ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаан асрын зүүд (47-р бүлэг)

O.Admin
2020-05-06

ДӨЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ

 

ТЭНЭГ ЭРЛЭГ СЭРДЭГДСЭЭР ХЭВТЭРТ ОРТОЛ НҮДҮҮЛЖ, ТЭНҮҮЛ НУГАН ХҮҮ ХЭРГЭЭС ЗАЙЛАН ХАРЬ ГАЗАР ЦАГААЧЛАВ

 

Гаднаас Шин Фүрэнь ирлээ гэхийг сонсоод Ван Фүрэнь яаран гарч угтав. Энэ авгай, Юань Яны учрыг Жя Мү мэдээгүй гэж бодоод сураг ажиг сонсъё гээд хүрээнд орж ирээд хэдэн эмгэнтэй уулзвал, тэд болж буй явдлыг хэлсэн учир буцъя гэснээ, дотор нэгэнт мэдсэн тул орохоор шийдтэл Ван Фүрэнь тосоод гарч иржээ. Тэгээд дотогш орж эхлээд Жя Мүгийн мэндийг мэдэв. Цаадах нь дуугарахгүй болохоор ичингүйрэн гэмшив. Фөн Же шалтаг эрээд аль хэдийн зайлан одсон бөгөөд Юань Ян ч гэртээ ороод уурлан сууж байлаа. Шюэ Има, Ван Фүрэнь нар ч сэм гарч одов. Шин Фүрэнь зориг гарган явж чадсангүй. Жя Мү хүнгүй болохоор:

-Чи Лао едаа зуучилж байгаа гэнээ. Уг нь чи, гэргий хүний ёс эрдмийг мэдэх л ёстой доо. Чиний тэр мэргэн эрдэм чинь, жаахан хэтэрчихжээ. Одоо хөвгүүд ач нар чинь, хүрээ дүүрээд байж байхад, чи түүний тэгж аашлахаас айж, цаадахынхаа занг дагаад ямар ааш авир гаргаж явна гэнээ гэсэнд Шин Фүрэний царай час улайн:

-Би хичнээн хориглосон боловч болсонгүй. Луа тайтай та юү эс андах вэ. Би аргагүйдээ л ийм боллоо гэсэнд Жя Мү:

-Тэр чамайг, хүн ал гэвэл чи мөн алах уу. Гүй ээ, чи бодож үзээч. Дүү бэр чинь, угаас шударгын дээр, өвчтэй зовлонтой мөртөө, энэ айлын их бага алив явдлыг амжуулах гээд бие, сэтгэлээ зовоож яваа. Чи бас нэг бэр байтлаа ажилд баахан хавсралцдаг ч, тэр бүхэнд завдахгүй л байдаг биз дээ. Одоо би гэхэд, алив ажил хэрэгт хагас дутуу хамааравч, хүрэлцэж завдалцахгүй зүйл гарвал Юань Ян оролцдог. Тэр охины нүд сүрхий гярхай учраас тэр миний хэргийг бүтээлцэж, юу хэрэгтэйг олж, дутууг гүйцээлгэж байна. Юань Ян ингэж оролцохгүй бол тэр эх, бэр хоёр яалаа гэж гадна дотны их бага ажил хэрэгт осолдохгүй байж чадах вэ. Одоо би тэр бүхэнд гүйж явах болж байна уу. Бас энэ тэрийг эргэцүүлэн бодож, энд тэндээс юм гуйж явах уу. Миний гэрт байгсдаас ганц тэр үлдээд, бусад нь явчихсан юм. Тэр хүүхэд, нас овоо болж байгаа юм болоод миний зан байдал, ажил үйлийг сайн мэддэг болсон юм. Түүний эзэд ч бас ан занг нь мэдээд авчээ. Тэрбээр миний нэрийг барьж хэн нэгэн тайтайгаас мөнгө авна гэхгүй. Энэ хэдэн жилд, чиний дүү бэрээс эхлээд энэ айлын их бага хүмүүс цөмөөр түүнд итгэдэг болсон. Ерөөсөө ганц би түүнд итгэж зарахаар барахгүй, бусад бэрүүдэд ч тус болдог юм. Надад ийм нэг хүн байгаагаар бусад бариад, хүүхдийн санаж бодоогүй зүйлийг олчихдог болохоор гачигдаж уурлаж уцаарлах юм байхгүй болдог. Одоо түүнийг аваачвал та нар ямар хүн авчирч намайг асруулах вэ. Та нар сувд эрдэнэ мэт хүн авчравч үг хэлж чадахгүй бол мөн хэрэггүй болно. Би хүн явуулж, Лао ед чинь хэлүүлэх гэж байсан юм. Тэр ямар хүн авна гэвэл миний энд мөнгө байна. Түмэн мянган лан хэрэглэвч нэгийг худалдан авч чадах байлгүй. Энэ охиныг аваачна гэвэл, харин горьгүй. Түүгээр өдөр шөнийн хувьд ачлалыг гүйцэтгэх мэт хэдэн жил сувилуулна. Ашгүй, чи хүрч ирсэн тул очоод цаадахдаа хэлбэл нэн эвтэй болой гээд, хэн нэгнийг дуудан: “И тайтайг залж охид авхайнуудыг ирүүлэгтүн. Сая баахан сэтгэл хөгжиж, ярилцаж эхэлтэл, яагаад тараад явчихав” гэв.

Төдөлгүй охид авхай нар гүйн ирцгээв. Харин дуудаж очсон шивэгчинд Шюэ Има л: “Дөнгөж сая ирээд буцаж юугаа хийнэ. Намайг унтжээ гэж хэл” гэсэнд мөнөөх шивэгчин:

-Сайн худгуй, И тайтай минь ээ, өвөг дээдэс чинь дуудаж байхад очихгүй байж болохгүй. Лао тайтай уурлана шүү. Таныг очихгүй гэвэл би юу хэлэх вэ. Манийгаа өрөвдөөч дээ. Таныг алхаж явахгүй гэвэл би үүрээд явъя гэв. Шюэ Има инээгээд: “Өө муу бэлтрэг. Чи юунаас нь айсан юм. Хэд хараана л биз” гээд босож, түүний хамт ирэв. Жя Мү найрсгаар угтан суулгаж хэдүүлээ тоглоё. И тайтайгийн пай өөдлөв. Хэдүүл хамт суугаад Фэн охинд хожигдохыг байя гэв. Шюэ Има:

-Нээрэн тийм шүү. Лао тайтай надад баахан үзэж өгөгтүн. Бид чинь эх хүүхэд, дөрвүүлээ тоглох юм уу. Бас нэг хоёр хүн нэмэх үү гэсэнд Ван Фүрэнь инээж: “Нээрэн л дөрвүүл байна даа” гэтэл Фөн Же: “Нээрэн нэгийг нэмье, хөгжөөнтэй болог” гэж санал гаргав. Жя Мү:

-Юань Янг дуудан ирүүлж гарын дор суулган, И тайтайгийн нүд эрээлжилбэл, бид хоёрын пайг түүгээр үзүүлье гэсэнд Фөн Же инээж Тань Чүнд: “Та нар бичиг номтой улс байж, заяа бодож сураагүй юм уу” гэсэнд цаадах нь: “Энэ мөн сонин болой. Энэ үед чи урам зориг юугаа хөгжөөж Лао тайтайгаас хэдэн зоос шүүхийг бодохгүй, заяа бодохыг санаж суудаг байх нь ээ” гэв. Фөн Жэ:

-Би өнөөдөр хичнээн зоосоо шүүлгэх бол гэж бодож байгаа хүн чинь, шүүхээ бас бодож чадах уу. Чи хар! Ширээнд суухын өмнө зүүн, баруун талыг минь эзэлчихсэн байгаа биз дээ гэсэнд цаадуул нь хөхрөлдөв.

Төдөлгүй Юань Ян орж ирээд Жя Мүгийн гарын дор суув. Түүний дор Фөн Же сууж улаан эсгий дэвсэн пай ялгатал таван хүн даалуугаа атган тоглож эхлэв. Юань Ян, Жя Мүгийн пай нэгэнт бүтэж, ганц нүдний шил хүлээж байхыг үзээд Фөн Жэд сэм дохио өгөв. Фөн Жепай хаяхыг завдаж байсан боловч зориуд түдгэлзээд, инээн:

-Миний энэ пай лавтай Имагийн гарт бий. Би энэ пайг хаяхгүй бол тэр пай гарч ирэхгүй гэсэнд Шюэ Има:

-Чиний пай, миний гарт байхгүй гэв. Фөн Же:

-Одоохон шалганаа гэсэнд Шюэ Има:

-Шалгахаа мэдтүгэй. Чи хаягтүн. Ямар пай болохыг би үзсүгэй гэв. Фөн Же түүнд үзүүлсэнд цаадах нь нүдний шил байхыг үзээд инээж:

-Тэр над хэрэггүй. Харин Лао тайтай хүлээж байж магадгүй гэв. Фөн Же инээж:

-Би буруу хаяжээ гэсэнд Жя Мү инээсээр пайгаа нэгэнт дэлгээд:

-Чи буцааж авна уу. Хэн чамайг буруу хая гэсэн юм бэ гэсэнд Фөн Жэ:

-Би заяагаа бодож үзье гэсэн юм. Үүнийг өөрөө хаясан болохоор хэндээ гомдох вэ гэв. Жя Мү инээж:

-Чи өөрийнхөө хацрыг алгаджээ. Өөрөөсөө асуувал зохино гээд Шюэ Имаг харж инээмсэглэн:

-Би зоос шүүх дуртайдаа биш, заяа таарчихлаа гэсэнд Шюэ Има: “Бид тэгж бодсонгүй. Лао тайтайг зоосонд дуртай гэж хэлэх тэнэг хүн хаа байхав” гэв. Зоосоо тоолж байсан Фөн Же энэ үгийг сонсоод санд мэнд зоосоо хэлхээд тэднийг харж инээн:

-Уухай давуу болжээ. Зоос шүүхийг бодохгүй, заяа буянаа шалгаж байна. Шүүгдмэгц зоосоо тоолоод би даанч шинжгүй аашилжээ. Хурдан байсугай гэв. Юань Ян, тайтайгийнхаа өмнөөс пай угааж өгдөг тул Жя Мү, Шюэ Има хоёр ярилцан инээлдэнэ. Тэгтэл Юань Ян хөдлөхгүй байсанд Жя Мү: “Чи надад пай угааж өгөхгүй, уурлаад байгаа юм уу” гэсэнд цаадах нь инээж:

-Найнай зоос өгөхгүй байна гэв. Жя Мү:

-Тэр зоос өгөхгүй бол даруй түүний зол завшаан болой гээд нэг бяцхан шивэгчинд: “Тэр хэлхээтэй зоосыг нь цөмийг аваад ир” гэсэнд цаадах нь очоод бүгдийг авчраад Жя Мүгийн дэргэд тавив. Фөн Же инээж:

-Наадахыгаа над өгчихөө. Би өгөхийгээ тоо ёсоор нь өгье гэв. Шюэ Има инээж:

-Тоглож байхад мөн их айваа гэв. Фөн Жэ, Шюэ Имаг татан Жя Мүгийн мөнгөний авдрыг заагаад: “Авга эгч та түүнийг хар. Тэрүүнд, миний хичнээн зоосыг шүүж хийснийг мэдэх аргагүй. Энэ нэг хэлхээ зоосоор хагас цаг наадаагүй байтал тэр доторх зоос нь энүүнийг даллан дуудаж байна. Энэ хэлхээг түүндээ оруулбал пай ч наадсаны хэрэггүй. Буурай эмээгийн уур нь тайтгараад, мөн намайг хэрэгтэй юманд зарж явуулна… гэж хэлтэл Жя Мү нар цөм хөхрөлдөв. Тэднийг ийн ярилцан тоглож байтал Пин Эр зоос нь дутуузай гэж бодоод нэг хэлхээ зоос авчирч өгөв. Фөн Же:

-Миний дэргэд тавих хэрэггүй. Лао тайтайгийн тэнд байгаатай нь цуг тавьчих. Авдар дахь зоос дахин дахин дуудах хэрэггүй. Цугт нь дуудаад тийш оруулахад дөхөм болно гэсэнд Жя Мү хөхөрч, гардах пайгаа ширээн дээгүүр тараагаад алив Юань Ян чи шалавхан очоод түүний уруулыг нь хайраатах гэв. Пин Эр хэлсэн ёсоор нь авчирсан зоосоо тавьчихаад явав. Хүрээний үүдэнд Жя Ляньтай таарсанд: “Тайтай хаана байна вэ. Лао е намайг залж авчир гэлээ” гэсэнд Пин Эр инээж:

-Лао тайтайгийн дэргэд удтал зогссон боловч хөдөлсөнгүй. Тайтай хагас өдөр уурлаад… Эл найнай баахан хөхөөн саатуулснаар сая л тайтгарлаа гэв. Жя Лянь:

-Би очиж Лао тайтайгаас арван дөрөвний өдөр Тайтайгийнд очно уу. Очвол сүйх бэлтгүүлье гэж асууя гэсэнд Пин Эр:

-Миний бодлоор бол чи очоод хэрэггүй. Гэр хотлоороо, тайтай, Бао Юй хүртэл буруудсан байхад чи очих хэрэг байхгүй гэв. Жя Лянь:

-Нэгэнт өнгөрсөн юм яадаг юм. Бас надад хамаа ч байхгүй. Лао е тайтайг зал гэж над хэлсэн юм чинь. Би хүнээр хэлүүлснийг тэр мэдвэл дэмий. Үүгээр шалтаглан надад уураа гаргана гээд дотогш оров. Пин Эрбас сонсмоор санагдаад Жя Лянийг дагаж оров. Дотор өрөөг шагайвал, Шин Фүрэнь нүд ирмэв. Цаадах нь орж чадахгүй байснаа арга буюу цай аягалан Жя Мүгийн өмнө тавив. Жя Мү, Жя Лянийг ч харчихав. Тэгээд түүнээс: “Гадаа хэн байна вэ. Яг нэг зарц хөвгүүн толгойгоо цухуйлгадаг шиг болжээ” гэсэнд Фөн Же яаран босож: “Бас нэг хүний толгой бөртөгнөх шиг болсон юмаа” гэсээр гарч ирэв. Жя Лянь яаран ороод: “Лао тайтайта, арван дөрвөнд гадагш гарна уу. Сүйх бэлтгэх үү” гэж асуусанд Жя Мү:

-Ийм юм асуух байсан юм уу. Яагаад орж ирэхгүй, тэнд хулмалзан эргэцээд байв гэсэнд цаадах нь инээж:

-Лао тайтайгийн тоглоомыг үймүүлчих вэ гэж зовсон юм. Тэгээд бэрийг дуудаж асууя гэж бодож байлаа гэв. Жя Мү: “Чи тийм их яарсан гэж үү. Хэзээ ийм их хичээмтгий болчихоов. Түүнийг харихаар асуучихаж болох л байсан даа” гэж бувтнаснаа:

-Чи харин одоо чих нүд болж чимээ чагнах гэж ирсэн юм биш биз. Хялав цийлэв гээд их айлгалаа. Шинжгүй муусайн үр ач нар. Эхнэр чинь надаар тоглож хагас өдрийг авна даа. Чи хариад тэр Зао Элийн эхнэртэй зөвлөлдөөд бэрийг минь чөлөөлчих гэв. Тэд хөхрөлдөв. Юань Ян инээж:

-Бао Эрийн эхнэр шүү дээ. Буурай эмээ, юунд Зао Эрийн эхнэр гэвээ гэсэнд Жя Мү инээж:

-Би юү гэж тэр “боож, баглахыг” тогтоож чадах вэ. Энэ хэргийг дурдвал миний уур эрхгүй хүрнэ. Би энэ үүдэнд жич бэр болж ирснээс хойш одоо би өөрөө жич бэртэй болтол нийт тавин дөрвөн жил аюул бэрхийг туулж, сонин жигтэй явдлуудыг өнгөрөөсөн боловч ийм юм ер үзсэнгүй. Хурдан эндээс зайлахгүй яаж байна вэ гэсэнд Жя Лянь хариу хэлж чадсангүй, яаран гарав. Цонхны цаана зогсож байсан Пин Эр тэрхэндээ хөхөрч:

-Чи миний үгийг авахгүй байж, амаа алгадууллаа даа гэж хэлтэл Шин Фүрэнь дотроос гарч ирэв. Жя Лянь: “Энэ бүхнийг чинь Лао е үйлдсэн байтал тайтай бид хоёр дээр цөмийг нь тавьж байна” гэсэнд Шин Фүрэнь: “Элбэрэлгүй үр ачийн нэг чамайг би, эцгийнхээ төлөө үхэх хүн гэж бодож байхад, түүнийг зүгээр нэг хэдэн үг хэлсний төлөө энэ тэр гэж гомдоод яахав даа. Одоо чи сайн хичээх хэрэгтэй. Энэ хэдэн өдөр тэр ууртай байгаа учир чамайг цохиж мэднэ шүү” гэв. Жя Лянь: “Тайтай хурдан харь” гээд эхийгээ хүргэж өгөхөөр явав. Шин Фүрэнь хариад, саяын үгнүүдийг их төлөв хэлсэнд Жя Шэ дотроо ичингүйрч, Жя Мүтай уулзаж чадахаа болив. Тэгээд өвчлөв гэдгээр шалтаглаж, Шин Фүрэнь, Жя Лянь хоёрыг өдөр болгон илгээн мэндийг мэддэг болов. Тийн байхдаа, дөрвөн зүгт хүн илгээж эрэн сураглаж байгаад Янь Хүэн гэдэг арван долоотой охиныг таван зуун лан мөнгөөр худалдан авч дэргэдээ байлгах болсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Жя Мүгийн тэнд хагас өдөр даалуу тоглоод дараа нь хоол идээд тарав. Ингэж байтал нүд ирмэх зуур л арван дөрвөн болж, Лай Дагийн эхнэр хар өглөөгүүр ирж тэднийг залав. Жя Мү ихэд баярлан Ван Фүрэнь, Шюэ Има, Бао Юй болон эгч дүүсийг дагуулан очиж Лай Дагийн цэцгийн хүрээлэнд хагас өдрийг барав. Тэдний цэцгийн хүрээлэн хэдийгээр Гуань Юаньд хүрэхгүй ч гэсэн бас маш сайхан, цэвэр, саруул булаг ус, ой мод, асар тагт, хашлага саравч нь олон газрын бахархлыг төрүүлсэн ажээ. Гаднах их танхимд, Шюэ Пань, Жя Жэнь, Жя Лянь, Жя Рун болон ойр төрлийнхөн суужээ. Лай Дагийн гэрт, албаны түшмэлүүд, их гэрийн нь хүүхэд дүү нар сууцгаажээ. Түүний дотор Лю Шянляньтай, Шюэ Пань анх удаа уулзсанаа, огт марталгүй дурссаар бөгөөд бас тэр шийд тоглох авьяастай, ялангуяа янаг дурлалын явдалтай шийг сайхан дуулдаг гэж сонссон тул түүнийг урин тачаангуй амьтан хэмээн эндүүрч, түүнтэй найзалъя гэж бодсон ч тохиол таараагүй ажээ. Энэ өдөр яг сайхан уулзалдсанд их баярласан ч яах учраа олохгүй байлаа. Энд очсон Жя Жэнь нар ч түүний нэр алдраар бахархаж, архины халуундаа хоёр ч шийний дуу дуулуулав. Дараа нь суудал зэрэгцэн сууцгааж амны зоргоор ярьж, энэ тэрийг сонирхон асуув. Энэ Лю Шиянлянь гэгч бол эрдэмт сайдын үр бөгөөд ном үзээд нэрээ гаргаж чадсангүй. Эцэг эх нь эрт өнгөрсөн ч угийн чанар нь шулуун цэвэр учраас аар саар өчүүхэн хэрэгт оролцсонгүй. Харин илд жад эргүүлж, архи ууж наадахад дуртай. Өнгө зүсэнд шунаж, үлээх чавхдахыг ч сонирхож явсаар оролцохгүй, хийхгүй юмгүй болоход хүрчээ. Түүний нас залуу ганган хээнцэр учраас үг язгуурыг нь үл мэдэгчид бол жирийн л нэг дуучин, хөгжимчин гэж эндүүрнэ. Тэрбээр Лай Дагийн хөвгүүн Лай Шан Рунтэй багаас нөхөрлөсөн учир өнөөдөр залуулж ирээд ширээнд сууж байгаа нь энэ ажээ. Энд ууж идсэний дараад бусад хүн зүв зүгээр байхад, ганцхан Шюэ Паний хуучин өвчин гэнэт хөдлөв. Шян Лянь урам хугарч, шалавхан явъя гэж бодож байтал Лай ШанРун,

-Сая Бао Эре надад. Энд анх орж ирээд, уг нь олон харсан мөртөө олон хүний дунд анзаарсангүй. Тэгээд үг солих бололцоо олдсонгүй. Тиймээс энэ явдлын дараа битгий яв. Хэдэн үг сольё гэж хэлүүллээ. Чи явах гээд байвал, би түүнийг дуудаад ирье. Та нар уулзлаа л бол боллоо. Надад юуны хамаа байна гээд бяцхан зарцыг дуудаж: “Чи дотор ороод, нэг эмгэнд “Бао Эрийг гаргаад ир гээд хэлчих” гэсэнд төдөлгүй цаадах нь гараад ирэв. Лай Шан Рун, түүнийг харж инээгээд

-За сайн авга минь, үүнийг чамд тушаасугай. Би хүн цуглуулаад очно гээд явав. Бао Юй, Лю Шян Лянийг танхимын хажуугийн бичгийн гэрт аваачиж суулгаад “Ойрд Чинь Зүнгийн онгонд очив уу” гэж асуусанд цаадах нь: “Очилгүй яахав. Уржигдар бид, бүргэд тавьж явж байгаад, түүний онгонгоос хоёр газрын зайд хүрснээ, энэ зуны их бороо хуртайд эвдэрсэн байх вэ гэж бодоод очиж, жаахан засаж янзаллаа. Дараа нь мөнгө зоос цуглуулаад хоёр хүн хөлсөлж байгаад бүр сайн засууллаа” гэв. Бао Юй: “Тийм байхаа тэр. Түрүү сард манай Да Гуань Юаний нуурт лянхуа их дэлгэрчээ. Бид арвыг тасдаж аваад Бэй Минд өгч онгоныг тахиулахаар явууллаа. Түүнийг буцаад ирэхээр “Бороо усанд эвдэрчүү” гэж асуусан. Тэр: “Эвдрээгүй мөртөө, анхнаасаа шинэ болчихож” гэсэн юм. Би өдөр бүр гэрт хоригдож, өчүүхэн ч мэдэлгүйдээ хорсдог. Хөдөлбөл л хүн мэдэж, энэ нь хашихгүй ч тэр нь хориглоод, хэлж чадахаас хийж чадахгүй юм. Зоос байвч дураар хэрэглэх эрх байхгүй” гэсэн Лю Шиянлань:

-Үүнд чи сэтгэлээ зовоогоод яахав. Гадна би байна. Харин чи дотроо бодож байвал болно. Одоо арван сарын шинийн нэгэн ойртож байна. Би нэгэнт онгонд тавих цэцгийн зардлыг бэлтгээд тавьчихсан. Чи миний ядуу, хураасан хөрөнгө хогшилгүйг мэднэ. Хэдэн зоос оловч төдхөн л алга болно. Эртхэн энэ нэг хувийг үлдээж тавибаас цагаа тулахад аргаа барж алгаа маажихгүй юм даа гэж хэлэв. Бао Юй:

-Би энэ хэргийн учир Бэй Минг явуулсан л даа. Чи даанч гэртээ тогтохгүй. Өдөр болгон мөр, сураггүй алга болчихоод байх юм. Яг нэг тогтсон газаргүй явах чинь хэцүү юмаа гэсэнд цаадах нь:

-Чи намайг эрэхийн хэрэггүй. Одоо би бас гадагш гарч баахан тойрно. Тав гурван жил гадуур явах санаатай гэхэд нь Бао Юй,

-Гадуур тэнэж яадаг юм бэ гэж асуув. Шян Лянь:

-Миний бодсоныг чи тэр цагт нь үзээд л аяндаа мэднэ. Одоо би явмаар байна гэсэнд Бао Юй:

-Арай гэж нэг олж уулзсан юм чинь энэ тэрийг ярьж байгаад цугтаа тарвал яасан юм бэ гэсэнд Лю Шиянлянь:

-Чиний тэр бүл ах тийнхүү аашилж байгаад хэрэг гаргуузай. Би зайлан одсугай гэв. Бао Юй жаахан бодлогошроод:

-Тэгж бодож байгаа бол түүнээс холдсон дээр. Чи үнэхээр хол явах гэж байгаа бол явахаасаа урьдаар хэлээрэй. Чимээгүй битгий яваарай гэв. Ингэж хэлэхэд, түүний нулимс хурж байв. Шян Лянь:

-Эрхэтгүй уулзалгүй яахав. Харин чи хүнд битгий яриарай гээд явахыг завдан босоод, чи ор. Намайг үдэх хэрэггүй гээд гарч одов. Түүнийг их хаалганы тэнд очиход Шюэ Пань “Лю Лянийг хэн явуулчихав” гээд дэмий л хашгирч байв. Түүний дууг сонсоод Лю Шян Лянь, хоёр нүднээс нь гал бутартал цохиод унагачихъя гэж уурласан боловч архины халуунд нударга эргүүлбэл Лай Шанрунгийн нэр нүүрийг хиртээх учир тэвчив. Шюэ Пань, түүнийг гэнэт гараад ирэхийг хараад эрдэнэ олсон мэт баярлан яарч тэнтэр тунтар алхаж очоод, барьж аван инээж: “Дүү минь, чи хаачив” гэж асуув. Шян Лянь “Одоохон эргээд ирнэ” гэсэнд цаадах нь: “Чи явчихвал, бүгдийн урам хугарна шүү. Ямар боловч чи баахан суувал намайг санасан болно. Ямар чухал хэрэг болсон ч ахдаа хэлчихэж бай. Битгий яар. Муу ах чинь байсан цагт чиний ноён баян болох амархан шүү” гэхэд Шян Ляний уур хүрсэн боловч дорхноо нэг арга бодоод, түүнийг дагуулж далд газар очоод

-Чи надтай үнэн сайн болов уу, эсвэл хуурамчаар сайн болов уу гэж асуув. Энэ үгийг сонсоод Шюэ Пань ихэд баярлаж, нүдээ сүүмийлгээд инээж:

-За сайн дүү минь, яагаад ийм үг асууж байна вэ. Би хэрэв хуурмаг аашилсан бол одоо чиний өмнө үхье гэв. Цаадах нь:

-Хэрэв тийм бол энд эвгүй. Түр жаахан суугаад би урьдаар явж, чи дараа нь гараад миний байгаа газар очъё. Тэгээд нэг шөнө архи ууцгаая. Миний тэнд хоёр гоо охин байна. Ер зочинтой золгоогүй. Чи харин хүн дагуулж болохгүй шүү. Тэнд очвол чамайг асрах хүн бэлэн байна гэсэнд Шюэ Пань сэргэж “Нээрэн үү хөөе” гэж асуув. Шян Лянь,

-Яав? Хүн үнэнээ хэлж байхад чи итгэдэггүй нь яаж байгаа хэрэг вэ гэсэнд Шюэ Пань инээж:

-Би тэнэг хүн биш шүү, яалаа гэж итгэхгүй байх вэ. За тэгээд тэнд чинь очъё. Тэгтэл би тэднийг танихгүй. Чи түрүүлээд явчихвал би чамайг хаанаас олох юм бэ гэсэнд Шян Лянь,

-Миний очих газар хойт хаалганы гадна байна. Чи гэртээ харилгүй, хотын гадна нэг шөнө хонож чадна биз дээ гэсэнд Шюэ Пань:

-Чи байвал, би тэр гэрээр юү хийх вэ гэсэнд Шян Лянь:

-За тийм бол чамайг хойт хаалганы гаднах гүүрэн дээр хүлээж байя. Одоо суудалдаа очиж жаахан архи ууж сууцгаая. Чи намайг гарсны дараа гараад очвол цаадуул чинь анзаарахгүй гэв. Шюэ Пань шууд л за гээд буцаж суудалдаа суун ууж эхлэв. Ийн байхдаа Шюэ Пань, тэсэж ядан хүлээж, цаадахынхаа зүг нүд орхиж, бодох тусмаа баярлан, аяга аягаар архи хөнтрөн, хүний шаардахыг ч хүлээлгүй залгилсаар байгаад улаан зээрд болов. Шюян Лянь сэм гарч, хүнд анзаарагдалгүй үүдэнд очоод нэг бяцхан зарцад “Харих хэрэг гараад явлаа. Хотын гадаа гарчихаад даруйхан эргээд ирнэ” гэж захичихаад мориндоо алавхийн мордов. Тэгээд шууд давхин хойт хаалгаар гараад гүүрний тэнд Шюэ Панийг хүлээв. Баахан хүлээлгэж байгаад Шюэ Пань мориор ирж явах нь харагдав. Тэрбээр амаа ангайлган, нүдээ эргэлдүүлж, толгойгоо гилжийлгэн ийш тийш ажин харсаар явна. Тэгсээр Шян Ляний морины дэргэдүүр алсыг харсаар өнгөрөн гарав. Цааш нилээд яваад, айл амьтан цөөрөхөөр зориг нь мохсон янзтай эргэв. Тэгэхэд нь Шян Лянь тосон очсонд эрдэнэ олсон мэт баярлан: “Би чамайг яасан ч итгэл алдах хүн биш гэж боддог юм” гэхэд нь, за хурдал, хүн араас ирж магадгүй. Тэгвэл тусгүй гээд ухасхийсэнд Шюэ Пань араас нь дагав. Ойр орчимд айл, тосгон цөөрч, тэртээхэнд зэгстэй нуур харагдаж байв. Шян Лянь мориноосоо бууж модноос уячихаад цаадахыгаа хүлээж байв. Шюэ Панийг хүрээд ирмэгц “Чи буугаад ир. Хоёулаа тангараг тавья. Яаж мэдэх вэ, хүнд хэлчихэж магадгүй. Тэгвэл тангараг зөрчсөн болж шийтгүүлнэ” гэсэнд цаадах нь “Зүйтэй, зүйтэй” гээд буунгуут морио модноос уяад сөгдөөд, хожим сэтгэл хувирч хүнд хэлбэл намайг тэнгэр ниргэтүгэй… гэтэл нуруун дунд нь төмөр лантуу буух мэт пидхийх дуу гарав. Нүднээс нь гал бадарч, дотор нь харанхуйлав. Шян Лянь, хацрыг нь хэд алгаад үзвэл эрээн тарлан болохоор харж байвал, цаадах нь босохыг оролдов. Тэгэхээр нь өшиглөсөнд: “Чи бид хоёр адилхан л архинд дуртай. Чи дургүй байсан бол уухгүй л биз. Юунд намайг энд авчирч зодож байгаа юм бэ” гэж асуугаад элдвээр хараав. Шян Лянь “Нүд чинь сохроогүй бол Лю эцгээ таньж ав. Чи надаас гуйхгүй, над халдах санаатай юү. Би цохиод алахад надад ашиггүй. Зүгээр л чамд юм үзүүлж байгаа юм” гээд хэдэнтээ ташуурдав. Шюэ Пань ёолоод л тарчилж байтал архи нь холдов. Тэгтэл цаадах нь хүйтнээр инээж:

-Би чамайг зодуулахаас айхгүй гэж боддог юм. Гэтэл чи ийм амьтан юм уу гээд хөлөөс нь чирч балчиг шаварт баахан хутгаад “Одоо чи намайг танив уу” гэж асуусанд цаадах нь дуугарахтай мантай газар элэгдэн хэвтээд ёолно. Шян Лянь гараараа хэд сайн нударгалсанд цаадах нь ёолоод өнхрөөд байв. Тэгж тэгж

-Миний хавирга хугарлаа. Чи төв чигч хүн ингэх ёсгүй баймаар юм гэсэнд Шян Лянь,

-Чи улирсан юм бүү ярь, одоогоо л хэл гэсэнд, Шюэ Пань уйлж гиншигнэн “Сайн дүү минь” гэтэл цаадах нь дахиад нударга буулгав. Шюэ Пань,

-Одоо над хэлэх юм алга. Чи шударга хүн болохоор миний бурууг мэднэ дээ. Миний буруу… гэсэнд дахиад л нударга буулгав. Шюэ Пань ёолохын хамт “Сайн ах минь” гэсэнд цаадах нь дараагаар хэд цохиод авав. Цаадах нь: “Сайн Лао е минь, сохор намайгаа өршөө. Үүнээс хойш чамайг хүндэлж дандаа айж явъя” гэсэнд Шян Лянь “Тийм бол чи тэр уснаас хоёр оочигтүн” гэв. Шюэ Пань хөмсөг атируулж,

-Ийм муухай юмнаас уу. Энэ чинь бузар, яаж ууж болох вэ гэтэл дахиад нударгалав. Шюэ Пань “За би ууя, ууя” гээд зэгсний ёроолын уснаас оочсоноо огин хашгирч, хамаг байдгаа гарган бөөлжив. Шян Лянь,

-Юуны бузар байдаг юм. Битгий маягла. Хурдан уувал чамайг уучилна гэсэнд цаадах нь хэдэнтээ мөргөөд “Хойчийн сайн буяныг санаж намайг өршөөгөөч дээ. Яагаад ч ууж чадахгүй нь” гэв. Шян Лянь “Энэ усны өмхий үнэр чинь, намайг бузарлалаа” гээд мордон одов. Түүнийг явмагц Шюэ Пань санаа амарч, хүнийг буруу таньсандаа ихэд гэмшив. Босох гээд чадахгүй, хамаг бие нь өвдсөн учир хэвтээд л байв.

***

Айлын найранд сууж байсан Жя Жэнь нар мөнөөх хоёрыг үгүйлж, энүүгээр тэнүүгээр хайгаад олсонгүй. Зарим нэг нь: “Хойд хаалгаар гарах шиг болсон” гэнэ. Шюэ Паний бяцхан зарц түүнээс айдаг бөгөөд дагаж явж болохгүй гэж захисан учир яаж хойноос нь явах вэ. Харин Жя Жэнь санаа зовоод, Жя Рунийг зарц нарыг дагуулан эрж ол гэж хэлжээ. Тэд хойд хаалгаар гараад, гүүрнээс цааш эрж хоёр газрын хэртэй явтал зэгст нуурын тэнд Шюэ Паний морь уяатай харагдав. Тэд морь байгаа юм, эзэн нь олдох биз гээд давхин очвол, ойролцоохон хүн ёолох чимээ гарав. Яаран хүрч очвол Шюэ Паний нүүр нь шалбаран хавдаад, дээл нь урагдаад, хамаг юм нь шавар болоод шавхайд хөрвөөсөн гахай шиг болжээ. Жя Рун яаран бууж:

-Шюэ авга та өдөр болгон энүүгээр тэнүүгээр явсаар байгаад сүүлдээ зэгст нуурт заларч бууснаас үзвэл, Лусын хаан, чиний ганган дэгжинийг сонирхоод аваачиж тавнан болгох гэсэнд замдаа Лууны эвэрт сэжүүлчихсэн байхаа гэв. Шюэ Пань, нүүр хийх газаргүй болтлоо ичиж, бас явъя гэвч морь унах чадалгүй болсон тул Жя Рун хүн явуулж зах дээрээсээ сүйх хөлслөн авчруулж түүнийг аваад хотруу оров. Тэгээд түүнийг Лай овогтны гэр өөд дамнан аваачиж найрын суудалд суулгая гэсэнд Шюэ Пань түмэнтээ гашуудан гуйж хүнд битгий хэл гэж аргадсан учир гэрт нь хариулав. Дараа нь Жя Рун, Лай овогтын найран дээр очиж Жя Жэньд хэлсэнд цаадах нь Шян Лянь занчсан гэдгийг мэдээд инээж:

-Тэр эрхэтгүй нэг ингүүлбэл сайн хүн болж магадгүй гэв. Найрын дараа Шюэ Панийг эргэж, юу болсныг лавлах гэсэнд тэрбээр хэвтэн сувилуулж байгаагаа хэлээд хүнтэй уулзсангүй.

Жя Мү нар буцаж, цөм тарж харьцгаасан хойно Шюэ Има, Бао Чай хоёр гэртээ хариад Шюэ Панийг үзвэл, нүүр царай, бие хаа нь шархадсан ч яс шөрмөс гэмтсэнгүй ажээ. Шюэ Има хүүгээ өрөвдөхийн хажуугаар уур нь хүрч зодуулсан, зодсон хоёрыг хараагаад Ван Фүрэньд хэлж Шиян Лянийг бариулъя гэсэнд Бао Чай хориглон,

-Энэ чинь, тийм сүрхий хэрэг биш. Хамт архи уугаад л, архиныхаа халуунд найз нар эвдэрсэн төдий л юм. Илүү согтвол, илүү цохилцох нь ерийн л хэрэг шүү дээ. Манай үүнийг ёс номгүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Ижий та цочирдоод байна. Уур бухимдал чинь намдахаар аяндаа ойлгоно. Тав гурав хоногийн дараа ахын бие засарч, гадуур явж чадах болсон хойно Жэнь да е, Лянь Эр нар ч бас зүгээр өнгөрүүлэхгүй байлгүй. Мөн нэг найр бэлтгэж, тэр хүнийг дуудан ирүүлээд, олны өмнө ахад бурууг нь мэдүүлээд ял хүлээлгэчихвэл тэгээд л болно шүү дээ. Одоо ижий урьтаад үүнийг нэг их хэрэг болгож олныг түрхрүүлбэл, та харин хүүхдээ өмөөрч хэрэг зарга дэгдээсэн хүн л болно. Өнөөдөр санамсаргүй нэг удаа хохирсон явдал болсонд ижий та цэрэг морь хөдөлгөн сүр цуу мандуулбал садан төрлийн сүрд эрдэж, эгэл хүнийг дарласан болж ч мэднэ гэв. Ээж нь сонсоод,

-Охин минь чи бодож олжээ. Би уурласандаа эргүүтжээ гэж хэлэв. Бао Чай инээж:

-Ингэсэн нь болж. Тэр ээжийгээс айх биш. Хүний үгийг ч авахгүй. Ер нь өдрөөс өдөрт хөндлөн аашлах болсон юм. Нэг ингээд, дараа нь бас нэг сайн ингүүлбэл засарч магадгүй гэв.

Шюэ Пань ханзан дээр хэвтээд Шян Лянийг мэддэг бүх хараалаараа зүхэж, зарц нартаа ч “Тэднийд очиж, гэрийг нь нурааж, өөрийг нь цохиж ал. Явж зарга хийцгээ” гэж хэлнэ. Шюэ Има, зарц нарыг зандран зогсоож:

-Тэр Шян Лянь нэг удаагийн архины халуунд түрэмгий аашилсан байна. Одоо архи нь гараад гэмшивч тусгүй болсон тул хийсэн ялнаасаа айгаад оргон дутаажээ гэж хэлэв. Шюэ Пань энэ үгийг сонсоод, яасныг мэдсүгэй хэмээвээс доорх бүлэгт үзтүгэй.