Бид 200 гаруй жил Манж Чин улсын, даруй 70-аад жил ЗСБНХУ-ын хараанд байж ирсэн билээ. Үндсэндээ 300 жил бусдын мэдэлд байж л дээ. Арай гэж 1990 оноос улсаа өөрсдөө эзэн засах эрх мэдэлтэй болсон авч өнөөх л хэн нэгний хараат байх сурсан зангаа харин гээсэнгүй. “Хөнгөлсөн эзэндээ нохой янаг” гэдэгчлэн аль эсвэл урьд хөршөөсөө, үгүй бол хойд хөршөөсөө ямар нэг зүйлээрээ хараат байх гэж хичээсээр өдийг хүрэв. Түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсээр байна л даа. Тухайлбал, стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох бензин, шатах материалаар ганц улсаас буюу хойд хөршөөсөө хараат байсаар эдүгээг хүрчээ. Хэдийгээр өөрсдөө газрын тосны тодорхой хэмжээний нөөцтэй улс боловч өнөөх орд газраа өмнөд хөршдөө өгчихөөд, өөрсдөө хойд хөршөөсөө шатахуунаа импортолж, хараат байсаар л...
Үлгэрт ч гардаггүй үзлийн сонин үзэгдэл, хошин шогоос ч давах хоржоонтой найруулга манай улсад л болдог ажээ. Хэдийгээр саяхан манай Ерөнхий сайд шатахуун боловсруулах үйлдвэрийн шав тавьсан ч өмнө нь өчнөөн удаа шав тавиад бариагүйг нь бодохоор үйлдвэртэй болсных нь дараа л итгэхээс өөр арга алга. Мөн хойд хөршөөс хамааралтай байдаг цахилгааныхаа хэрэгцээг нөхөх зорилгоор усан цахилгаан станц барих хэрэг байдаг ч хойд хөршийнхөө зөвшөөрөлгүйгээр хөдөлж чаддаггүй бас л гачлантай. Гээд цааш нь үргэлжлүүлэхэд хойд хөрш Оросоос бид дээрх цөөхөн зүйлээр хараат бол харин өмнөд хөрш Хятадаас бараг бүх зүйлээрээ хараат болсон гэхэд болно. Тухайлбал, 1995 онд нийт экспортынхоо 17-хон хувийг өмнөд хөршдөө нийлүүлдэг байсан бол эдүгээ 90-ээд хувиа зөвхөн урд хөрш рүү гаргаж, тэдний хараат хэдийнэ болжээ. Тэр хэрээрээ тэднээс хараат болж байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэс 100 хувь, нүүрс 100 хувь, боловсруулаагүй буюу түүхий нефть 100 хувь, төмрийн хүдэр 100 хувь гэх зэргээр урьд хөршөөсөө хамааралтайг харж болох уртаас урт жагсаалт хөвөрнө. Байгалийн ашигт малтмалаас эхлээд самар, жимс, ноос, ноолуур, арьс, шир, тарвага, зурам, морь мал, сүүлдээ бүр ширхэг чулуу, хүрз шороог хүртэл тэдэнд өгч, эдийн засгийн хувьд нэг улсаас хэт хамааралтай болов. Нэр нь Монгол боловч нэдэр дээрээ Хятадын түүхийн эд ханган нийлүүлэгч улс болсон гэхэд хилсдэхгүй. Энэ жагсаалтын төрөл, зүйл жилээс жил ирэх тусам ихсэж, Монгол улс зөвхөн түүхий эд ханган нийлүүлэх бааз болон хувирчээ.
Бид өөрсдөө хадаг барин хүсэлт гаргаснаар хойд хөршөөс хамааралтай байсан эрчим хүчний хараат байдлаа урд хөршөөсөө хамааралтай болгохоор болж байна. Учир юун гэвэл, “Багануурын нүүрсний орд газрыг түшиглэн барьж буй 700 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл” юм. Эл цахилгаан станц байгуулагдсанаар бид урьд хөршөөсөө эрчим хүчний бүрэн хамааралтай болно гэж зарим иргэний нийгмийн байгууллагынхан үздэг. Тухайлбал, энэ талаар “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр, Багануур иргэний нийгмийн төлөөлөгч Д.Баатарсүрэн, эрчим хүчний инженер Т.Минжүүр нар “БНХАУ-ын компани уг концесст шалгарч, 25 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учирч байна. Тус гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг гэрээнд заасан тарифаар Монголын тал худалдан авах үүргийг хүлээжээ. Харин худалдан авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монгол Улсын Засгийн газар барагдуулах үүрэгтэй. Гэтэл гэрээнд заасан 4.2 тэрбум кВт эрчим хүч нь Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 60-70 хувьтай тэнцэж буй учир одоо хэвийн ажиллаж буй бусад ДЦС-уудын үйлдвэрлэл зайлшгүй буурч, улмаар хаагдаж болзошгүй нөхцөлд хүрнэ. Хэрэв хаагдвал 3000 монгол хүн ажилгүй болно” гэсэн юм.
Мөн “Багануур цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 9 цент буюу 225 төгрөг байхаар зааж өгчээ. Монгол Улс өнөөдөр ОХУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчний 1 кВт-ын үнэ 81.8 төгрөг байгаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ импортолж буй цахилгаан эрчим хүчний үнээс гурав дахин үнэтэй, ам.долларын ханш өсөхөд улам нэмэгдэхээр гэрээлсэн” байна хэмээн ярьсан юм. “Ийнхүү бид урьд хөршөөс эрчим хүчний хараат байдалтай болсноор, БНХАУ-ын гадаад бодлого, үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг-зэвсгийн хүчээр хамгаалах гэсэн онцгой заалт бий. Багануурын цахилгаан станцтай байгуулсан гэрээний хугацаанд цахилгааны төлбөр саатах, нүүрсний хэрэглээг нь хангаж чадахгүйд хүрэх зэрэг асуудал гарахад өөрийн улсын хөрөнгө оруулалтыг дээрх заалтаараа хамгаалах боллоо гэхэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй. Тиймээс улсынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг тооцоололгүй байгуулсан энэ мэт төсөл, концессыг эртхэн шалгаж, бодит гэрээг ард иргэдэд таниулж, зогсоох Засгийн газар, холбогдох яамд, АТГ, Тагнуулын байгууллагын анхаарах асуудлын нэг” хэмээн тэд хэлж байсан юм.
Энэ мэт бүхий л салбарт бусдын эрхшээлд, харийн хараат байх гэсэн хүсэл манай дарга нарт, бид бүхэнд байсаар байгаа нь харамсалтай.