ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг баталлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-04-11

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2020.04.10) үдээс хойшхи  хуралдаанаар “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулсан юм.

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулахад ач холбогдолтой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй эээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсныг Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэсэн. Санхүүжилтийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, 0.5, үйлчилгээний хураамж 0,75 хувь байх аж.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар төслийн зориулалтын талаар асууж, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай гэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн аж.

Ингээд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.