ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ТҮЦ” машиныг татан буулгахгүй

O.Admin
2018-06-28

УИХ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тус хуульд УБЕГ нь төрийн үйлчилгээг иргэдэд цахим үнэмлэх, хурууны хээгээр үйлчлүүлэх, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй гэх заалтууд оржээ. Үүнтэй холбоотойгоор ТҮЦ машиныг татан буулгах мэдээлэл гарсан. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. 

-Улсын бүртгэлийн хуу­лийг шинэчлэн батал­сантай  холбогдуулан 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхэд ТҮЦ машиныг татан буулгана гэсэн мэдээлэл тараад байгаа.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Хур” системээс мэдээллийг аваад,  иргэнд шууд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Ийм боломж бүрдэж байгаа гэсэн тайлбарыг сонссон хүмүүс ТҮЦ машиныг татан буулгах нь гэсэн буруу ташаа мэдээлэл өгсөн байна. Нэгэнт хөрөнгө зарцуулаад ТҮЦ машин суурилуулсан учраас иргэд   үргэлжлүүлээд  лавлагаа, тодорхойлолтоо авах боломжтой. 

-ТҮЦ машин одоогоор нийт 27 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. УБЕГ нь ТҮЦ машинаар дамжуулан хэдэн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгож байгаа вэ?

-Нийт 11 төрлийн үйлчилгээг олгодог. 

-Төрийн үйлчилгээг цахим үнэмлэх, хурууны хээгээр  ол­гоно гэсэн мэдээлэл гар­сан. Цахим үнэмлэх ун­шуулах, хурууны хээг таниу­лахад шаардлагатай төхөө­­рөмжийг авах хөрөн­гийг төсөвт суулгасан уу?

-Манай байгууллага  хурууны хээ таниулах, цахим үнэмлэх уншуулах төхөөрөмжийг 2012 оноос ашиглаж, үйлчилгээ үзүүлж байгаа.  Энэ үйлчилгээг бусад төрийн байгууллагууд үзүүлэх шаардлагатай байна.  2012 онд анх иргэдийн хурууны хээг авсан. Түүнээс  хойш гадаад паспорт захиалахаар ирсэн иргэдийн  хурууны хээг паспортыг уншуулаад,  бүртгэлийг нь хийгээд явуулж байгаа.  Зургаан жилийн өмнөөс л энэ үйлчилгээг нэвтрүүлсэн гэсэн үг. Тиймээс бусад төрийн байгууллагууд ашиглах ёстой гэж үзэж байгаа юм. Бусад байгууллагууд иргэнийг ТҮЦ машин,  УБЕГ-аас лавлагаа авч ирэхийг шаарддаг.  Шинэ хууль батлагдсанаар энэ урсгалыг зогсооно.  Бүх төрийн байгууллагууд  цахим иргэний үнэмлэх уншуулж, хурууны хээг таниулснаар “Хур” мэдээлэл солилцооны системээс хэрэгтэй үйлчилгээг авдаг болно.  Манайх 500 гаруй нэгжийг шаардлагатай хэрэгслээр хангачихсан байгаа. Бусад төрийн байгууллагууд төрийн үйлчилгээг явуулахад 1-2 хэрэгсэл авах шаардлагатай болох  байх.  Энэ зардлаа  байгууллага өөрийн төсөвтөө тусгаад явна.  

-Цахим үнэмлэх, хурууны хээгээр дамжуулан төрийн үйл­чилгээг   авахад төлбө­рийн хэмжээ  хэдэн төгрөг байх вэ? 

-Лавлагаа авахад 1000 төг­рөг байдаг. Яг тэр төл­бөрөөрөө үйлчилгээ үзүүлнэ. 

-“Улсын бүртгэлийн ерөн­хий хууль”-д ямар ямар өөрчлөлт орсон бэ. Иргэдэд хуулийн өөрч­лөл­тийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Шинэ батлагдсан хуульд  иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ шуурхай солилцох заалтууд орсон. Өөрөөр хэлбэл,  мэдээллийг гурван төвшинд ангилж өгсөн. Нээлттэй, хаалттай, хязгаарлагдмал мэдээлэл  гэж ангилсан.  УБЕГ-аас гарч байгаа мэдээллийг өмнө нь ингэж ангилж байгаагүй. Аль болох иргэдэд хаалттай,  өгөхгүй гэдэг байсан. Хууль шинэчлэгдсэнээр бусад орны жишгээр нээлттэй мэдээллийг бий болгож байгаа. Ингэснээр иргэд  “Хур” систем рүү ороод өөрийнхөө хүссэн мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Мөн Иргэний бүртгэлийн ерөнхий газарт есөн бүртгэлийг харъяалал харалзахгүй хийхээр болсон. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн хүн хотод иргэний үнэмлэх гээгдүүллээ гэж бодоход нутагтаа очиж, харьяа газраа захиалдаг байсан. Харин одоо  хаана ч иргэний үнэмлэхээ захиалж болно. Аль ч дүүрэгт,  дөрвөн нэгдсэн төвд захиалах боломжтой. Улаанбаатар хотын харъяат хүн орон нутагт очиж төрлөө гэж бодъё. Улмаар 30 хоногт хотод ирэх боломжгүй гэж байвал байгаа газартаа  хүүхдээ Улаанбаатар хотын харъяагаар бүртгүүлэх боломж бүрдэж байна. Гэх мэт есөн  төрлийн бүртгэлийг харъялал харгалзахгүй бүртгэх боломжтой болсон.

Г.Алтантуяа