ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны үнээ бууруулах албан бичиг ирүүлэхийг ШӨХТГ-аас шаардлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-17

ШӨХТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОХУ-ын "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобинзен 539 ам.доллар, АИ92 автобинзен 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болсон юм. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 автобинзен тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Энэ талаар  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ,  "Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд А80 автобинзен литр нь 1730, АИ92 автобинзен 1835 Дизель түлш литр тутамдаа 2464 төгрөгөөр тус тус Улаанбаатар хотод борлуулагдсан.

Улмаар УУХҮЯ агентлагуудын ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоо, төвийн бүсийн хэмжээнд буй загварыг ашиглан тооцоо хийж үзжээ. Ингэхэд А80 автобинзен литр тутамдаа 198, АИ90 автобинзен литр тутамдаа 194 дизель түлш литр тутамдаа 335 төгрөгийн ашигтай байсан аж.

Тиймээс  ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлжээ.  Мөн автомашин эзэмшигчдэд хэзээнээс үнээ бууруулах гэж буй мэдээллээ ил тод тавихыг шаарджээ.