Өчигдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн өдөр тохиож цахим орчинд цэрэг хувцастай зургаараа эр эмгүй давалгаалж, өдөржин баярлав бид. Угтаа энэ өдөр бол туурга тусгаар Монгол Улсын торгон хилийн манаанд үүр хаяарахыг үзсэн хүний баяр. Цэргийн алба хааж, эх орныхоо энх тайвны төлөө гар бие оролцсон хэн бүхний баяр. Харин дэлгэцийн ард цэцэрхэж, нэг удаа цэргийн хувцас өмсөж зураг авахуулсан хүмүүсийн баяр биш юм.
Эх орны хөгжил цэцэглэлт, иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөө төрийн сэнтийд сууж, удирдан жолоодно хэмээн тангараг өргөсөн ч аюул тулгарсан онцгой цаг үед усанд хаясан чулуу мэт сураг алдарсан түшээдийн ч баяр биш юм. Харин дэлхий нийтийг айдаст автуулсан аюулт өвчинтэй тэмцэлдэж буй эрүүлийг хамгаалах фронтын тэргүүн шугамд яваа эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын баярлах өдөр. Өлсөх гэдэс, унтах нойроо хасч, эрүүлийн манаанд өдөр шөнөгүй бат зогсож байгаа мянга мянган алба хаагчид, эмч нарын баяр. Эх орон элэг нэгтнийхээ төлөө гээд тэтгэврийн мөнгөө бариад ирж байгаа эгэл жирийн иргэний баяр. Эх орны тайван амгалан байдлын төлөө хичээл зүтгэл, сэтгэл гаргаж “гараа хөдөлгөдөг” хүмүүсийн баяр юм. Учир нь тэд бол жинхэнэ эх орончид. Энэ улсын төлөө юу байна түүнийгээ бариад зогсож байдаг хүмүүс.
Тэгвэл энх тунх цагт эх орон гэж хамгийн их хашгирдаг эрх мэдэлтнүүд аюулт өвчин нүүрлэсэн энэ онцгой цаг үед хаана байна вэ. Сандал суудлын томилгооны үед нэг ч цоожтой хаалгагүй байдаг саарал ордон эдгээр өдрүүдэд эл хульхан байгаа нь хачирхмаар биш гэж үү. Шаварт унасан шарын эзэн гэдэгчлэн Эрүүл мэндийн сайд, ажилчид Улсын онцгой комиссынхонд асуудлыг ацаглаж орхиод хувиа борлуулан алга болцгоожээ. Магад сонгуулийн ажлаа хийгээд завгүй яваа ч байж болох. Ямартай ч саарал ордны зөөлөн сандалд тухалсан эрхмүүд эх орон, ард түмэн нь аюулт өвчинтэй тэмцэж байхад эзгүй байна. Эх орон гэдэг эгэл жирийн бүхнээс, элэрч элэгдэж дуусталаа байрандаа оршдог газар хэвтэх ширхэг чулуунаас эхэлдэг гэдэг. Энэ цаг үед ч эрх мэдэлтнүүд биш харин эх орон элэг нэгтнээ гээд хоттой хониноосоо таслаад өгөх малчин, тэтгэврийн мөнгөө бариад ирэх хөгшин, амттан авах мөнгөө хандивлах хүүхдүүд л жинхэнэ эх оронч байна.
Нэг ч хүнийг өвчинд нэрвэгдүүлэхгүй юмсан гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхан эх оронч байна. Анхаарал болгоомжоо алдах вий гэж цасан шуурганаар эргүүлд гарч байгаа алба хаагчид л эх орончид. Түүнээс биш энх тунх цагт эх орон гэж байдгаараа бархирдаг хэрнээ онцгой үед амиа бодоод усанд хаясан чулуу мэт алга болж буй төрийн түшээд лав эх орончид биш юм.
Нэг даргын хаалганаас нөгөө даргын хаалганд очиж царайчлан хөлөө эргэтэл явж байж зээлсэн хэдхэн төгрөгөөрөө босгосон аж ахуйгаасаа зөгийн бал бариад ирж байгаа зөгийчин эх оронч болохоос биш албан тушаалаа ашиглаж зуу зуун саяар нь төрийн сан болгоноос зээл авсан эрх мэдэлтнүүд лав биш. Эрх мэдлээ ашиглаж, ард түмнээс “булаасан” мөнгөөрөө үйлдвэрлэл байгуулж, ажилгүйдлийг бууруулж гийгүүлдэггүй юм гэхэд тусгаарлалтад байгаа иргэдийн хоол унданд зарцуулаарай гээд таван төгрөг “хялайлгах” төрийн түшээ эдгээр өдрүүдэд байсан уу, үгүй. Төрөөс халамж горьдож, ажилгүйчүүдийн эгнээг тэлж суулгүй байгаа боломжоо ашиглан өөртөө ажлын байр бий болгож жижигхэн ч гэлээ амьдралаа залгуулаад байгаа үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийн оронд амин хувийнхаа ашгийг бодож, төрийн сэнтийд гарсан түшээд зөгийн балаа бариад ирж байгаа эгэл ардаас ичих ёстой. Амттан авах мөнгөө бариад ирж байгаа жаахан хүүхдээс ичих ёстой юм. Юм бүхний түрүүнд бид хямарлаа болохоо байлаа гэдэг сүлжээ дэлгүүрүүд өвчин далимдуулж үнээ нэмж байгаадаа ичих ёстой биш гэж үү. Тэтгэврийн хөгшин хүртэл байгаагаа бариад ирж байхад тэрбумтнууд харин юу бодож суудаг бол гэдэг үнэхээр сонирхом.
Өвчин далимдуулж үнээ нэмсэн “И-Март”, “Номин” тэргүүтэй томоохон сүлжээ дэлгүүрүүдийг саяхан ШӨХТГ-аас Зөрчлийн хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торголоо. Монголын тэргүүн баяны охин Н.Цэлмүүн, Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нар өвчин тахлын үед хүргэж хүртээж ядаж байгаа жирийн иргэний хэдэн төгрөгөөс шулахгүй бол хаалгаа барих гээд байгаагүй нь лавтай. Үнэндээ ногдуулж байгаа торгуулийн хэмжээ нь Н.Цэлмүүн тэргүүтэнд үдийн будаа. Барааныхаа үнийг нэмсэн эхний өдөрт л торгуулийн мөнгийг хэд дахин нугалж олох нь хэнд ч тодорхой. Автобусны буудалд ТҮЦ түрээслэн ажиллуулдаг хоолны газар нийгмийн хариуцлага хэмээн хөл хорионы үед ажиллаж байгаа цагдаа нарыг үнэгүй хооллож байхад аймаг бүрт салбартай сүлжээ дэлгүүрийн эзэд юу бодож суудаг бол.
Нийгмийн хариуцлага ярьдаггүй юм гэхэд өвчин тахал далимдуулж, үнээ нэмэхээсээ бага ч болов эмзэглэсэн, ичсэн болов уу. Ерөөс тахал дэгдсэн эдгээр өдрүүд товчхондоо хэн нь хэн бэ гэдгийг харуулсан “шүүлтүүрийн” өдрүүд байсныг фэйсбүүк хаягаа цэгцлэлтээс харж болох юм. Гэртээ сууж дэлгэцийн цаанаас ам уралдуулах энгийн нэгнээс эхлээд төрийн түшээ, тэргүүн баячууд хүртэл хэн нь хэн бэ гэдгийг энэ өдрүүдэд харуулж байна. Хүн хүний, байгууллага аж ахуйн нэгжүүдийн мөн чанарыг нүдний өмнө дэлгээд тавьчихлаа, энэ корона. Хэн нь эх орон, ард түмний төлөө хөдөлж байна. Хэн нь сэтгэл гаргаж байна. Хэн нь чоно борооноор гэдэгчлэн өвчин далимдуулж байна вэ гэдгийг та бид харж байна. Энэ бүхэн нүдний өмнө өрнөж байхад би эх оронч хэмээн оноо авах гэж соошлоор нялуурч суугаа түшээд, тэрбумтнууд үнэндээ ичиг. Цаг дээрээ Монгол Улсыг, монголчуудыг цаг наргүй ажилладаг энгийн нэг алба хаагчид, хил гаалийнхан, эмч эмнэлгийн ажилчид, эгэл жирийн иргэд л аврах юм байна гэсэн хошин дүгнэлт ч үнэний ортой ажээ.