ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жинчний гэргий

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-21

Үр хүүхдээ юу юунаас урьтаж “хүн” болоосой гэсэн эх хүний холч хүсэл тээж, онож алдахын орчлонд хөлөө олохын тэнцвэр, олныхоо дунд туг шиг явах ухааныг сургасан ээж. Тийм учир үр хүүхдүүд нь сайн сайхан амьдарч, зөв мөртэй, зөв яваа болов уу. Түүний залуу нас, туулж өнгөрүүлсэн амьдрал өнөөгийн бидний зөвхөн монгол киноноос хардаг тийм л ахуй. Тийм л цаг үед тэр ид хөдөлмөрлөж, хоёр нарны хооронд зүтгэх их ажлын хажуугаар үр хүүхдээ өсгөж явсан нэгэн юм.

О.Нямжав эмээ жинчиний гэргий байлаа. Нөхөр нь зундаа тууварт явж, өвөл нь жин тээж хэдэн сараар эзгүй байх нь элбэг. Энэ үед дэрсхэн хүүхдүүдээ нэгдлийн малтай авч үлдсэн залуухан бүсгүй гадаа гарч эр, гэрт орж эм болно. Өглөө үүр хаяарахтай уралдан босож монгол гэргийн ёсоор цайгаа чанан хангайдаа өргөөд, дэрсхэн хэдэн хүүхдээ арай дөмөгхөн нэгэнд нь даатгаж үлдээгээд малдаа явна. Хүүхэд харах хүнгүй гэж гомдоллох эрх түүнд байсангүй. Нэгдлийн малаас нэгийг дутаах ч эрх тэр үеийн малчдад байсангүй.

Өдөржин хонио хариулаад харуй бүрийтэй уралдан гэртээ ирэхэд том нь багыгаа асраад хэдэн хүүхэд нь энх мэдэн, өсөн торниж суух нь түүний өдөржин мал дагасан ядаргааг тайлж орхих. Хонио хотлуулчихаад морио аргамжихаар явахдаа цас үүрч, мод түүнэ. Өвлийн шөнө арагтай цасан дээрээ мод овоолж үүрээд л харьдаг байсан тухайгаа тэрбээр хуучиллаа. Эмэгтэй хүн шөнөөр морь аргамжиж, түлээ түлш базааж явах нь бүү хэл ганцаараа малд явж болохгүй гэж боддог шинэ зууны надад үлгэр домог мэт л санагдана. Түүний ажил ингээд дуусахгүй. Жинд явсан нөхрөө ирэхээс урьтаж дээл хувцаснаас эхлээд ширмэл ширдэг гээд бүхий л ахуйн хэрэгцээгээ оёх ажилтай. Тэрбээр үйлээ шөнөөр дэнгийн гэрэлд сууж хийнэ. Жинд явсан нөхрөө хүлээн, дэнгийн гэрэлд үнэгчлэн унтаж буй үрсээ харан үе, үе инээмсэглэн үйл мэтгэж суугаа залуухан бүсгүй нүдэнд харагдах шиг. Дэрсхэн олон хүүхдийн хажуугаар дүн өвлийн хүйтэнд нэгийг ч хорогдуулж болохгүй нэгдлийнмалтай ганц эмэгтэй зүтгэнэ гэдэг одоогийн бидэнд бол бүтэшгүй мэт. Гэвч эмээ чадсан юм. Бүгдийг ч амжуулж байлаа. Бүсгүй хүн гэдэг тулга тойрсон ажлаас хэтрэх чадалтайгаар барахгүй, магад эр хүнээс ч илүү тэсвэр хатуужилтай байж болохыг өөрийн эгэл амьдралаараа харуулсан хүн бол О.Нямжав буурай юм. Магад тэр үеийн бүхий л гэргий, жинчдийн ар гэрийн ахуй ийм л байсан байх. Эмээтэй хуучлан суух тэрхэн агшинд 12 хүүхэд төрүүлж өсгөсний дээр биднийг, бидний хүүхдийг хүртэл асарч явсаар бурханд буцсан буурал эмээгээ шимширтэл санаж, уяран сууснаа нуух юун. Эмээ нарт ер нь хүний сэтгэлийг нялхруулах шидийн гэмээр увидас байдаг гэлтэй. Эмээ ч яг л тийм хайр хүрэм, дулаахан хүн аж. Эмээ толгой нь бууралтсан хоёр өвөөг “Миний хүү чинь багынхаа /бага хүүхдийнх нь дээд талынх/ дээд талынх нь юм байхгүй юу” хэмээн эрхлүүлэнгүй танилцуулах аж. Ээждээ эрхэлж суугаа хөвгүүдийн тэргүүнд нь хэдийн буурал сор суучихсан, хижээл насны хүмүүс. Гэхдээ л эмээгийн хөвгүүдээ танилцуулах эрхлүүлэнгүй ярианы өнгө, өхөөрдсөн харцаар буурал толгойтой хүүгээ ширтэх нь нэг л хайр хүргэм, басхүү уярам.

Хоёр хүү нь ч ээждээ эрхэлж байгаа жаахан хөвгүүд шиг. О.Нямжав эмээгийн хамгийн бага хүүхэд нь эдүгээ 54 настай, ирэх жил гавьяаны амралтдаа гарахаар зэхэж буй эмэгтэй гэнэ. Ээжтэйгээ өтөлнө гэдэг их буян гэдэг. Ач зээ нь эмээ, өвөө болох үзнэ гэдэг буянтай нас даа. Азтай буурлууд юм даа гэх цагаахан атаархал ээж хүү “ахмадууд”-тай хуучлах үед төрж суулаа. Эмээ 10 хүүхэд төрүүлж өсгөжээ. Хүүхдүүд нь түүнийг өдөр, өдрөөр ээлжлэн асарч тойглоно. Асрах ч юу байх билээ. Хоол ундыг нь хийж өгч, аль болох уйдаахгүй хань бараа болох үүрэгтэй. О.Нямжав эмээ хөзөрт нугасгүй.

Хүүхдүүд, хүргэн бэрүүдээ цуглуулаад “мушгих” дуртай гэнэ билээ. Биднийг очиход өнөөх буурал толгойтой хоёр “эрх жаахан” хүүтэйгээ хөзөр тоглож байлаа. Эмээ ихэвчлэн хождог болохоор хөзөрт ийн дуртай аж. Гэхдээ тэр аварга ч гэлээ хэзээ ч өрсөлдөгчөө голдоггүй. Ач зээгийнхээ 6, 7 настай хүүхдүүдтэй ч тоглоно. Ялж, ялагдана. Жаргаж өтөлбөл урт наслах сайхан ажээ. Эдүгээ 90 хол гарсан хөгшин гэхэд муушиг тоглоод, наргиан наадам болоод сууж байна гэдэг гайхалтай биш гэж үү. Тэр нутаг усандаа сайхан дуулдгаараа алдартай нэгэн байж. Найр наадамд урилга заллагаар дуулдаг байжээ. Энэ тухай асуухад тэрбээр хаа холын мөрөөдлөө гэнэт санасан мэт нүд нь сэргээд нэгэн түүхийг ярьсан юм. Эмээ тэр үед 13 настай байжээ. Сумандаа нэг уралдаанд орж шалгараад аймагтаа очсон байна. Аймагтаа дахин шалгарч Улаанбаатар руу дуучин болохоор явах болсон аж. Гэвч аав нь “Хүүгээ /охиноо/ тэгж золбин гөлөг шиг тэнүүлэхгүй ээ. Миний хүү явахгүй” хэмээн тас хориод явуулаагүй хэмээн хуучлав. “Уг нь би тэр үед явсан бол дуучин байх байсан юм” хэмээн ярих нь сэтгэлийнх нь мухарт хүүхэд ахуйн мөрөөдөл нь одоо ч шинэхнээрээ байна уу гэлтэй.

Амьдрал, залуу нас, бүтээгүй ч гэлээ 90 жилийн дараа ч шинэхнээрээ байгаа мөрөөдлийнхөө тухай яриад сэтгэл нь хөдөлсөн эмээ “Хүрэн толгойн сүүдэр” хэмээн цээлхэн хоолойгоор дуулж эхлэх нь тэр. Уртын дуунд уяран суухад өмнөхөн талд минь нүдээ анин дуулж суугаа жижигхэн шар эмээ нэг л мэдэхэд алга болж зуны дэлгэр өдөр урсгал голын хөвөөгөөр морьтой хатируулж яваа ч юм шиг гэгэлгэн бодол толгойд зурагдав.

Тэгснээ эмээгийн ярьсан түүх толгойд бууж, жинд явж буй нөхрийнхөө хойноос гэрийнхээ үүдэнд зогсоод сүү өргөж байгаа залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй нүднээ харагдах шиг. Ямар цээлхэн хоолой, яасан гэгэлгэн аялгуу вэ. Тэр үнэхээр дуулахаар төрсөн хүн ажээ. Олны нэршлээр “Морины” хэмээн алдаршсан МУСТА Л.Нарантуяа түүний ач охин гэнэ лээ. Гэхдээ эмээгийн хоолой түүнийхийг бодвол илүү уран, илүү уянгалаг юм билээ. Дуучин эмээг амьдрал дандаа жаргалаар шагнасан уу гэвэл үгүй. Бараг бүтэн зуун жил амьдрахдаа үзсэн туулсан, давсан даваа болгон нь эдүгээ магнайд нь арилшгүй гүн зам болон дурайж байх шиг.

О.Нямжав гуай эхээс дөрвүүлээ хэдий ч одоо харин ганцаархнаа. Түүний үзэж туулсан хагацал үүгээр тогтоогүй. Хань ижил тэр ч бүү хэл үр хүүхдээ алдах харууслыгэнэ биеэрээ туулсан нэгэн. Гэвч хугараагүй ноён нуруу гэдэг шиг тэр зовлонт өдрүүдийн ард шүдээ зууж, нүдээ аниад л даваад гарсан хатан зоригтой эмэгтэй. Тийм ч учраас өнөөдөр үр ач нийлсэн 160 гаруй хүмүүсээр хүрээлүүлэн энэ зун төрж өссөн Идэрийн голдоо очиж ургийн баяраа хийхээр сэтгэл догдлон зэхэж суугаа гэнэ лээ. Тэр бидэнд өнгөрсөн шөнө зүүдэлсэн зүүдээ ярьж өгсөн юм.

Тэрбээр, “Би их л залуухнаараа байх юм. Дэнгийн гэрэлд ширдэг оёж, завсраар нь утас ээрүүлдэж байна гэж зүүдэллээ. Залуу насаа үгүйлсэн бололтой” хэмээн сүүрс алдан, бодлогшронгуй өгүүлж суухад залуугийнх нь гоо үзэсгэлэн хацрынх нь цаанаас ягаарах шиг. Амьдарна гэдэг их аз. Залуу байна гэдэг жаргал ажээ. Жинчиний гэргийтэй хөөрөлдөж өнжсөн тэр өдөр уярал ухаарал сүлэлдсэн сайхан өдөр байлаа. Хаа холын үлгэр шиг түүх өгүүлж, уярал ухаарал түгээсэн “муушигчин” эмээ урт удаан насалж, жил жилийн цэцэгсийг үрстэйгээ хамт үзээрэй. Хувьтай хүмүүн та хулгана жилдээ энх амар, эрүүл саруул, үрстэйгээ жаргаж суух болтугай. Ирэх жилийн сар шинээр эргэн золгоё, тантайгаа.