Засгийн газар өчигдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцлээ. Коронавирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тул онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлсэн юм. Монголбанкнаас мэдээлж буйгаар, хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад ихээр ханджээ. Мөн нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд танилцуулсан аж.
Нийт зээлдэгчдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй
Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журамд тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой юм билээ. Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Үүнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм. Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээлд хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн” гэлээ.
29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэжээ
Харин ББСБ, ХЗХ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны харьяанд зохицуулагддаг байгууллагууд зээлийн 7.4 хувьд ажиллаж байна. Активын журмын ангиллыг Сангийн яамтай хамтарч баталдаг бөгөөд шийдвэрийг зээлдэгчид ААН-үүдийн хүсэлтийг үндэслэн гаргажээ. Энэ талаар, “Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ, “ББСБ, ХЗХ-ны хувьд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал буурдаг бол энэ хугацаанд хэдэн ч удаа хуваарьт өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. Зохицуулалтын байгууллагуудтай ярьж байна. СЗХ-ны зүгээс хүүгийн дарамт, зээлийн эргэн төлөлтийн талаар мэргэжлийн холбоод, санхүүгийн байгуулагынхантай уулзаж байна. 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй болсон байна. Зарим нь хүү, үндсэн төлбөр дээр хөнгөлөлт үзүүлж байна” гэлээ.
Сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах, эсэхийг судалж байна
Мөн гуравдугаар сарын 30-ны өдрөөр сургууль, цэцэрлэгийн карентиний хугацаа дуусгавар болно. Сургууль, цэцэрлэгийн карентинийг сунгах эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгэж буй. Тэгвэл энэ асуудлыг БСШУС-ын яам судалсны эцэст, энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 20-ны өдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар оруулж, шийдвэр гарах аж.
...Энэ талаар Ё.Баатарбилэг сайд хэлэхдээ, “Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг БСШУС-ын яам судалж байна. Гэхдээ Эрүүл мэндийн яам, нийслэл, орон нутгийн сургуулиудаас саналыг нь сонсч улмаар энэ баасан гарагт Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна. Манай яам дангаараа шийдэхгүй. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Түүнд нь 12 дугаар ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна. Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, Их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байгаа” хэмээн мэдээллээ.
Мөн АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцжээ. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд тус эмнэлгийг хувьчлах нь гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Харин өчигдрөөс БСШУСЯ-ны харьяанд шилжиж байгаа учраас ажлын хэсэг гаргажээ. Ингэснээр эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийджээ.