ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагва: Хяналт, шалгалтаар дөрвөн компанид 1.3 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-03-18

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, борлуулалтын нөөцөд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ болон холбогдох бусад төрийн байгууллагуудад үүрэг болгосон. Тухайн чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч, зах худалдааны цэгүүдэд өдөр бүр хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтын явцад ямар зөрчил илэрсэн, түүнд холбогдох шийдвэрийг хэрхэн  авч байгаа  мөн ААН-үүдэд ямар шаардлага мэдэгдэл хүргүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас тодруулаа.

-Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэг­лэгчийг хохироосон асууд­лууд гарсан. Бүтээг­дэхүү­нийхээ үнийг нэмж зарсан компаниудад ямар арга хэмжээ авсан бэ?
-Улсын хэмжээнд өндөр­жүүл­сэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй хол­боо­тойгоор өргөн хэрэг­лээний бараа бүтээг­дэхүүний  хомсдол, нөөцөд хяналт тавьж, үнийн хөөрөгдөлд ШӨХТГ хяналт тавьж ажиллаж байгаа. Иймд гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 16-ны өдөр “Номин Тав Трейд” ХХК буюу Улсын их дэлгүүрт махны үнийг нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд тус компани гуравдугаар сарын 10-ны өдрөөс хонины ястай махны үнийг килограмм тутамд 1000-1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон.  Тиймээс уг компанийг Зөрчлийн хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Мөн “И март” дэлгүүр нь гуравдугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 килограмм тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1300-аас 1700 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон тул мөн адил 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байгаа.

-20 сая төгрөгөөр торгосон шийдвэр нь арга хэмжээ тавих хөшүүрэг болж чадах уу. Олсон орлогыг нь  нотлоод хурааж авах боломж байдаг уу?
-Хор холбогдлоор нь тооцон нарийн нягтлан шалгахад хүндрэл бэрхшээл гарна. Мэдээж хор хохирол байгаа гэхдээ энэ бол бидний зүгээс алдаа гаргасан бизнес эрхлэгчдэд зориулж цаашид алдаагаа засаад ажиллах боломжоор нь хангаж өгч байгаа явдал юм. Бид дарамтлах шахах байдлаар торгууль тавиагүй. Сануулсаар байхад шаардлага хүлээж авахгүй дүрэм журам мөрдөхгүйгээсээ болж торгууль төлөөд байгаа гэдгийг ойлгуулмаар байна. Зарим иргэдийн дунд бизнес эрхлэгчдийг төр дарамталж байна гэдэг яриа гарсан. Энэ нь худал бөгөөд дүрэм журмын дагуу ажиллаж байгаа. Бизнес эрхлэгчид өөрсдөө онцгой анхаарах хэрэгтэй.

-Цаг үеийн байдлаас хамаарч зарим эмийн сангууд гар ариутгагч бодис зэргийг энгийн  үеэс өндөр үнээр худалдах байдал ажиглагдсан тэдэнд шаардлага хүргүүлсэн үү?
-Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд маш олон байна. Эдгээр байгууллагуудын эрх үүрэг хариуцлагыг тусгай зөвшөөрлийн журамд нь  тодорхой зааж өгч ажиллуулах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олгохдоо төрийн байгууллагууд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар тусгай зөвшөөрөл авсан худалдааны байгууллага, эмийн сангуудад цаг үеийн шуурхай мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Нөгөө талаар зарим эмийн сангууд шалгалтын үеэр 4500 төгрөгийн ариутгалын шингэнийг 11500 төгрөгөөр зарж байгаа  тохиолдол гарсан. Энэ талаар нь тодруулахад “тэгвэл бид зарахаа болилоо” гэсэн хариулт тавьж байна. Тусгай зөвшөөрөл авсан бол  тухайн байгууллага төрийн өмнө үүрэг хүлээж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрэв энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж чадахгүй бол тусгай зөвшөөрлөө өгөх хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан.

-“Эм-Си-Эс Кока Кола” компанийг торгосон асуудал яригдсан. Ямар шалтгаанаар торгосон бэ?
-ШӨХТГ-аас байнга худалдаа аж үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт, шалгалт хийж ажилладаг. Өнгөрсөн жил “Эм-Си-Эс Кока Кола” ХХК өөрийн үйлдвэрлэдэг бүх төрлийн ус ундаа болон, импортоор оруулж ирдэг ундаа, жүүс зэргийг зах зээлд борлуулах нэг үнийн бодлого баримталж, “Номин Тав Трейд” ХХК, “Скай Хайпермаркет” ХХК,  Моннидер ХХК-ын супермаркет , дэлгүүрээр ижил үнээр борлуулахаар харилцан тохиролцон гэрээ хийсэн. Уг гэрээг хийснээр “Номин Тав Трейд” ХХК, “Скай Хайпермаркет” ХХК,  “Моннидер” ХХК-д “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг ус, ундаа шүүсийг гэрээнд заасан үнээс хямд үнээр  хэрэглэгчдэд борлуулах боломжгүй. Ингэж борлуулсан тохиолдолд ус, ундааны нийлүүлэлтийг хязгаарлаж, хямдруулсан барааны үнийг буцаан нэмж, гэрээний үнийг мөрдөж ажиллах шаардлагыг жижиглэн худалдаа эрхэлж буй ААН-үүдэд хүргүүлж байсан юм. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн. Тиймд ШӨХТГ-аас 2018 оны наймдугаар сард “Эм-Си-Эс Кока Кола” ХХК-д 1.2 тэрбум төгрөг, “Номин Тав Трейд” ХХК-д 67.8 сая төгрөг, “Скай Хайпермаркет” ХХК-д 11.6 сая төгрөг,  “Моннидер” ХХК-д 11.9 сая төгрөгийн торгуулийг тус тус ногдууллаа. “Эм-Си-Эс Кока Кола” ХХК хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлыг нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх, Улсын дээд шүүхээс  тус тус хангахгүй орхиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын улсын байцаагчийн оногдуулсан 1.2 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.