ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Бадраа: Малчид үр ашиггүй ямаан сүргээ дагах уу, хонин сүрэгтээ түшиглэсэн бизнесийн шинэ загварыг бий болгох уу гэдэг сонголт дээр ирээд байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-16

Өмнөговь аймаг ямаа ихтэй. Малчдынх нь орлогын гол эх үүсвэр ноолуур. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахал өвчнөөс болж ноолуурын үнэ унаж малчдын амьдрал ахуй хүнд байдалд ороод байна. Энэ үед Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа “Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр салбараа байгууллаа. Уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

-“Чинээлэг малчин” хөтөлбөр танай аймгийн малчдыг хүнд байдлаас гаргах гол гарц шийдэл мөн үү?

Короно хэмээх энэ өвчин бидэнд хүнд сорилт болж байна. Гэхдээ хамгийн муу зүйлээс ч сайн зүйлсийг олж авах боломж байдаг. Ноолуур үнэгүйдэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хязгаарлагдаж байгаа энэ үед бид аливаа эрсдлийг даван гарах чадвартай, урт хугацааны, тогтвортой орлогын эх үүсвэртэй болох ёстой юм байна гэдгийг ойлгож авч байна. Бас нэг сайн тал нь бид мал сүргийн бүтцээ зөв болгож авах явдал. Манай аймагт ямааны тоо толгой асар их. Нийт малын бараг 60 хувь нь ямаа. Бэлчээр устаж, ургамалын төрөл зүйл эрс цөөрч байгаа энэ үед бид өвөг дээдсээс уламжилж ирсэн 100 хоньд 15-20 ямаа гэсэн хуучин бүтцээ сэргээж авах боломж гарч байна. Ер нь говь нутгийн малчид эрт бизнес сэтгэлгээ суусан хүмүүс. Энэ хөтөлбөрийг шүүрч аваад хурдан хугацаанд ажил болгож чадна гэж бодож байна. Нөгөө талаас “Чинээлэг малчин” хөтөлбөр өөрөө олон нийтэд танигдсан, малчдын хүлээлтийг бий болгосон учраас бидний хувьд шууд зохион байгуулалтын ажилдаа орж байна.

-Ямааны тоо толгойгоо цөөлөхийг малчид дэмжих болов уу?

Зах зээлийн зарчмаар л шийдэгдэх байх. Нэгэнт ойрын хэдэн жилдээ ноолуур өндийхгүйг эдийн засагчид хэлж байна. Монголоос гарч буй ноолуур Италид очиж тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болдог. Гэтэл тухайн улс ямар байгаа билээ. Ноолууран бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг гол зах зээл нь ч Итали. Гэтэл ойрын хоёр жилдээ аялал жуулчлал дэлхий даяар бараг зогсох төлөвтэй. Харин нөгөө талдаа бэлчээрийн эрүүл хүнс, монгол малын мах дэлхийд илүү эрэлттэй болж байна. Угаасаа хамгийн сайн чанарын, өндөр зэрэглэлийн мах нь дэлхийд хонь, үхрийн мах л байдаг. Тэгэхээр үр ашиг муутай, бэлчээрийн дайсан болсон ямаагаа дагаад яваад байх уу, хурдхан шиг хонин сүрэг дээр түшиглэсэн бизнесийн шинэ загвар руу шилжих үү гэдгийг малчид бодож эхлэнэ. Зөвхөн малчид ч биш, уул уурхайгаас ажилгүй болсон залуучууд, төв суурин газрын хүмүүс ч бодож эхлээсэй. Ер нь бол өвчин тахал нүүрлээгүй байсан ч хонь нь ямаанаасаа эдийн засгийн үр ашгийн хувьд илүү гэдгийг “Чинээлэг малчин” хөтөлбөр баталчихсан шүү дээ. Үнэн гэдгийг нь бид ч батлан харуулна аа.

-Хонь, үхрийн мах нь өндөр зэрэглэлийнх байдаг гэж байна. Үхрийг говьд өсгөх боломж байгаа юу?

-Тун хэцүү. Гэхдээ боломжгүй зүйл байхгүй. Бид судалж байгаа. Харин говьд тэмээ гэж гайхамшигтай амьтан байна. Манай аймаг 6106 малчин өрхтэй. Бог,бод нийлсэн 3 сая толгой малтай. Тэмээ бол мэдээж манай сүргийн манлай. Магадгүй “Хонь” дэд хөтөлбөрийн дараа манай аймаг “Тэмээ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх байх гэж бодож байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Зөвхөн Өмнөговь гэлтгүй ер нь бид нэн түрүүнд малын үүлдэр угсааг сайжруулж сайнаас сайн төл гэсэн зарчим баримтлах цаг болж. Тиймээс бүх суманд үржлийн нэгж байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Монгол оронд, тэр дундаа говь нутагт тохирсон шилмэл үүлдэр омгийн, махны гарц өндөр цөм сүргийг бий болгоно. Сум бүрт байгуулагдах үржлийн нэгжүүд сайн чанарын эцэг малаа бүрэн хариуцах учраас малчиддаа ч илүү амар юм. Хаанаас, ямар нь мэдэгдэхгүй эцэг малыг хэн дуртай нь тавьдаг байдлыг халж, нэгдсэн бүртгэл системд оруулаад явна. Энэ бол маш том дэвшил авчирна. Малын ашиг шим шууд сайжраад явна. 

-Улсын төсөв бүрдүүлдэг томоохон аймгуудын нэг гэдэг утгаараа уул уурхайг дагасан хөгжил яригддаг. Харин энэ удаад та мал, малчин, бэлчээр  зэрэг  чухал асуудлыг хөндөж байгаа нь сонирхолтой  байна?

-Газрын гүн дэх баялаг Өмнөговийн иргэн бүрт хүрэх ёстой. Гэтэл чадаагүй малчид орхигдсон. Уух ус, бэлчээр нутаг талхлагдсан. Хөгжил бол байшин барилга биш юм. Хөгжил гэдэг бол амьдарч буй орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун чинээлэг дундаж давхарга бүхий иргэд юм гэж би хардаг. Нөгөөтэйгүүр бид ганц уул уурхайн баялагаас хараат байж боломгүй байна. Зэрэгцүүлэн хөгжүүлэх ёстой чухал салбараа орхигдуулсан. Дан ганц ухдаг бус ундардаг баялагтай байцгаая гэж би хэлдэг юм. Энэ ундардаг баялагийн хөрс суурь нь манай мал аж ахуй юм.

-Мал аж ахуйгаас уул уурхайгаас олдог шиг орлого олох боломжтой гэж  хэлэх гээд байна уу?

-Бүрэн боломжтой. Манай хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр энэ тухай их ярьж байгаа болохоор би давхцаж яримааргүй байна. Ер нь манай мал, малчин хоёр хэзээнээсээ л Монголчуудыг тэжээж ирсэн шүү дээ. Ирээдүйд ч ийм л байна. Одоо цаашлаад бүр монгол мал, малчин хоёр маань дэлхийг тэжээх боломж байгааг энэ хөтөлбөр харуулж байна. Хонины махны хэрэглээтэй хэдэн тэрбум хүн бидэнтэй зэрэгцээд амьдарч байхад бид хаа ч байхгүй бэлчээрийн малаа тордоод дэлхийн стандартад нийцүүлж өсгөж үржүүлдэг тийм хэлбэрт шилжих нь хамгийн зөв шийдэл. Эдийн засгийн энэ том эрсдлийг хэрхэн хохирол багатай давах тухай бодлого манай төрд алга. Усан оргилуур мэтхэнийг л бодож, хэлцээд сууна.

-Таны бодлоор хэрхэн эрсдэлгүй давж гарах вэ?

-Бид гарц шийдлийг холоос хайх хэрэггүй. Асуудлын гогцоо зангилаа бидэнд байж л байдаг. “Чинээлэг малчин” хөтөлбөр бол шийдэл. Тиймээс ч аймагтаа хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн дагуу малын бүтцээ өөрчлөөд, ингэхдээ эр, зусаг малаа эргэлтэнд оруулж бэлчээр усаа хамгаалж, эм хониор цөм сүрэг бүрдүүлж гол нь төл малыг өнжөөлгүй эргэлтэнд оруулдаг болцгоох нь чухал байна. Малчид ингэж ажиллаад сурчихвал бид эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхэд ойрхон байна.

-Эдийн засгийн эргэлтэнд оруулахад зөвхөн дотооддоо бус гадаад зах зээлд борлуулж таарах биз?

-Манай махны нэг жилийн дотоод хэрэгцээ 5-7 cая хонины мах л байдаг гэсэн өнгөрсөн жилийн статистик байдаг. Хэрэв малчид маань хөтөлбөрийн дагуу ажиллаад ирвэл экспортын асуудал хөндөгдөнө.

-Экспорт гэхээр л манай засгийн газар квот тогтоогоод өгчихдөг шүү дээ?

-Энийгээ л болих хэрэгтэй байгаа юм. Хоттой хониноосоо хэдийг нь хэнд зарж хэдэн төгрөгтэй болох вэ гэдэг тэр эрх чөлөөг малчиддаа үлдээх хэрэгтэй. Тэгэж байж бид Ардчилсан чөлөөт нийгмийн иргэд байх болно. Гэтэл эсрэгээрээ хүний хоттой хонийг хэн нэгэн сайд мэддэг болчихсон нь энэ эдийн засаг энэ хөгжлийг шууд гацааж байгаа юм шүү дээ.

-Малчдын чинээлэг байдал манай улсын эдийн засагт бодитой ашиг авчирна гэж та хэлж байна. Ямар тооцоолол байна вэ?

-Манай улсын хэмжээнд 230 гаруй үйлдвэрлэгч буюу малчид өдөр тутамдаа мал аж ахуй эрхэлж хүнс үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрлэгчийг өсч өндийлгөхөд улсаас бусад салбарт оруулдаг шиг нүсэр их хөрөнгө оруулалт шаардагдахгүй. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн дагуу малчдын ойлголт, хандлагыг өөрчлөх алхамуудыг хийгээд, цөөн тооны  малаар бэлчээрээ хамгаалж,  хөдөлмөрөө хөнгөвчлөх хэд дахин орлогоо нэмэгдүүлэх боломжит хувилбарыг танилцуулж  чиглүүлэн ажиллах л  шаардлага байгаа. Бусдыг нь манай малчид аяндаа хүссэн хүсээгүй өөрсдөө аваад явчихна. Говьсүмбэрийн 700 малчин өрхийг л харахад энэ зарчмаар ажиллаад үр өгөөжөө үзээд эхэлчихсэн явж байх жишээтэй. Манай говийнхон бас ийм мал маллагааны арга барилд шилжиж малчин бизнесүүд болох боломж бүрдсэнд баяртай байна. Малчдын олох орлого уул уурхайн орлого шиг төсвийн цоорхой бүрдүүлэхгүй, хэн нэг даргын халаасанд алдагдахгүй ерөөсөө шууд малчдын гар дээр орлого болж очихоороо л манай эдийн засагт шинэ үзэгдэл болох юм. Манай хүн амын 3/1 нь орлоготой болоод ирэхээр дагалдаад бусад салбарт бизнес эрхлэгчдийн худалдаа арилжаа, үйлчилгээ сэргээд төлөвлөгдөөгүй энэ их гэнэтийн орлого эдийн засагт цус сэлбэнэ шүү дээ.