Улаанбаатар хотын хоолой хорсгосон утааг байхгүй болгох хамгийн зөв шийдэл бол гэр хорооллын бүх өрхийг орон сууцжуулах. Гэвч ингэх боломж бололцоо ойрын 10 жилд лав байхгүй. Харин үүний оронд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг 100 хувь цахилгаанаар шийдэх нь хамгийн ойрын хугацаанд хэрэгжих боломжтой гарц шийдлээр тодроод байгаа билээ.
Иргэдийг түүхий нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаан халаалт ашиглахыг дэмжих зорилгоор Засгийн газраас “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт эдлүүлэх журам” гэгчийг батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг журмыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хороо 203 дугаар тогтоолоороо тарифын хөнгөлөлтийг тогтоожээ. Тус тогтоолын нэгдүгээр заалтад “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2017 оны арваннэгдүгээр сарын 01-гний өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай” гэжээ.
Уг тогтоолыг уншихаар цахилгаан эрчим хүчээр халаалт, дулаанаа шийдэх ажлыг төрөөс бодитойгоор дэмжиж байгаа мэт харагдаж байгаа биз. Гэвч бодит байдал дээр тийм биш. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Пүрэвсүрэн шөнийн тарифыг тэглэлээ гэсэн мэдээллийн дагуу бүх халаалтаа цахилгаан халаагуураар сольжээ. Гэтэл тэдний нэг сарын цахилгааны төлбөр нь 783883 төгрөг гарсан байна. Энэ бол дундаж цалинтай хүний бүтэн хоёр сар ажиллаад гар дээрээ авдаг мөнгө. Яагаад ийм өндөр гарсныг төлбөрийн баримтаас шүүж үзэхэд шөнийн тарифаас 1500 кВт.цагийг хассанаа тэглэсэн хэмээн мэдээлсэн болохыг ойлгожээ. Түүгээр ч зогсохгүй тэглэсэн гээд байгаа Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр хэмээн 79323 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байжээ.
Ямар учраас иргэдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэгчийг авч байгаа ямар эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэрээр ийм төлбөр авсан талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Д.Цэнгэлмаагаас тодруулахад “Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг бүх айл өрхөөс авч байгаа. Тэгэхдээ тухайн өрхийн хэрэглэсэн кВт.цаг тутмыг 11.88 төгрөгөөр тооцож авдаг. Манайхаас энэ төлбөрийг тогтоогоогүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу иргэдээс авч байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаагүй” гэсэн хариултыг өглөө. Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт бодит амьдрал дээр иргэдэд хэрхэн хүрч байгааг сурвалжлахад иргэд дараах хариултыг өглөө.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Баяраа:
-Манай оффис 756 м2 талбайтай. Энэ талбайг хамгийн багадаа 10 кВт.цагийн цахилгаанаар халаадаг. 10 кВт.цагийг 24 цагаар бодоход хоногт 240 кВт.цаг болно. Үүнийгээ 30 хоногоор үржүүлэхэд сарын 7200 кВт.цагийн төлбөр гарч байгаа биз. Үүнийг өдрийн тариф буюу нэг кВт.цагийг 128 төгрөг 50 мөнгөөр үржүүлэхэд 925200 төгрөг болно. Гэтэл манай байгууллага 380 В-ын хүчдэлтэй. 380 В-ын хүчдэлийн төлбөрийг эд нар тооцож авахдаа гүйдлийн трансформаторын коэффициентээр үржүүлдэг.
Гүйдлийн трансформаторын төлбөр нь 2500 төгрөг байдаг. Үүнийг 7200 кВт.цагаар үржүүлэхэд 18 сая төгрөг болно. Үүн дээр НӨАТ-ын 10 хувь буюу 1.8 саяыг нэмэхээр бараг 20 сая төгрөг болно шүү дээ. Орой 17.00 цагаас 22.00 цаг хүртэл ОХУ-аас тог авдаг гээд чадлын тариф гэдэг зүйлийг нэмж тооцож авдаг. Үүний нэг кВт.цагийн төлбөр нь 9000 төгрөг байдаг. Ингэхээр байгууллагын тогонд зарцуулах төлбөр нь 21 сая төгрөг болно. Сард зөвхөн цахилгаанд 21 сая төгрөг төлөөд байгууллага оршин тогтноно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхэд нүүрсээр халаахад сард сая төгрөгийн зардал гардаг. Манай байгууллагын ердийн хэрэглээний цахилгааны зардал сардаа сая төгрөг болдог. Сард хоёр сая төгрөг төлөх үү, 21 сая төгрөг төлөх үү гэдэг бодох асуудал байгаа биз.
Үргэлжлэлийг МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИНООС уншина уу.