Уушигны шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19” цар тахлын нөлөөгөөр олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах буюу “initial public offering” хийх үйл явц эрс буурч байна. Энэ оны 3 дугаар сарын байдлаар олон улсын зах зээлд “IPO” хийсэн компанийн тоо сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь 2013 оны 3 дугаар сараас хойш хамгийн бага үзүүлэлт болж байна. Энэхүү нөхцөл байдал 4 дүгээр сард улам муудна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд энэ сард Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлж “IPO” хийхээр төлөвлөж байсан аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь захиалгаа цуцалсан байна.
Олон улсын аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг “Ernst and Young” компанийн хийсэн судалгаагаар энэ оны 1 дүгээр сард хувьцааны үнэ өнгөрсөн
оны мөн үеэс өсөх хандлагатай байсан боловч “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, “IPO” хийх хүсэлтээ цуцлах компаниудын тоо эрс нэмэгдсэн байна. АНУ-ын хөрөнгө оруулалттай “renaissance capital group”-ын мэдээлж буйгаар Америкийн хамгийн том энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Warner Music” компани болон “Cole haan” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хувьцаа гаргахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ажээ.
Япон Улсын хувьд 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар энэ сард Токиогийн хөрөнгийн биржид хувьцаа гаргах захиалга өгсөн 16 компаниас 14 нь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “IPO” хийхээ цуцалсан байна.
“Ernst and Young” компанийн судалгаагаар цаашид ч мөн “IPO” хийх компаниудын тоо буурч, түүхэндээ хамгийн доод түвшинд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Үүнтэй холбогдуулан энэ оны 3 дугаар сарын байдлаар дэлхий даяар “IPO” хийх замаар хөрөнгө босгосон нийт үнийн дүн 7.1 тэрбум болсон бөгөөд энэ нь 2010 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулагчид өмнөх хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг авч чадахгүй байгаатай холбогдуулан шинээр хөрөнгө оруулалт хийх боломж хомс байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдаж байна.
Эх сурвалж: “Никкэй” сонин 18-ны өдөр