ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багануурт химийн аюултай хог хаягдлыг булшлах юм гэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-20

Багануурт химийн аюултай хог хаягдлыг булшлах юм гэнэ. Бүр тэгээд хүн зон олноороо амьдардаг, Хэрлэн голынхоо хөвөөнд шахуу газарт!!! Эндээс тус гол 3 км ч хүрэхгүй ойрхон 3-р хорооны нутагт шүү!!! Эхлээд аюултай хог гэдгийг хаягдлын тухай хуульд юу гэж тодорхойлсон байдгийг эргэж нэг харцгаая. Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад "Аюултай хог хаягдал гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хорт хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон урт хугацаанд хорт нөлөөл үзүүлдэг, байгаль орчинд хорт шинж чанартай, устгасны дараа ч аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хягдлыг хэлнэ" гэсэн байна. БҮҮР УСТГАСНЫ ДАРАА Ч АЮУЛТАЙ!!! гэж тодорхойлсон бна шүү дээ бурхан минь.

Яагаад заавал Хэрлэн Дорнод аймгийн хүн малыг ундаалж байдаг Хэрлэнгийн хөвөөнд шахуу гэж? Энэ нь Багануур дүүргийн дүүргийн 30 мянган хүн амын эрүүл аж төрөх орчинд заналхийлээд зогсохгүй зүүн бүсийн аймгуудын иргэдэд ч ийнхүү аюул заналыг авч ирэх төслийг Багануурын удирдлагууд тухайлбал засаг дарга Ц.Сандаг-Очир та яагаад зөвшөөрөв? Яагаад аюултай гэж үү? Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд дараах газруудад химийн аюултай хог хаягдлыг булшлахыг хоригложээ.

Үүнд: 25.1.2. Усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд,

25.1.2. Хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид,

25.1.3. Хүн амын ундны болон гадаргын уснаас 2км-ээс бага зайд,

25.1.4. Үерийн усны дайран өнгөрөх өнгөрөх замд,

25.1.5. Ус намгархаг газарт,

25.1.6 Нефть, нүүрс, байгалийн хийтэй газарт булшлахыг зөвшөөрөхгүй гэж заасан байна. Гэтэл Багануур дүүргийн 3-р хороонд Талын толгой, Нугын тал, Хилчин зэрэг гэр хороолол болон төмөр замын орон сууцанд иргэд амьдардаг. Хуцаа, Нарийны голууд бороо их орсон үед үерлэн яг энэ хорооны нутгаар дайран өнгөрч Хэрлэн голд цутгадаг, урдхан талд нь Гүний нуур байдаг, Багануурын нүүрсний уурхай яг хажууд нь байдаг, газрын хэвгийгээ даган бүх бүх хур тунадас Хэрлэн голдоо цутгадаг төдийгүй энэ хорооны нутаг дэвсгэр тэр чигээрээ тус хуулийн хориотой заалтад орсон байна.

Хан Хэнтийн нуруунаас эх авч Монгол зүүн бүс нутгаар 1254 км урсдаг Хэрлэн гол химийн аюултай хог хаягдлаар бохирдоно гэдэг бол Төв аймгийн зүүн талын зарим сумд, Хэнтий Дорнод аймгийн экологийн тэнцвэрт байдалд аюултай сөрөг нөлөө үзүүлэх ба хүн, мал, ан амьтад ч нэгэн зэрэг хордож үр удам, генийн инженерчлэлтэд ноцтой хор хохирол учруулна. Монгол оронд хүн амьдардаггүй цөл газар нэлээдгүй бий. Тийм атал яагаад хүн малын нягтрал бүхий унд, ахуйн усны эх үүсвэрийн тэжээгдлийн муж болох, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутгийг тусгай хэрэгцээнд авах болов?

Биднийг зуны дэлгэр цагт айраг аарууландаа бялхаж байх хойгуур 2019 оны 8-р сарын 28-ны өдөр Монгол улсын Засгийн газар 337 тоот тогтоол гаргаж Багануур дүүргийн 3-р хорооны нцтаг дэвсгэрээс 10 га газрыг тусгай хэрэгцээнд авч, энэ газрын хилээс 1 км-ийн радиуст хүн, мал орших, газар тариалан ба үйлдвэр үйлчилгээг хаах тухай нийслэлийн засаг даргад үүрэгдсэн байна. Засгийн газар орон нутгийн эзэмшлийн газар нутгаас тусгай хэрэгцээнд шууд таслан авч тогтоол гаргах эрхтэй юу?!!! Мэдээж үгүй.

Тэгвэл ямар хуулийн үндэслэлээр хэн гэдэг эрхтэн дархтаны зөвшөөрлөөр авав гэдэг асуулт албан ёсоор гарч ирнэ. Тэгвэл Засгийн газар дураараа ингэж шийдсэнгүй. Хуулийнхаа дагуу л асуудлаа шийдсэн байна. Үүнд: Монгол улсын газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад "Газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх" гэж заасны дагуу л тогтоолоо гаргасан байна.

Өмнө нь аль хоёр гурван жилээс л Багахангай болон Төв аймгийн нутагт энэ зорилгоор тусгай хэрэгцээнд газар авах гэсэн боловч нутаг орон, байгаль дэлхий, хүн зондоо хайртай дээрх аймаг, дүүргийн ИТХ зөвшөөрөөгүй учраас Багануурыг онилсон хэрэг. Гэвч Багануур дүүргийн удирдлагууд ард иргэддээ мэдэгдэлгүйгээр энэ бүхнийг зөвшөөрч тусгай хэрэгцээнд 3-р хорооны нутаг дэвсгэрээс 10 га газрыг олгосон байна. Дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир та Багануурын төдийгүй Хэнтий Дорнодын хүн зон, байгалийн тэнцвэрт ноцтой хохирол учруулах энэ хэрэгтээ тайлбар өгнө үү? Таны зөвшөөрөлгүйгээр ИТХ тусгай хэрэгцээнд газар олгох асуудлыг шийдвэрлэхгүй. Тэгэх боломж ч байхгүй. Бусад аймаг дүүргийн удирдлагууд зөвшөөрөхгүй байхад юуны тулд ингэж эрх мэдлээ хэтрүүлнэм.

Та болон ИТХ-ын 25 эрхмийг ард түмний сайн сайхны төлөө зүтгэ гэж сонгосон болохоос бус Ардын намдаа үйлчил гэж сонгоогүй шүү!!! Манай улс аюултай хог хаягдлын эсрэг Базелийн гэрээнд 1996 онд, он удаан жил задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцид 2004 онд, мөнгөн усны хор хохирлын тухай Миниматагийн /Японы Минимата хотын химийн үйлдвэр мөнгөн ус ашигласан усаа далайд хаяснаас болж тус хотын олон мянган иргэд нас барж олон мянган хүн далайн бүтээгдэхүүнээр дамжин үүрдийн аюулт өвчтэй болсон/ конвенцид 2015 онд тус тус элсэж даян дэлхийн байгаль хамгаалах сангаас 7,6 сая ам.долларын санхүүжилт авсан байдаг.

Тэгсэн мөртөө одоо хүртэл асуудлаа шийдээгүй л яваа. Ямар сайндаа л 1960 оноос хойш нийт 60 жилийн турш устгаж чадаагүй байгаа химийн хатуу бодис 369 тонн, шингэн бодис 68 мянган литр байгаа. Зөвхөн ОБЕГ-ын түр агуулахад дахин ашиглах шаардлагагүй мөнгөн ус 238кг, мөнгөн усны давс 18 кг байна. Эх сурвалж: //www.zgm.mn/ Засгийн газрын мэдээ сонин//. Энэ бүх химийн аюултай хог хаягдал Багануурын нутаг дэвсгэрт булшлагдаж гол ус бохирдоно гэхээр ирээдүйд коронагаас дутуугүй аюул Багануурчууд төдийгүй Хэнтий Дорнодчуудыг түгшээж байна. Тийм учраас Хэнтий Дорнодчууд гол усаа, ирээдүйгээ, хойч үеэ хамгаалж эсэргүүцэн гарын үсэг цуглуулж байна. БАГАНУУРЧУУД БИД БҮХНИЙ АЙХ АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН АМЬДРАЛД АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙГАА УЧРААС ҮҮНИЙГ БИЧИГЛЭЛЭЭ 2020.03.16.

Эх сурвалж: Баганнуур дүүргийн иргэн Төмөрбатын Энхбаатар