ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаан асрын зүүд (44-р бүлэг)

O.Admin
2020-05-05

ДӨЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЖАРГАЛЫН ЭЦЭСТ ЗОВЛОН ИРЖ ФӨН ЖЕ ӨШИН ЖӨТӨӨРХӨӨД ГАСЛАЛ НЬ БАЯР БОЛЖ ПИН ЭР ЗАСАН ЧИМЭГЛЭВ

 

Өгүүлэх нь: Бао Юй эгч дүүсийн хамт “Туйван хатгуурын цадиг”-ийг үзэж байгаад “Гэргий юүгээ тахисан нь”1 гэдэг үзэгдэлд хүрэв. Тэгтэл Дай Юй, Бао Чайд: “Энэ Ван Шы Пөн их мунхаг хүн. Хаа ч болсон тахивал барав. Заавал мөрний дэргэд очиж яана даа. Хуучин үгэнд “Эдийг үзвээс эзэн нь санагдана” гэж байдаг. Дэлхий дахины ус цөм нэг эхтэй тул зүгээр нэг аяга ус уугаад уйлбал сэтгэл ханаж болно” гэсэнд цаадах нь дуугарсангүй. Харин Бао Юй үүнийг сонсоод мэлэрчихэв. Жя Мү өнөөдөр Фөн Жэг сайтар баярлуулъя гэж бодсон тул хэдий бие чилээрхэж жаахан хэвтмээр байвч Шюэ Имад хань болон ший үзэж, дуртай юмнаасаа идэж тааваараа инээж хөхөрч сууна. Тэрбээр өөрийн хоёр ширээ идээг тусгай ширээгүй зарц охид, барияадад шагнаад тэднийг гадаах саравчин доор суугаад ая тааваараа идэж уу гэж хэлэв. Ван, Шин хоёр Фүрэнь том ширээний хоёр талд сууцгааж, авхай нар ойролцоох ширээнүүдэд сууцгаажээ. Жя Мү байн дахин Ёу хатан нарт: “Фэн охиныг дээш суулгаж, миний оронд сайтар зочлогтун. Жилийн турш тэр маань үнэхээр зовон зүтгэсэн юм шүү” гэж захина. Ёу хатан за гэснээ:

-Тэрбээр тэргүүн суудалд сууж дасаагүй байна. Хөл гараа тавих газраа ч олохгүй, эв хавгүй л байх шиг байна. Бас тэгээд дарс төдий л уухгүй байна гэв. Жя Мү инээж: “Чи уулгаж чадахгүй байгаа байх. Би очиж шаардъя” гэв.Фөн Жеяаран ойртож ирээд:

-Буурай эмээ минь. Тэдний яриаг итгэх хэрэггүй. Би уугаад л байгаа гэсэнд Жя Мү инээж, Ёу хатанд:

-Та нар үүнийг дарж байгаад хэдэн хундага өгөөтөх. Уухгүй гэвэл, би өөрөө очно гэв. Ёу хатан, Фөн Жэг суудалд нь суулган, том хундага авчруулж дарс дүүргээд:

-Чи бол бүтэн жилийн турш, Лао тайтай, бусад тайтай, намайг ачлан өргөж их ядарсан хүн. Одоо чамайг шагнах юм надад алга. Тэгэхээр өөрийн гараар ганц хундага дарс барья. Чи даруй үүнийг миний гараас аваад хүртэж орхи гэсэнд Фөн Же инээж:

-Чи намайг сайхан ачлах санаатай бол сөгдтүгэй. Би ууя гэсэнд Ёу хатан инээж:

-Намайг чи хэн гэж санаж байна вэ. Мэдэхгүй байгаа бол би хэлж өгсүгэй. Ийм нэг тохиол таарах нь үнэхээр хялбар биш шүү. Нэгэнт өнгөрөөчихвэл, ийм учрал дахиад тохиолдохгүй ч байж магадгүй. Энэ дашрамд хэрээрээ илүү хэдэн хундага уучихгэв. Тэгтэл эгч дүүс тал талаас нь ирж хундага барьсанд цөмийг уув. Лай мөөмөө Жя Мүгийн их баярласныг хараад дарвихаа мартсангүй. Бусад хөхүүл эхчүүдийг дагуулан ирж дарс барьсанд Фөн Же татгалзалгүй ууж орхив. Юань Ян нар бас ирж хундага барив. Сүүлдээ Фөн Жебарахаа болиод:

-Сайн эгч нар минь энэ удаа хэлтрүүлж хайрла. Би маргааш ууя гэж гуйв. Юань Ян инээж:

-Тэгвэл бид нүүр талгүй байгаагийнх. Тайтай болсон ч маньд нүүр тал хайрлах болой. Ерийн цагт бид баахан хэв найртай байдаг. Одоо энэ олон хүний нүүр дээр эзэн хүний шинжийг гаргах ёстой. Тэгэхгүй бол би ирэхгүй байх байжээ. Өгснийг уухгүй бол бид явъя гээд цааш эргэсэнд Фөн Жесанд мэнд татан зогсоож инээн:

-Хайрт эгч минь, би ууя гээд нэг хундага бартал Юань Ян нар баясан хөхрөлдөв.

Энэ үед Фөн Жеихэд цатгалдан, зүрх нь түгшиж эхэлсэнд харьж амрахаар шийдэн байтал багт наадмынхан гарч ирэв. Фөн Жэ, Ёу хатанд “Чи шагналын зоос бэлтгэж бай. Би явж нүүрээ угаая” гэв. Ёу хатан толгой дохиж, Фөн Же ч олны анхаарал тоглоомд хандсаныг далимдуулан босож, үүдний арын саравчин доогуур гарч ирэв. Пин Эр түүнийг ажиж байсан тул яаран очиж түшиж авав. Доголт гудмын доор очтол, тэнд зогсож байсан тэдний гэрийн нэг бяцхан шивэгчин охин тэр хоёрыг хармагц буцаад гүйв. Фөн Же дотроо сэжиглэж араас нь дуудав. Мөнөөх охин сонсоогүй царайлан гүйж байсан боловч хэдэнтээ дуудсаны дараа арга буюу буцаж ирэв. Фөн Же сэжиглэж, тэр охиныг дагуулан дуулгат хонгилын дор ороод, ташаалавчийг сөхөж, өөрөө хүрээний зүг хандсан тавцан дээр гарч суугаад, мөнөөх охиныг сөгтгөөд Пин Эрд: “Хоёрдугаар хаалганаас хоёр хүн, дээс ташууртай авчраад, энэ муу эзнээ таньдаггүй өлөгчнийг нэвширтэл занчуул” гэж чанга хашгиран тушаав. Өнөөх бяцхан шивэгчин айхдаа сүнс нь зайлж, уйлж бархиран өршөөл гуйв. Фөн Жэ:

-Би буг чөтгөр биш байтал чи ямар учраас надаас зугтаав. Хэвийг сахиж, номхон зогсох ёстой биш үү гэж асуусанд бяцхан охин орилон “Би найнайгийн ирэхийг хараагүй. Гэрт хүнгүй учир яаран гүйсэн юм” гэж өчив. Фөн Жэ,

-Гэрт хүнгүй байхад чи яагаад энд ирэв. Хэн яв гэсэн бэ. Пин Эр бид хоёр араас чинь арваад удаа дуудлаа. Чи дуудах тусам хурдлан гүйж байснаа сонсоогүй гэх үү. Хажууд чинь хүн хашгирч байхад дуулдаггүй, чи дүлий болоо юу. Бас үг сөрж, надтай маргах нь хөөе гээд гараа өргөн багалзуурдах гэтэл охин гэдрэг ухарсанд хацрыг нь сэлгүүлэн алгадав. Тэр дорхноо охины хацар улайн хавдав. Пин Эр сандран “Найнай гараа өвтгөчихлөө” гэсэнд Фөн Жэ:

-Чи үүнийг сайн занчаад, яагаад зугтаасныг нь асуу. Хэлэхгүй бол уруулыг нь сэт тат гэж тушаав. Анхандаа тэр шивэгчин биеэ өмөөрч мөргөхөд нь Фөн Же“Халуун илүүрээр уруулыг нь хайрна” гэж занасанд уйлан “Эр Е гэрт байж намайг явуулан найнайг харуулж, ирэх үед нь чимээ өг гэсэн юм. Харин би найнайг одоо ирнэ гэж санасангүй” гэхэд нь Фөн Жэ:

-Чамаар, намайг харуулж яах юм бэ. Намайг гэрт хариулахгүй нь үү. Ямар учиртай юм бэ. Надад түргэн хэлбэл, би чамайг хайрлана шүү. Үнэнээ хэлэхгүй бол хутга авчруулаад махыг чинь хэрчинэ шүү гэсээр үснээсээ нэг хатгуур аваад охины нүүр рүү чичилсэнд охин улам айж ийш тийш толгойгоо зайлуулан уйлж:

-Би одоо найнайд хэлье. Найнай намайг хэлсэн гэж болохгүй шүү гэж гуйв. Пин Эр бас “Хурдан хэл” гэж давхар шаардав. Шивэгчин охин айн чичирсээр:

-Эр Е сая ирсэн юмаа. Ирээд авдрыг нээж, хоёр хэсэг мөнгө, хоёр хатгуур, хоёр толгой торго гаргаж, намайг Бао Элийн эхнэрт сэмхэн хүргэж өгөөд түүнийг дуудаж оруул гэсэн юм. Тэр эхнэр, юмыг аваад манайд ирсэнд Эр Е намайг явуулж найнайг харуулдаж бай гэсэн юм. Тэгээд юү болсныг би мэдэхгүй гэв. Түүний ярихыг сонсоод Фөн Же хилэгнэн, бүх бие нь чичирч, шууд гэр рүүгээ яаран явав. Хүрээнд ортол үүдэн дээр харуулдаж байсан нэг бяцхан шивэгчин охин, Фөн Жэг хармагц буцаж гүйв. Фөн Же түүнийг нэрээр нь дуудсанд, зайлах аргагүй болсныг мэдээд мөнөөх сэргэлэн охин огцом эргэж гүйн ирээд:

-Би яг найнайд мэдүүлэхээр очих гэж байтал, та юун сайн юм хүрээд ирлээ гэсэнд Фөн Же: – Над юу мэдүүлэх нь вэ гэж асуув. Охин: – Эр Е гэрт… гэж түгдэрснээ, түрүүний охины хэлсэн шиг юм давхцуулан хэлэв. Фөн Же: – түй гэж газарт нулимаад:

-Чи эртхэн хэлэхгүй юү хийж байв? Нэгэнт надтай таарчихсан болохоор хэргээс зайлах гэхдээ хэлж байна уу гээд охиныг гуйвтал нь алгадаад цааш нь гэтэн явав. Тэрбээр цонхны дэргэд очоод сэм чагнавал, гэрт хөхрөлдөн ярилцах сонсогдож: Тэр эрлэг мэт өлөгчин чоно хэзээ нэг үхэж амруулах болоо гэсэнд Жя Лянь: – тэр үхээд… бас нэг тийм юм таарвал яанаа гэх нь дуулдав. Тэгтэл цаадах нь дахин хөхөрч: – Түүнийг үхсэний дараа Пин Эрийг авбал түүнээс баахан дээр байж мэднэ” гэсэнд Жя Лянь:

-Одоо тэр Пин Эрийг бас над хавьтуулахгүй болжээ. Пин Эр ч цээж дүүрэн гомдлоо хэлж чадахгүй явж байна. Миний заяанд яахин ийм нэг ягчис шулам тохиодог байна гэхийг Фөн Же сонсоод уур нь буцалж, хамаг бие нь чичирхийлнэ. Дахиад сонсвол, тэд цөм Пин Эрийг магтах тул тэр ч мөн далдуур гомдлоо тоочсон байхаа… гэтэл Фөн Жэгийн архины гал нэгэнтээ бадарч, огтхон ч болгоож тунгаалгүй огцом эргэж хүүе гэхийн завдалгүй Пин Эрийг хоёр алгадаад авав. Тэгснээ үүдийг өшиглөн ороод, учирлан хэлэхийн завдалгүй Бао Элийн эхнэрийг ноцон, Жя Лянийг зугтаалгахгүй гэж үүдийг хэрэн зогсоод:

-Муу золбин янхан! Эзэнтэйгээ хэвтээд, бас эхнэрийг нь хоролно гэнээ. Пин Эр нааш ир. Танай муусайн хуялч эмс хөл нийлүүлж, намайг нүд үзүүрлээд… Чи бас, гэмгүй царайлан намайг мэхэлнээ гээд Пин Эрийг хэдэнтээ алгадаад авав. Пин Эрч хилс гүжрийг нь тоочин хэлж чадахгүй, дэмий л уйлж:

-Та нар энэ мэт ичгүүргүй явдал үйлдээд зүгээр байхгүй, мөрөөрөө байгаа намайг татан оруулж яана вэ гээд уурандаа Бао Элийн эхнэртэй зууралдав.

Жя Лянь ч архины идээр энээхэн зуур баярлаад хэрэг үүсгэсэн боловч Фөн Же ирснийг үзээд яаж ч болохгүй мухардав. Пин Эр бас ийнхүү аашлахыг нь хараад архины хүчин нэн бадрав. Фөн Жэ, Бао Элийн эхнэрийг занчихад Жя Лянь хэдий ичиж хорсовч дуугарч чадахгүй байсан бөгөөд одоо Пин Эр бас мөнөөх эхнэрийг элбэн зодоход ухасхийн өшиглөж хараан:

-Муу хуялч эм. Чи бас гар хөдөлгөж хүн зодно уу гэсэнд Пин Эр айж түүнийг зодохоо болиод уйлан:

-Та нар нууцаар хэлэлцэхдээ, намайг татан оролцуулж яана вэ гэв. Пин Эрийг Жя Лянийгаас айж байгааг хараад, Фөн Же улам хилэгнэж, Пин Эрийг барьж авч зодохын хамт: “Бао Элийн авгайг зод” гэж тушаав. Пин Эр цухалдан гүйж гараад, хутга эрж амиа хорлох гэсэнд тэнд байсан эмгэд хориглож ятган тайвшруулав. Фөн Жэ зарцынхаа үхэх гэснийг үзээд, Жя Ляний гэдсийг мөргүүлж: “Тэдний хөл нийлж намайг хорлох гэснийг би олж сонссонд, энэ муу намайг үхэхээрээ айлгах нь. Чи намайг шууд боож алтугай” гэж бархирсанд Жя Лянь машид их хилэгнэж хананд өлгөөтэй сэлмийг сугалан авч: “Үхэж унах хэрэг юү байна вэ. Одоо би мухардлын туйлд тулжээ. Та нарыг цөмийг чинь алаад, би амиараа төлбөл хэн алины санаа амарна” гэж бархирав. Яг ийнхүү салахгүй зууралдаж байтал Ёу хатан нар хүрч ирэв.

-Яаж байгаа нь энэ вэ. Сав сая л зүв зүгээр байгаад гэнэт юу болох нь энэ вэ гэсэнд Жя Лянь хүн үзээд бүр архины халуунд агсам тавьж, сүр бадруулан зориуд Фөн Жэг ална гэж давшлав. Харин Фөн Жехүн хараад, муухай аашлахаа болиод, Жя Мүгийн байгаа газар руу уйлан гүйв. Энэ хэр, ший тарсан тул Фөн Жэ, Жя Мүгийнд гүйн очиж, өвөр дээр нь унаад,

-Буурай эмээ минь, амь авартугай Лянь Эр Е намайг алах гэж байна гэсэнд Жя Мү, Ван Фүрэнь, Шин Фүрэнь нар сандарч: “Яав, ийв” гэж асуув. Фөн Же уйлж:

-Би сая хувцсаа солих гээд харьтал Лянь Эр Е гэрт хүнтэй ярилцаж байна. Би зочин ирж гэж бодоод орж чадалгүй, цонхны дэргэд байж байтал, Бао Элийн авгайтай ярьж байгаа юмсанж. Тэр намайг даанч хэцүү тул хор идүүлж алаад Пин Эрийг гол гэргий болговол зохино гэж байна. Би сонсоод уур хүрсэн боловч түүнтэй цуугиж чадсангүй. Юунд намайг хорлох гэж байгаа юм бэ гээд би Пин Эрийг хоёр алгадлаа. Тийнхүү тэр ичээд намайг алах гэнэ гэсэнд Жя Мү нар цөм үнэмшээд: “Яаж тэгж болох вэ. Хурдан явж, тэр сурталгүй малыг авч ирэгтүн” гэв. Жя Мүг үгээ дуусаагүй байтал Жя Лянь сэлэм барьчихсан Фөн Жэг нэхэн ирэв. Араас нь бас баахан хүн ирэв. Жя Лянь, буурай эмээ Жя Мү болон бусад настангууд өөрт нь сайн байдагт эрдэж төрсөн эх, авга бэргэнээ хүртэл үзэн ядаж, балмадаар аашилна. Шин Фүрэнь, Ван Фүрэнь нар хараад ихэд хилэгнэн зандчиж: “Гутамшигт амьтан чи, урвах гэж байна уу. Лао тайтайэнд байгааг хараач” гэсэнд Жя Лянь хялайж: “Энэ бол цөмийг Лао тайтай эрхлүүлсний уршгаар тэд ингэж байгаа юм. Намайг хүртэл хараахад хүрч байна” гэж хашгирав. Шин Фүрэнь ихэд хилэгнэн, Жя Ляний сэлмийг булаан авч: “Эндээс хурдан зайл” гэж зандарсанд тэрбээр эргэлзэн тээнгэлзэж, эргүү мунхаг юм шиг аашлан, амныхаа зоргоор дэмий балай чалчина. Жя Мүгийн хилэн үнэхээр бадарч:

-Би нэг нүдээр хардаггүйг чинь мэднэ. Эцгийг чинь дуудаж ирүүлнэ дээ, яахыг нь үзнэ дээ гэсэнд Жя Лянь энэ үгийг сонсоод дуртай дургүй гараад гэлдэрч явснаа гэртээ очилгүй бичгийн гэр рүү эргэв. Шин Фүрэнь, Ван Фүрэнь хоёр Фөн Жэг ятгаж эхэлсэнд Жя Мү хажуунаас:

-Нэг их юм болгоод байх юу байна. Залуу хүн юм чинь, ховдог мууртай адилхан. Ингүүлэхгүй гэж хаа байсан хэрэг вэ. Хүн бүхэн багаасаа ингэж л явна. Гэхдээ энд миний буруу их байна. Би чамд архи илүү уулгаснаар жөтөөрхөн аашилжээ гэсэнд цаадуул нь хөхрөлдөв. Жя Мү: “За чи тайван байж бай. Маргааш би чиний өмнө цаадхаар чинь бурууг нь хүлээлгэнэ. Чи харин өнөөдөр очих хэрэггүй. Бас дандаа хэлээд ичээх хэрэггүй” гэсэнд Фөн Жэ:

-Пин Эр, тэр муу өлөгчнийг би ерөөсөө зүгээр гэж боддог. Харин далдуур тийм зальхай байжээ гээд зүхэв. Ёу хатан нар:

-Пин Эрд буруу байхгүй шүү. Харин Пин охин түүнд уураа гаргажээ. Эр эм хоёр муудалцвал дандаа л Пин Эрд уураа гаргана. Түүнийг энэ мэтээр хилсдүүлж байхад Лао тайтай бас түүнийг хараадаг нь юү вэ дээ гэв. Жя Мү:

-Тийм бол сайн. Би тэр охиныг үнэгэн хулжин амьтан биш гэдэг шүү. Түүнийг зүгээр байхад нь буруутгаж байгаа бол үнэхээр хөөрхий. Талаар мушгиж хилсдүүлж болохгүй шүү гэснээ, алив Ху Ба чи нааш ир. Чи яваад, Пин Эрд намайг хэлж байна гэж хэл. Би түүний хилс гүжирдүүлснийг мэдлээ. Маргааш түүний эзнээр бурууг нь хүлээлгэнэ. Өнөөдөр бол түүний эзний насны баяр тул битгий дэмий аашлагтүн гэж дамжуултугай гэв.

Пин Эрийг Ли Шэнь хэдийнээ Да Гуань юань хүрээлэнд дагуулан очжээ. Түүнийг хахаж бөглөртөл уйлахад Бао Чай ятган: “Чи бол авхаалжтай сэргэлэн хүн шүү. Найнай чинь, ерөөсөө чамайг аль зэрэг авч явав. Энэ өдөр тэр архиа хэтрүүлжээ. Тэр чамд уураа гаргахгүй, өөр хэнд гаргах вэ. Бусад хүн, түүнийг хуурмаг аашиллаа гэж элэглэнэ” гэж хэлж байтал Ху Ба хүрч ирээд Жя Мүгийн хэлснийг дамжуулсанд Пин Эр тайвшраад уйлахаа болив. Бао Чай нар тэндээ жаахан амарч байгаад Жя Мү, Фөн Же нартай уулзахаар очив. Бао Юй, Пин Эрийг дагуулан И Хүэн юаньд очсонд, Ши Рэнь угтаж очоод: “Би эхлээд чамайг урья гэсэн боловч их найнай болон авхай нар цөм урьсан учир би юм хэлээгүй” гэсэнд Пин Эр инээмсэглэж: “Баярлалаа чамдаа” гэснээ: “зүв зүгээр байхад бас юү гэнэ вэ. Учир начиргүй л загнаад дайраад байх юм даа” гэв. Ши Рэнь инээж: “Эл найнай ер нь чамд хайртай юм шүү. Өнөөдрийн хувьд бол түр зуурын уурынх л байх” гэсэнд Пин Эр:

-Үнэндээ бол Эл найнайд гомдоод байгаа юм алга. Ганцхан тэр завхуул эм л намайг хорлож байгаа юм. Тэр намайг үнэндээ элэг барьсан. Тэгэхэд манай тэр эргүү эзэн намайг зодож байгаа юм даа гэсээр гомдсондоо нулимс унагав. Бао Юй сандран:

-За эгч минь битгий их шанал даа. Би тэр хоёрын өмнөөс бурууг хүлээж өршөөл гуйя гэсэнд Пин Эр:

-Чамд ямар хамаа байхав даа гэсэнд цаадах нь:

-Ах дүүс, эгч охин дүү нар бид цөм л адилхан шүү дээ. Тэд хүний өмнө алдаа гаргаж байхад би бурууг нь өмнөөс өршөөл гуйх нь зүйн хэрэг юм гээд, хайран шинэ хувцсыг чинь хиртүүлжээ. Энд Хуа охин дүүгийн чинь хувцас байна. Чи сольж өмсөөд, хар архи төсөрхөн илүүрдчих. Гэзэг үсээ самнаад засчих гэснээ, бяцхан шивэгчид: “Нүүр угаах ус бэлдээд, илүүр халаа” гэв.

Бао Юй бол бүсгүйчүүдтэй харилцахдаа онц чадамгай гэдгийг Пин Эр сонссоор ирсэн билээ. Харин Бао Юйгийн хувьл, Пин Эр бол Жя Ляний янаг татвар, Фөн Жэгийн итгэлт шивэгчин учир түүнтэй ойртон явалцах сэтгэл юүгээ гүйцэтгэж чаддаггүйдээ дандаа харамсдаг байжээ. Пин Эр энэ удаад түүний байдал төлөвийг хараад: “Миний сонссон ортой, харин бодож сэтгэх нь нямбай юм” гэж дүгнэв. Ши Рэнь авдар нээж, төдий л өмсөөгүй, хоёр зах хувцас гаргаж ирэв. Пин Эр яаран нүүрээ угаатал, Бао Юй хажуунаас нь хараад: “Одоохон баахан оо энгэсэг түрхчих. Тэгэхгүй бол Фөн Жэд баахан уурласан мэт болно. Өнөөдөр бол түүний насны баяр болохоор бодолгүй горьгүй. Бас Лао тайтайчамайг тохинуулсаныг ч санах ёстой” гэв. Пин Эр сонсоод үнэхээр зөв юм гэж бодоод, түрхэх юм эрээд олсонгүй. Бао Юй босож, засал чимэглэлийн ширээний дэргэд очоод, нэг шаазан багвар нээсэнд дотор нь хашин иштэй оо энгэсгийн зүйл арван эгнээгээр хийсэн харагдана. Бао Юй нэгийг авч Пин Эрд өгөхдөө, энэ бол тугалган оо биш, улбар мэлрэг цэцгийн үрийг нунтаглаад зай хольж хийсэн эд гэв. Пин Эр алган дээрээ тавиад үзвэл, гүйхэн, цагаан, улаан, анхилам дөрвөн зүйлийн үзэсгэлэн бүрдэж, нүүрт түрхэхэд хялбар, нүүрийг зөөлрүүлж чийгтүүлэх бөгөөд бусад түрхмэлийн адил хатаж таталдахгүй ажээ. Бусдыг үзвэл, хоорондоо адилгүй. Нэгэн бацхан цагаан хаш багварт удвал цэцгийн зуурмаг мэт зүйлийг агуулжээ. Бао Юй инээж:

-Гаднаас худалдаж авсан энгэсэг шингэхгүй мөртөө бас өнгө нь бүдэг. Энэ бол охь сайн энгэсгээс шахаж гаргасан шүүсийг тунгаан цэвэрлээд дахин цэцгийн шүүдэр хольж жигнэжээ. Нарийн хатгуураар өчүүхэн төдий авахад уруулд хүрнэ. Баахан ус дусааж уусгаад, алганд түрхэхэд хацарт элбэг хүрдэг юмаа гэв. Пин Эр хэлсэн ёсоор нь түрхвэл, үнэхээр өнгө үзэмж онц сайхнаас гадна сайхан үнэртэй, тэр аяараа л анхилна. Бао Юй бас гадарт дэлгэрсэн салаат цахирмаа нэгийг хулсан хайчаар хайчилж аваад санчигны үсэнд нь хатгаж өгөв. Гэнэт нэг шивэгчин орж ирээд: “Пин Эрийг Ли Шэнь дуудаж байна” гэсэн тул яаран гарав.

Орчин тойрныхоо олдой бүдүүлэг охидтой таардаггүй, сүрхий цэцэн сэргэлэн, гоо үзэсгэлэнтэй төрсөн дээд хүүхэн Пин Эрийн өмнө сэтгэл юүгээ гүйцээж чадаагүйдээ Бао Юй ямагт гонсгор явж иржээ. Харин Өнөөдөр Жя Чуаний төрсөн өдөрт очих гээд Бао Юй урамгүйхэн явж байтал санаандгүй тэр хэрэг гарснаар Пин Эртэй уулзаж, хэдэн үг сольж чадсан нь энэ насанд олдошгүй зүйл гэж бодсоор их л ханамжтайгаар орондоо орж хажуулав. Гэнэт, Жя Лянь бол үжид самууны цэнгэлийг мэдэхээс биш, хатгуур хормогчтоныг асран нигүүлсэхийг мэдэхгүй хүн гэж бодоод, аав ээж ах дүүгүй ганц бие Пин Эр, тэр эм эм хоёрыг асарч ганган дэгжин Жя Лянь, хатуу харгис Фөн Жэг сайхан авч явж чадаж байхад, өнөөдөр ингэж хардуулж байгааг үзэхэд бас ч эмзэг заяатай хүүхэн юм гэж бодсоор элэг нь эмтрэв. Тэгээд босож, түрүүнд архи түрхсэн хувцас нэгэнт эвэрсэнийг аваад илүүрдэж илүүрдэж эвхэж тавив. Бас нулимсанд нэвчсэн алчуураа мартаад явсныг аваад угаан хэцэнд өлгөв. Энэ зуур баярлах гомдох зэрэгцээд хэсэг зуур гонсойн сууснаа, Дао Шиян Цүньд өчив. Тэд энэ тэрхэнийг ярьж сууцгааж байгаад зул өргөсний дараа тарцгаав.

Тэр шөнө Пин Эр, Ли Ванийд, Фөн ЖеЖя Мүгийнд унтацгаав. Жя Лянь үдэш гэртээ орсонд эль хуль уйтгартай байсан боловч эхнэрээ дуудаж аваачих нүүргүй учир тэгсгээд унтав. Өглөө сэрээд, өчигдрийнхөө явдлыг бодоход үнэхээр муухай санагдавч гэмшээд гэмшээд оройтсоныг ойлгов. Шин Фүрэнь, түүний согтуурсанд санааширч бараг нойргүй хоноод эртлэн босож, Жя Лянийг аваад Жя Мүгийнд очив. Жя Лянь ичгүүрээ хүлээж, Жя Мүгийн өмнө сөгдөн мөргөв. Жя Мү: “За яачихав” гэсэнд цаадах нь нэг муу инээмсэрч “Өчигдөр архинд дийлдэж, Лао тайтайгийн гэгээн оюуныг чилээсэн ялаа хүлээхээр ирлээ” гэсэнд, буурай эмээ нь нулимж:

-Сурталгүй адгуус. Шар усаа залгилаад, хэрээн мэдэж, хувиа сахиж хэвтэхгүй. Харин эмээ зодож занчихдаа, бас Пин охиныг айлгасан нь үнэхээр хөөрхий. Тэр чинь хэл ам хурцтай, хэр баргийн хүнд дийлдэх хүн биш шүү. Би байгаагүй бол чи өчигдөр түүний амийг хорлосон. Тэгсэн бол өнөөдөр ямар байх вэ гэж асуув. Жя Лянь хэлэх гомдол байсан боловч түүнээ хэлж чадалгүй, буруугаа хүлээв. Жя Мү:

-Фэн охин, Пин Эр хоёр сайхан хүн биш гэж байна уу. Чи бас ханахгүй, өдсөн хатгасныг гэртээ цуглуулж хуял хуйхар үйлдэж байна гэнээ. Тэр янхан эмийн чинь уршгаар, эхнэрээ занчиж, гэрийн хүнээ зодох чинь, сурвалжит айлд төрсөн агь хүн байтлаа ингэх чинь өөрийнхөө хацрыг өөрөө алгадаж байгаа хэрэг бишүү. Үнэхээр намайг хүн гэж үзээд, хэлснийг минь тоож, шууд босоод үг дуугүй эхнэрийнхээ өмнө буруугаа хүлээгээд гэртээ аваачвал би чамайг даруй тооно. Эсвэл дуртай газар руугаа явтугай. Надад мөргөх хэрэггүй гэж хэлэв. Жя Лянь энэ үгийг сонсоод Фөн Жэг харвал, хоёр нүд нь хавагнатал уйлчихсан, өмссөн зүүснээ ч зассан юмгүй, оо энгэсэг ч түрхээгүй сарлайсан юм зогсож байх мөртлөө, урьд урьдаас илүү хөөрхөн харагдаж байв. Энэ зуур, эртхэн буруугаа хүлээвэл эвлэж эедэх мөртөө Лао тайтайд бас хайрлагдана гэж бодоод инээж: “Би Лао тайтайгийн үгийг дагахгүй байж чадахгүй. Гэхдээ, энэ улам зоргоор болно шүү” гэсэнд Жя Мү:

-Юү гэнээ чи, битгий дэмий чалчаарай. Фэн охин бол их ёстой, хэдэр ядар үг хэрхэвч хэлэхгүйг би мэднэ. Хожим энэ чамайг дарлахад хүрвэл би чамайг зөвтгөхөд хүрэмз гэв. Жя Лянь мөлхөн босоод, хоёр гараа өргөн атгаж, Фөн Же рүү ёслоод:

-Цөм миний буруу. Эл найнай битгий уурлаарай гэсэнд тэнд байгсад инээцгээв. Жя Мү ч инээж, Фөн Жэд:

-Фэн охион чи, уцаарлаж болохгүй шүү. Дахиад чамайг уурлавал би бас ундууцна гээд Пин Эрийг дуудуулж авчраад, Жя Лянь, Фөн Же хоёрт: “Та нар Пин Эрийг аргадаж, тайван байлга” гэсэнд цаад хоёр нь улам сандарч Жя Мүгийн ийн хэлэхийг сонсоод: “Амраг татвар, авааль гэргийгээс илүү” гэдгийг бодоод дөхөн ирэв. Жя Лянь:

-Өчигдөр охиныг гомдоосон нь цөм миний буруу. Найнай чамайг зовоосон нь бас надаас болсон юм. Одоо би чиний өмнө буруугаа хүлээхээс гадна, найнайгийн чинь өмнөөс буруугаа хүлээж байна гэсээр мөн л атгасан гараа өргөж ёсолсонд Жя Мү, Фөн Же цөм л тайвширсан янзтай инээмсэглэцгээв. Жя Мү, Фөн Жэд: “Пин Эрийг тайтгаруулагтун” гэж хэлэх зуур Пин Эр яаран урагш дөхөж, Фөн Жед мөргөөд:

-Найнайгийн өлзий бэлэгт өдөр, найнайгаа ундууцуулсан учир би үхвэл таарна гээд сөгдөв.

Өчигдөр архины хэмжээ хэтрүүлсэндээ бусдын үгэнд итгэж найр хуримаа ч мартан хуудам авирлаж, Пин Эрийн нүүрийг барсандаа гэмшиж байсан Фөн Жэ шивэгчнийхээ үгийг сонсоод ичингүйрч улмаар сэтгэл нь уяран, Пин Эрийг татаж босгоод нулимсаа арчив. Пин Эр:

-Би найнайг өдий жил асран халамжилж ирэхдээ, түүний няслахыг ч үзээгүй. Өчигдөр хэдий намайг занчсан боловч би яалаа гэж гомдох вэ. Цөм л тэр тэнэмэл эмийн өдөөсөн хэрэг болохоор найнайг уурлалаа гэж гомдох ёсгүй гэсээр нулимс унагав. Жя Мү хүн дуудаж: “Энэ гурвыг гэрт нь хүргэж өг. Энэ хэргийг дахин дурдах хүн гарвал надад мэдүүлэгтүн. Хэн ч байлаа гэсэн түүнийг би таягаараа шууд гүвшинэ” гэсэнд мөнөөх гурав Жя Мү, Шин, Ван хоёр Фүрэньд мөргөөд явж одов.

Гэртээ ормогц Фөн Же: “Би яагаад эрлэг мэт, ягчис адил болчихов оо. Тэр золбин эм намайг үхтүгэй гэж зүхэхэд чи бас хамжин зүхэж байсан. Урт удаан эв найргүй ч учран барилдсан ерөөлгүй гэв үү. Өдий чинээ зовж зүдэрч ирсэн хөөрхий миний энэ бие одоо нэг завхай эмд ч хүрэхгүй болжээ. Хожим бас энэ гэрт юу ундрах бол доо” гэсээр уйлав. Жя Лянь:

-Чи бас л ханаагүй юү. Өчигдөр чухам хэний буруу их байсныг чи нарийн бодоод үзээрэй. Өнөөдөр олны өмнө би сөгдөөд, буруугаа хүлээж байхад чи нэр нүүрээ олоод гарлаа. Одоо бас яршиглаж, намайг өөртөө сөгдүүлэх санаатай байна уу. Эрмэг зоримог чинь хэтэрвэл эрхэтгүй муу юм болж мэднэ шүү гэж хэлэв. Фөн Же дуугаа хураав. Тэгтэл Пин Эр инээд алдав. Жя Лянь: “Үнэхээр намайг арга барагдуулж байна шүү” гэв. Ийн байтал нэг зарц эхнэр ирж “Бао Эрийн эхнэр боомилон үхжээ” гэж мэдүүлсэнд Жя Лянь, Фөн Же хоёр айн цочив. Тэгтэл Фөн Жеайж сандарсанаа далдалж ядан:

-Үхвэл үхээ л биз. Айж цочихын хэрэг байхгүй гэв. Төдөлгүй Линь Жы Шяогийн эхнэр ирж Фөн Жэд “Бао Эрийн эхнэр боож үхсэнд, түүний төрөл төрөгсөд заргалдана гэж байна шүү” гэсэнд Фөн Жехүйтнээр инээмсэрч: “Би ч бас яаманд очиж заргалдана даа” гэв. Мөнөөх эхнэр:

-Бид сая очоод тэднийг ятгаж, мөнгө өгье гэсэнд зөвшөөрч байна гэв. Фөн Жэ:

-Надад сохор зоос ч алга. Байлаа ч өгөхгүй. Явж заргалдана. Тэднийг юү гэж ятгаж байгаа юм бэ. Айлгаж сүрдүүлэх ч хэрэггүй. Заргалдвал заргалдацгааг. Би ч бас: “Хүүр ясаар хэсэж хавчлаа” гэж хэрэг нэхнэ… гэсэнд Шяо эхнэр хэлэх үггүй болоод байтал Жя Лянь нүд ирмэв. Тэгэхээр нь эхнэр гараад хүлээв. Жя Лянь: “Би очин юу болж байгааг үзье” гэсэнд Фөн Же: “Мөнгө өгч болохгүй шүү” гэж захив. Жя Лянь гарч өнөөх авгайтай зөвлөлдөөд “Хоёр зуун лан мөнгө өгөхөөр” тохиров. Тэгээд хэрэг сэдрэхээс айж, Фан Гуань нарт захиж, албан яамнаас хүүр шалгагч нарыг авчруулж, оршуулах ажилд оролцох болгов. Тэдгээр хүмүүс үүнийг үзээд хэд дахин шүүлгэх санаа байвч айж дуугаралгүй амаа хамхин чимээгүй өнгөрүүлэв. Жя Лянь бас нөгөөх эхнэрт, өгсөн мөнгөө өдөр тутмын зардлын дансанд ялгаж салгаж оруулаад, бүрдсэн хойно өгөөрэй гэж захив. Бас хувийн мөнгөнөөсөө Бао Эрд бага сага өгөөд: “Сүүлд чамд нэг сайн эхнэр сонгож өгнөө” гэсэнд цаадах нь нүүр олоод, бас мөнгөтэй болсон тул юу л хэлснийг нь дагав гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Фөн Же дотроо хэдий дэн дун байвч гаднаа үл мэдэгч болж гэрт хүнгүйг далимдуулан Пин Эрийг харж инээгээд:

-Өчигдөр би архийг хэтэртэл уугаад согтжээ. Чи битгий гомдоорой. Чиний хаана цохьсон бэ, үзье байз гэсэнд Пин Эрийн нүүр улайсан боловч: “Зүгээрээ” гэтэл: “Найнай, авхай нар цөм ирлээ” гэж мэдүүлэх сонсогдов. Чанагш хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

Гэргий юүгээ тахисан нь-Туйван хатгууртаны цадигийн 3 дугаар бүлэг, “Цагийн тайлгыг” жүжгийн дэвтэрт “Гэргий юүгээ тахисан” гэж байдаг. Ван Шипэн гэргийгээ усанд унаж үхжээ гэж буруу сонсоод, мөрний хөвөөнд очиж, уйлан тахилга үйлдсэн явдлыг бичжээ. Дай Юй энд энэ үлгэрээр дамжуулан Бао Юй хотоос гарч Жинь Чуанийг тахисныг хошигножээ.