ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

30 сая хоньтой Монгол Улс Казахстанаас ноос импортолно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-26

Монголчууд эртнээс нааш мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, уналга, хувцас хэрэглэлдээ малынхаа ашиг шимийг ашигласаар ирсэн байдаг. Эдүгээ ч малчин өрхийн гол амин зуулга, эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь мал аж ахуй болж байгаа юм.  Манай улс гуравхан сая хүн амтай. Харин 2017 оны тооллогоор 66 сая мал тоологдсон бөгөөд үүний 30 сая нь хонь, 434 мянга нь тэмээ байгаа юм. 

Тэгвэл хүн амын тооноосоо даруй 10 дахин их хоньтой Монгол Улс Казахстанаас хонь, тэмээний ноос импортолно гэх хачирхалтай мэдээлэл Казахстаны www.inform.kz сайтад нийтлэгджээ. Тус сайт Казахстаны Актобэ бүсийн орлогч Засаг даргын мэдэгдлээс ишлэн уг мэдээллийг нийтэлсэн байв. 

Үүнд “Актобэ бүсийн хонь, тэмээний ноосыг Монгол руу экспортлохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар Засаг даргын орлогч Мавр Абдуллин “Орон нутгийн бизнес эрхлэгчид Монголын аж ахуйн нэгжүүд рүү түүхий эд экспортлохоор харилцаа холбоогоо сайжруулж байгаа. Монгол Улс тэмээний ноосон оймс, өмд, бусад хувцас үйлдвэрлэлээрээ алдартай” гэж ярьжээ.

Ингэхдээ нэг кг хонины ноосыг 50 тэнгэ, тэмээний ноосыг кг тутмыг нь 700 тэнгэгээр тус тус экспортлох юм байна. Энэ төрлийн бизнес эрхлэгч Кайрат Куттимуратов “Монгол руу жил бүр 200 тонн тэмээний, 500 тонн хонины боловсруулсан ноосыг тус тус экспортолно” хэмээв. Тэрбээр мөн Мангистау, Атирау, Кизилорда бүс нутгуудад ноос авах төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа аж” гэсэн байна. 

Мэдээнд дурдсанчлан тус улсаас манай улс руу хонины ноос экспортлоход кг тутам нь монгол мөнгөөр тооцвол,  360 орчим төгрөг байх бол тэмээний ноосны тухайд 5000 төгрөгийн үнэтэй байх нь. Тэгвэл Монголд өнгөрсөн оны байдлаар хонины ноос 1800, тэмээний ноос 4500 төгрөг байжээ.  Казахстаны Актобэ бүс нутаг нь манай улстай нэгэн адил тэмээ, хонины ноосон эдлэл үйлдвэрлэдэг юм байна. Түүнчлэн, Мангистау, Атирау, Кизилорда зэрэг бүс нутаг ч Монголтой төстэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас хангадаг бөгөөд Казахстаны нийт тэмээн сүргийн 40 гаруй хувь нь зөвхөн эдгээр бүс нутагт байдаг аж. Тиймдээ ч, тэмээ, хониныхоо ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, манай улс руу экспортлохоор яриа хэлцэл хийж буй бололтой.  Гэтэл эсрэгээр Монгол Улс ч тэмээ, хониныхоо ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрмэлздэг билээ. Улсын хэмжээнд тэмээ, хонины ноос боловсруулах, хувцас, эдлэл сүлжих, оёх олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн оны эхний таван сард манай улс 8.1 сая ам.долларын самнасан ноолуурыг экспортолжээ. Үүний 96.7 хувийг Итали, хоёр хувийг Энэтхэг, 0.7 хувийг Япон, бусдыг нь БНХАУ, БНСУ-д нийлүүлсэн гэсэн статистик мэдээлэл бий. Харин самнаагүй 3.3 сая ам.долларын  хонины ноос экспортолсны  96 хувийг нь зөвхөн БНХАУ руу гаргасан байдаг юм байна.