Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж 20 тэрбум ам.долларт хүргэлээ. Мөн дэмжлэг туслалцааг илүү түргэн шуурхай, уян хатан үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны горимдоо тодорхой өөрчлөлтүүдийг оруулсаар байна.
АХБ COVID-19 цар тахлын эсрэг эхний ээлжид 6.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг 3 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Энэхүү цар тахлын нөлөөгөөр гишүүн орнуудад макро эдийн засаг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой хор хохирол учирсаар байгаа тул ийнхүү 13.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэлээ. Нийт 20 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцад хөнгөлөлттэй нөхцөлтэй болон буцалтгүй тусламжийн 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт багтаж байгаа болно.
"Энэхүү цар тахал нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн чиглэлээр олсон ахиц дэвшилд аюул учруулж, ядуурлыг бууруулах хүрээнд гаргасан ололт амжилтыг сулруулан, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал бий болгож байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава мэдэгдээд “Санхүүжилтийн энэхүү өргөтгөсөн багц дэмжлэг нь АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хүчтэй дэмжлэгийн үр дүн болох бөгөөд шуурхай, уян хатан, үр нөлөөтэй байдлаар хэрэгжиж, хөгжиж буй гишүүн орнуудын төр, хувийн хэвшилд цар тахлын болон эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь бодитой дэмжлэг болох болно” гэж онцлон тэмдэглэв.
Энэ оны 4 дүгээр сарын 3-ны өдөр танилцуулсан АХБ-ны шинэчилсэн үнэлгээгээр дэлхийн эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3-4.8 хувьтай тэнцэхээр байгаа бөгөөд бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 5.2 хувиас эрс саарч, 2020 онд 2.2 хувь болж буурах төсөөлөлтэй байна.
Энэхүү шинээр баталсан санхүүгийн дэмжлэг нь АХБ-ны Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн хүрээнд COVID-19 Цар Тахлын Эсрэг Арга Хэмжээний Хөтөлбөрийг хамарч байгаа болно. Нийт санхүүжилтээс 13 орчим тэрбум ам.долларыг зөвхөн уг хөтөлбөрийн санхүүжилтэд төсөвлөөд байна. Ингэхдээ COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг, ялангуяа хүн амын ядуу, эмзэг бүлэгт учруулж буй үр дагаврыг бууруулах зорилгоор хөгжиж буй гишүүн орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мөчлөг сөрсөн бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн эмнэлгийн багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах буцалтгүй тусламжийг үргэлжлүүлж, шуурхай олгох юм.
Батлагдсан 20 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцын 2 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийг дэмжихэд зориулах бөгөөд худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж дахин сэргээх зорилгоор санхүүгийн байгууллагуудад зээл олгож, батлан даалт гаргана.
Мөн COVID-19 цар тахлын хор уршгийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй болон цар тахлын нөлөөлөлд өртсөн хувийн хэвшил, төлбөрийн чадварын эрсдэлд орсон жижиг, дунд бизнес, үүний дотор эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилт, бичил зээл олгож, батлан даалт гаргах замаар дэмжлэг үзүүлнэ.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд бодлогын болон үйл ажиллагааны горимын зарим өөрчлөлтийг хийсээр байгаа бөгөөд эдгээрийн үр дүнд АХБ-наас хямралын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ илүү хурдан шуурхай, уян хатан болох болно. Энэ хүрээнд үйл ажиллагааны дотоод горим, үйл явцыг илүү хялбаршуулж, санхүүгийн дэмжлэгийн хамрах хүрээг өргөжүүлэн, зээлийн нөхцөл, шалгуурыг нэгэнт үүссэн нөхцөл байдалтай илүү нийцүүлэхээр ажиллаж байна.
Өргөтгөсөн санхүүжилтийн багцын хүрээнд АХБ-наас үзүүлэх бүхий л дэмжлэг, туслалцааг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны групп, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд зэрэг олон улсын байгууллагууд болон бусад талуудтай нягт хамтран ажиллах байдлаар хэрэгжүүлнэ.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: АХБ