ЦЕГ-аас 2020 оны эхний хоёр сарын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга хурандаа О.Зоригтоос баярын өдрүүдэд гарсан хэрэг зөрчил болон хөл хорио нээсэнтэй холбоотой Улаанбаатар хот руу орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний талаар тодрууллаа.
-Он гарснаар эхний хоёр сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг бүртгэгдээд байна вэ?
-Эхний хоёр сарын байдлаар нийт 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал 691 хэргээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Бүртгэгдсэн гэмт хэргүүдийн 65.3 хувь буюу 4405 хэрэг нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна. Монгол улсын эрүүгийн хууль 20 бүлэг гэмт хэргийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байдаг. Одоогийн байдлаар энэ бүлэг гэмт хэргүүдээс 13 бүлэг гэмт хэрэг өнгөрсөн жилийхээс буурсан, таван бүлэг нь өссөн бол хоёр бүлэг нь огт бүртгэгдээгүй байгаа юм. Манай улсад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 80 гаруй хувийг эрүүгийн хуулийн хоёр бүлэгт заасан хэргүүд эзэлдэг гэсэн статистик мэдээлэл байдаг. Нэгдүгээрт, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай, дээрэм, залилан гэх мэтийн бусдын эд хөрөнгөд хор учруулах гэмт хэрэг ордог. Энэ төрлийн гэмт хэрэг нь эхний хоёр сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлсэн. Хоёрдугаарт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодоон, танхай зэрэг нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 19 хувийг эзэлж байна.
-Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил хэр их гарсан бэ?
-ЦЕГ-ын дарга дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хоёрдугаар сарын 23-27-ны өдөр буюу битүүнээс шинийн 3-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ хугацаанд 5869 дуудлага хүлээж авснаас 186 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бол үлдсэн нь зөрчлийн шинжтэй согтуурлын дуудлага байсан. Энэ он гарснаар гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан нь эерэг үзүүлэлт боловч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд ирсэн дуудлагаас 7.2 хувиар өссөн. Иргэд үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байгаа ч гэртээ архи согтууруулах ундааг хэрэглэх нь их байна. Улсын хэмжээнд энэ хоёр сард 17430 хүн эрүүлжүүлэгдсэнээс 1460 нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй 37 иргэн байгаа. Үүнээс гадна баярын өдрүүдэд бусдын амь насыг хөнөөсөн гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн. Тус дөрвөн тохиолдол нь бүгд ахуйн хүрээнд архидан согтуурч байх үедээ үйлдэгдсэн хэрэг юм. Хамт архи ууж байгаад нэг найзаа хутгалж хөнөөсөн хоёр тохиолдол, эхнэр нь нөхрөө хөнөөсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Харин дөрөвдөх тохиолдол нь шунахайн сэдлээр нэгнийгээ боож амь насыг нь хөнөөсөн хэрэг бүртгэгдлээ. Гэхдээ хоёрдугаар сарын эхний 14-ний өдөр хүртэл хүлээж авсан дуудлага мэдээлэл дараагийн хоёр долоо хоногт 20 орчим хувиар буурсан. Үүнийг төр засгаас авч буй шийдвэрүүдтэй шууд холбож үзэж болно. Тухайлбал, хоёрдугаар сарын 27-ны өдрөөс нийслэл дахь бүх төрлийн баар, фитнесс, тоглоомын газрын үйл ажиллагааг бүрэн зогсоосон нь гэмт хэрэг зөрчил бага гарахад эерэг нөлөө үзүүлж байна.
-Хот руу орох хөдөлгөөн нээгдсэнээр хичнээн тээврийн хэрэгсэл орж ирсэн бэ. Хөл хорионы үеэр ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагаас 4-ны өдрийн байдлаар 31.990 тээврийн хэрэгсэл, 108 мянга гаруй иргэн орж, гарах хөдөлгөөн хийсэн байна. Үүнээс 20.300 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж ирсэн бол орон нутаг руу 11.690 тээврийн хэрэгсэл, 34 мянга гаруй иргэн зорчсон тоо баримт бий. Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас хот хоорондын улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт хяналтын цэгийг байгуулан хяналт шалгалтыг хийж ажилласан. Мөн хязгаарлалт тогтоосон хугацаанд 5428 тээврийн хэрэгсэлтэй 11809 зорчигч бүхий тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчих гэсэн оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авлаа. Орон нутагт онцгой комиссын бичгийг ашиглан хууль бусаар хүн тээвэр хийх гэж байсан зөрчил гарсныг мөн илрүүлж арилгуулсан. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмээ жолоочид биелүүлэн зорчиж, хүний амь нас хохирсон осол аваар бүртгэгдээгүй байна. Харин хурд хэтрүүлсэн 179 зөрчлийг илрүүлэн торгууль оногдуулж, хүн тээвэр хэтрүүлсэн 102 жолоочид арга хэмжээ тооцож илүү зорчигчийг буулган зөрчлийг арилгуулж ажилласан. Түүнчлэн хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон.
-Баярын өдрүүдээр зам тээврийн осол хэр их бүртгэгдсэн бэ. Бага насны хүүхэд нас барсан мэдээлэл хэд хэд гарсан. Энэ үнэн үү?
-Зам тээврийн осолтой холбоотой дуудлага 54.3 хувиар буурсан гэх зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан. Гэхдээ баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтсэн. Үүнээс гурав нь хүүхэд гэмтсэн тохиолдол байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд есөн хүний амь нас хохирсон бөгөөд үүний долоон тохиолдол нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Эдгээр долоон тохиолдлын дөрвөн нь автомашинтайгаа ухрахдаа анхаарал алдсанаас 2-5 настай хүүхдүүдээ эцэг эх нь дайрч амь насыг нь хохироосон харамсалтай явдал гарсан. Хөдөө орон нутагт хүний амь нас хохирсон хоёр тохиолдол нь мотоциклтой явж байгаад осолдсон юм. Бид энэ ослуудыг гаргахгүй байх боломж байсан. Олон нийтийн хариуцлагагүй анхааралгүй байдлаас болж гарсан ослууд учраас иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Цагдаагийн байгууллага бусад төрийн албан хаагчдын адилаар хорио цээр тогтоосон өдрүүдэд өндөр ачаалалтай ажиллаж байна. Төр засгийн зүгээс гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж иргэний үүргээ сайн биелүүлсэн иргэддээ талархал илэрхийлж байгаагаа хэлмээр байна.