МХЕГ-аас коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвар дэлхийн олон оронд тархсан нь ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарласан. Үүнээс хойш буюу нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Улсын хилийн боомтуудад хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавьж сэжигтэй тохиолдлуудыг илрүүлж эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 138 сэжигтэй тохиолдол илрүүлж, Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж тусгаарлах арга хэмжээ авсан. Мөн Мэргэжлийн хяналтын газар бусад байгууллагатай хамтран нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг таван удаа хийсэн.
-Хөдөө, орон нутагт сэжигтэй тохиолдол цөөнгүй бүртгэгдэж өвчин илрээгүй, сөрөг гарсан талаар ЭМЯ-аас мэдээлж буй. Гэсэн ч хариуцлагагүй алдахгүйн тулд ямар үүрэг чиглэл өгсөн бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 21 аймагт улсын хэмжээнд хяналт шалгалт хийж байгаа. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 12-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай горимоор системийн хэмжээнд шилжин ажиллаж эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд 2200 мэргэжлийн хяналтын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Мөн халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн үед хилийн боомт болон шаардлагатай газруудад дайчлан ажиллуулах улсын байцаагчдын нэрийг гарган, МХЕГ-ын даргын тушаалаар үүрэгжүүлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Хэчнээн улсын байцаагч ажиллах вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг үүссэн тохиолдолд 1465 улсын байцаагчийг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангаад байна.
-Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд албан байгууллагад хяналт шалгалт хийсэн үү?
-Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулахаар үзлэг шалгалтыг хийхэд бэлэн байдал хангагдаагүй 24 эмнэлэгт албан шаардлага хүргэн ажиллалаа. Түүнээс гадна 1735 үйлчилгээний газарт хяналт хийхэд 54 хувь нь үйлчлүүлэгчдээ бие засах болон гар угаах нөхцөлийг бүрдүүлжээ. Үлдсэн 46 хувьд зөрчлөө арилгах зөвлөмж өгсөн. Хэдийгээр одоогийн байдлаар сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон ч энэ хугацаанд олон хоног үйл ажиллагаа явуулахгүй бол эрүүл ахуйн нөхцөл шаардлага хүнсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын байгууллагуудад зөвлөмж өгөөд байна. Цагаан сарын үеэр дулаан цахилгаан, ариутгалын системийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дэд бүтцийн хяналт хийгдэж байна
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын 569 автобусанд цэвэрлэгээ халдваргүйтэл хийлээ. Мөн энэ хүрээнд 229 шашны байгууллагад хурал зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргэсэн. Ингэснээр сар шинийн баярын үеэр шашны байгууллагын хурал номд оролцохгүй байх, Ерөнхийлөгчийн зарлигийг дагахыг нийт ард иргэддээ зөвлөж байна.
-Иргэдэд шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөөч?
-Цахим орчинд цацагдаж буй зарим зөвлөмжөөс харахад амны хаалтаа тайлаад жижиглэж боогоод хогийн саванд хаях гэх мэтээр буруу мэдээлэл тарж байна билээ. Амны хаалтыг хаяхдаа бохирдолтой хэсгээс барьж боож жижиглэж нугалах шаардлагагүй. Мөн амны хаалтыг зүүж, авахын өмнө гараа заавал угаах эсвэл халдваргүйжүүлэлтийн бодисоор гараа ариутгах нь зүйтэй. Түүнчлэн хэрэглэсэн амны хаалтын хамгийн эрсдэл багатай буюу бохирдоогүй хэсэг бол чихний арын хэсгийн зүүлт юм. Тиймээс чихний арын хэсгээс барьж тайлан, ойр байгаа хогийн саванд нугалалгүйгээр шууд хаяна. Хэрэв хогийн сав ойр хавьд чинь байхгүй тохиолдолд мөн чихний арын бохирдол бага хэсгээс тайлж, эвхэж нугалалгүйгээр заавал гялгар уутанд хаях хэрэгтэй. Мөн нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг зүүдэг. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн түргэн үржих нөхцөл чийгтэй орчинд бүрддэг учраас амны хаалтыг норсон даруйд нь солих хэрэгтэй гэж зөвлөж байна.