хөгжсөн, хүн амын тоо гэх мэт үзүүлэлтүүд нөлөөлж байгаа. Гэхдээ орон нутгийнхаа түвшинд аль болох сул талаа давуу тал болгож ашиглах талаар сүүлийн хоёр жил бодлогын түвшинд ажиллаж байна. Ялангуяа ажилгүйдлийн түвшин болон үйлдвэржилт гэсэн хоёр асуудалд төвлөрч ажиллаж байна. Манай аймагт ажилгүйдлийн түвшин нэлээд өндөр байгаа. Өнгөрсөн жил буюу 2019 онд аймгийн хэмжээнд анх удаа хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Нийт 191.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ хэмжээгээр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, 1400 орчим хүнийг ажлын байртай болголоо. Энэ нь өрсөлдөх чадварт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн. Түүнээс гадна  үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар зайлшгүй анхаарах шаардлага байгаа юм. Тиймээс аль болох бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих, “Старт ап” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн орчин бүрдүүлж, бойжуулах, түүнийгээ дагаад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа. Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг 2018 оны нөхцөл байдлыг харгалзаж гаргасан юм билээ. 2019 оны үнэлгээгээр буюу 2020 онд гарах дүн мэдээллээр манай аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээ өөр гарна гэдэгт итгэлтэй байна. Өрсөлдөх чадвар гэдэг богинохон хугацаанд бий болдог асуудал биш. Багадаа 2-3 жилийн хугацаанд үнэлгээнд өөрчлөлт орно. Манай аймаг алслагдсан байдал, хүн амын тоо зэрэг бусад аймгуудтай харьцуулахад бага. Гэхдээ сул талаа давуу тал болгохын тулд тодорхой арга хэмжээг авч байгаа. 

-Сул талаа давуу байдал болгоно гэж байна. Тодруулбал?

-Өнгөрсөн жилүүдэд сүүлээсээ хоёрдугаарт орж байсан бол энэ удаагийн үзүүлэлтээр гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Бага багаар урагшилж байна шүү дээ. Эрс өөрчлөлт хийхийн тулд томоохон төслүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд баруун бүсийг хангах 360 мянган тонны хүчин чадалтай цементийн үйлдвэрийг Тайшир суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих гэж байгаа. Дээр нь БНСУ-аас хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрийн дэмжлэг авч байгаа. Тухайлбал, аймагт эхний ээлжинд ухаалаг хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Ингэснээр багадаа мянга гаруй хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ. Хөдөө аж, ахуй газар тариалангийн салбарт парк шинэчлэл хийж байгаа. Энэ мэт алслагдмал, хүн ам цөөтэй ч орон нутагтаа үйлдвэрлэл, ажлын байр бий болгох бодлого баримталж байна. 

-Энэ онд танай аймагт Улсын төсвөөс хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-2020 онд 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж байгаа. 2019 онд нийт 67 барилга, обьект барьж эхэлсэн. Энэ ажлууд 2020 онд дуусах юм. Сургууль цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гээд сум болгонд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Чанарын стандарт, шаардлага хангасан барилгууд баригдахын хэрээр боловсрол, эрүүл мэндийн салбарт сүүлийн үеийн стандартад нийцсэн барилга шаардлагатай болж буй юм. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, дулаан, халаалтын систем гэх мэт орон нутгийн түвшинд шийдэх асуудлууд багагүй бий. 2020 он бол Говь-Алтай аймгийн хувьд онцлог жил. Аймгийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тиймээс энэ нутгаас төрөн гарсан, энэ нутгийн харьяат нөлөө бүхий хүмүүс болон сумдын нутгийн зөвлөлүүдтэй хамтарч ажиллаж байна. Баяр наадам гэхээс илүүтэй орон нутагтаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг санаачилж хийхээр зорьж байна. 

-2016-2020 оны хооронд танай аймгийг төлөөлж УИХ-д суусан гишүүд хэр сайн төлөөлөл байв. Гишүүдийн аймагтаа хийсэн бодит ажил юу байна?

-2016 оноос өмнө манай аймаг хоёр мандаттай байсан. 2016 оны сонгуулиар нэг мандаттай болгосон юм. Говь-Алтай аймаг газар нутгийнхаа хувьд улсдаа хоёрдугаарт ордог 141.4 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 18 сум, хоёр тосгонтой томоохон аймаг. Тиймээс манай аймгийн мандатын тоог нэмэгдүүлж хоёр болгосон нь цаг үеэ олсон шийдвэр гэж бодож байна. Манай аймгаас 2016-2020 оны парламентад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд сонгогдсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд орон нутаг болон УИХ-ын түвшинд хамтарч ажиллалаа. Энэ хугацаанд Говь-Алтай аймагт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийсэн. Ер нь очоод үзэхэд аймгийн төв болон сумдын төвд барилга байшин, зам, дэд бүтэц гээд томоохон бодит өөрчлөлтүүд гарсан. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөөр 87.6 хувьтай үнэлүүлж байна. Үүнд биднийг төрд төлөөрж буй гишүүний оролцоо их бий гэдгийг хэлмээр байна. 

-Иргэдийн зүгээс төрийн албаны хүнд суртал, төрийн үйлчилгээ сул байгааг шүүм­жилдэг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Төрийн албан хаагчид, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллагууд, улсын төсвийн хөрөнгө оруулалттай босоо тогтолцоотой төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын алба хаагчдыг ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд түргэн шуурхай ажиллахыг Засаг даргын хувьд уриалж байгаа. Ялангуяа төрийн албаны хүнд суртлыг арилгахыг анхаарч ажиллана. Засаг даргын хувьд удахгүй Говь-Алтай аймгийнхаа бүх суманд хүрч иргэдийнхээ үзэл бодлыг хуваалцан, хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг авч, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх бодит ажлуудаа танилцуулна. 

-Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна?

-Аймгийн хэмжээнд зуншлага сайхан байсан. 2019 оны мал тооллогоор 3.6 сая толгой мал тоолууллаа. Өнгөрсөн жил манай аймгийн мал таван төрөлдөө өссөн дүн мэдээтэй байна. Засгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгсний дагуу орон нутгийн түвшинд өвс тэжээлээ бэлтгэх ажлыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 850 тонн өвс, 430 орчим тэжээлийн нөөц бэлтгээд байгаа юм. Баянхонгор, Говь-Алтайн дундын отрын бүс нутагт 50 орчим айлын 80 гаруй мянган мал өвөлжиж байна. Мөн манайх хойд талаараа Ховд, зүүн талаараа Завхан аймаг, өмнө талаараа Баянхонгор, Шинжан Уйгуртай хиллэдэг. Хилийн бүс орчимд 120 гаруй мянган мал, 160 орчим айл, өрх өвөлжиж байгаа. Нийт нутгийн 60 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Саяхан Хөдөө аж ахуйн яам болон Улсын онцгой комиссоос ажлын хэсэг очиж ажиллан, 13 суманд зудын эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Одоогийн байдлаар цаг агаар эрс хүйтрэхгүй байгаа учраас эрсдэл бага байна. Хэрэв цаг агаарын байдал хүндэрвэл 3-4 сумын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Бид Хөдөө аж ахуйн яам болон Улсын онцгой комисст цаг тухайд нь мэдээ өгч байгаа. Орон нутгийн түвшинд дөрвөн ажлын хэсэг гаргаад сумдад ажиллуулж байна. Хэрэв хүндрэх нөхцөл үүсвэл эхлээд сумын түвшинд, дараа нь аймгийн түвшинд арга хэмжээ авдаг дарааллаараа явна.