Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинэ оны өмнөхөн хуралдаж, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээтэй хамт мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэ мэдэгдлийн араас багагүй улс төр, эсэргүүцэл, дэмжлэг явсан ч эцэстээ УИХ шийдвэрийг эцэслэн баталж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр зургаан сая хүртэл төгрөгийн зээлийг нэг удаа чөлөөлж, мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг арилжааны банкууд жилд нэг удаа зургаан сараар олгох, зээлгүй ахмадуудад нэг сая хүртэл төгрөгийн эрхийг бичиг олгох шийдвэр гараад байлаа.
Ахмадууд энэ оны хоёрдугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврээ хэвийн авч эхэлсэн ч банкууд дахин зээл олгохгүй гэдгээ мэдэгдээд байв. Тэгвэл иргэний тэтгэвэр барьцаасан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулах “Эрдэнэс” бондыг дотоодын зах зээл дээр гаргах бэлтгэл ажил дууссан сайхан мэдээ дуулдаж эхэллээ. “Эрдэнэс” бондоор босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгохоор “Эрдэнэс Монгол” ХХК шуурхайлан ажиллаж байгаа аж.
Нэг тонн алт, 800 тонн мөнгөний нөөцтэй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох эдийн засгийн тооцоолол гарчээ.