Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт, экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос өсчээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1800-1072 утсаар 1378 хүн холбогдож, 1072 мэдээллийн төвийн байранд 476 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авчээ.
Хэвлэлийн хурлын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгуулна
Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, уурхайн кэмп дээр болохоор товлогдоод байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтыг өөрчилж, онлайнаар явуулахаар боллоо.
Хурлаар:
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай;
- Компанийг нээлттэй хувьцаат компани болгох арга хэмжээний тухай;
- Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авах юм. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшигчид www.ett.mn вэб сайт болон “1072 Хувьцаа мэдээллийн төв” пэйж хуудсаар хурлын лайв дамжуулалтыг үзэж, 1800-1072 утсаар холбогдон асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулснаар ногдол ашиг хуваарилах шийдвэр албажин баталгаажиж, 5 дугаар сарын 01-нээс хойш ҮЦТХТ-өөр дамжуулан иргэдэд ногдол ашиг олгож эхэлнэ. Тиймээс иргэд хувьцааны дансаа нээлгэх, хувьцааны данстай холбогдсон банкны дансаа шалгаж баталгаажуулах шаардлагатай. Хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 иргэн байгаагийн 1.550.000 нь банкны дансаа мэдүүлээгүй байгаа юм. Хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянга орчим иргэн байна.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулахтай холбооотой Гүйцэтгэх захирлын 2020 оны А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаас хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өгөгдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажилд одоогийн байдлаар Нийслэлийн Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд компанийн 30 орчим ажилтныг хуваарилан ажиллуулж байна.
Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанийн туслан гүйцэтгэгч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр ажиллахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс болоод ЭТТ ХК-ийн уурхайн ажилчид ээлжинд гарч, буухдаа жагсаал хийх хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компанид албан бичиг хүргүүлж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардсан. Мөн УУХҮ-ийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тас халагдсан ажилтнуудыг ажилд авах, техник дээр нь гарч байсан ажилтнуудыг өөр ажлаар хангах зэргээр уурхайчдынхаа ажлын байрыг хадгалах, ажилтай орлоготой үлдээхэд анхаарч, асуудлыг шийдвэрлээд байна. Ойрын өдрүүдэд яам болон Компанийн удирдлагын баг уурхай дээр очиж ажиллана. “Ти Ти Жи Ви Си Өү” ХК 48 цагийн сул зогсолт хийснийг эс тооцвол уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Олборлолт, ачилтын хэмжээ өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна.
Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж байна
Компанийн худалдан авалттай холбоотой ташаа мэдээллийг сошиал сүлжээнд цацах явдал гарсаар байна. Тухайлбал, “Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг шийдвэрлэж байна” гэсэн утгатай зүйлийг зарим иргэн фэйсбүүк хуудсаараа цацсан. Энэхүү мэдээлэлд дурьдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд 1 дүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. 02-р сарын 04-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны 12-р сарын 25-нд шийдвэр нь гарсан байна. Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл. Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна. Хэдийгээр иргэд хардах эрхтэй ч энэ нь гүтгэлэг, худал ташаа мэдээлэл тарааж болно гэсэн үг биш. Тиймээс үнэн бодит мэдээлэл олон нийтэд хүргэж байхыг хүсье.