ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад харилцааны сайд нь биш Төв банк нь ажлаа хийе

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-20

Том гүрнүүдийн эрх ашгаар жижиг улс орнуудыг эрхшээлдээ байлгах гэсэн, хөгжингүй болон хөгжил буурай улс орнууд дотооддоо татварын таатай орчныг бүрдүүлэх нь эсрэгээрээ Европын холбооны банк санхүүгийн байгууллага татвараа бүрэн бүтэн төлөхгүй байх шалтгааныг бий болгох вий гэсэн айдсаас үүдэн Европын холбоо буурай орнуудыг элдвийн жагсаалтаар “айлгадаг” гэдгийг эдийн засгийн мэдлэгтэй хүн бүхэн мэднэ. Гэвч ийм шалтгааныг тоох гэхээс илүү энэ асуудлаар нь хэрхэн улстөржих вэ гэдэг л манайханд чухал болчихлоо. Нөгөөтээгүүр, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “news.mn”сайтад өгсөн ярилцлагадаа “Хар жагсаалт гэж байхгүй. Эсрэгээрээ өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтыг FATF-аас гаргасан “саарал жагсаалт”-тай нийцүүлэн дахин шинэчлэх шаардлагатай болсон. Монгол Улс FATF-аас гаргасанжагсаалтаас гарч амжаагүй байгаа учраас нэмж бүртгэх шаардлагатай байсан. Мөн энэ жагсаалтад нэмснээр ямар нэг санхүүгийн арга хэмжээ авахгүй. Гишүүн орнуудтай хийж буй санхүүгийн гүйлгээнд хориг тавигдахгүй. Хөгжлийн хамтын ажиллагааны бодлого, тэдгээрийн хэрэгжилтэд саад учрахгүй” хэмээн мэдэгджээ. Гэвч ингэж хэллээ гээд бид тайвширч болохгүй гэсэн үг.

Гадна талдаа яагаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдэж буй шалтгаанаа илрүүлж, энэ жагсаалтаас нэрээ хасуулах нь зүй ёсны шаардлага болно. Хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл, дэлхий нийтийг хамарч буй санхүүгийн хямрал гэх мэтээр олон шалтгааны улмаас асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй болно. Төв банк ч “Ийм жагсаалт гараагүй. Улстөржүүлж байна” хэмээн арьсаа хамгаалахаас илүүтэй FATF-ын хэрэгжилтийг бүрэн хангах талаар ажлаа яаравчилж, “саарал жагсаалт”-аас улсаа гаргахад л анхаарлаа хандуулах шаардлагатай гэсэн үг. Жил гаруйн өмнө нь энэ асуудлаа шийднэ хэмээн ярьж байсан ч тэд зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй хэвээр байгаа учраас асуудал ийм хэмжээнд яригдсан гэсэн үг. Санхүүгийн тогтворгүй байдал л биднийг энэ жагсаалт руу түлхсээр байх учраас хаа хаанаа хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа шийдэл эрэх шаардлагатай болоод байна.

Түүнчлэн үүгээр улс төр хийх хүсэл сонирхол дийлэнх олонхид байгаа. Сөрөг хүчний зүгээс энэ өдрүүдэд “Ардын нам улс орноо хар жагсаалтад оруулчихлаа. Монгол Улс дампуурчихлаа. Бид л эндээс гаргаж чадна. Ачааны хүндийг бидэнд үүрүүлчих” хэмээн төлбөртэй бүүстлэн мессеж тарааж байх аж. Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар л энэ жагсаалт руу оруулчихлаа, дипломат албан тушаалтнуудын хэргээс болж манайх ийм жагсаалтад нэрээ бичүүлж байна хэмээн улстөржиж байх аж. Гэтэл асуудлын мөн чанар угтаа Д.Цогтбаатарт хамаагүй гэдгийг бүгд мэдэж буй. Харин ч энэ жагсаалтад Монгол Улс Ч.Сайханбилэгийн Засгийн газрын баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиас үүдэн, 2018 онд ороход нь гаргасан хүн нь Д.Цогтбаатар сайд гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Европын холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй” гэсэн үндэслэлээр бусад 16 улсын хамт манайхыг уг жагсаалтдаа нэмсэн байдаг. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр асуудал биш болж буйг мэдсэн Засгийн газар ч бүх асуудлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт ацаглаж орхисон нь цаасан дээр хараар бичигдэж үлдсэн байх юм. Сайд ч нэн яаралтай тушаал гаргаж, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилж, Европын холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт захидал бичих зэргээр тууштай гүйсний эцэст ердөө 15-хан хоногийн дараа энэ жагсаалтаас Монгол Улсаа гаргаж чадсан байдаг юм.

 

Уг нь энэ ажлыг Гадаад харилцааны сайд биш Монголбанк, Сангийн яам хийж байх ёстой л доо. Гэтэл нохойд барьдаг мод шиг л нэг сайдыгаа гүйлгэчихээд өөрсдөө харин дотооддоо “Бидэнд хамаагүй. Ингэж улстөржүүлж болохгүй” хэмээн мэдэгдэл гаргаад суугаад байвал хэн энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдэж, дахин асуудал үүсгэхгүйгээр дарах вэ.

 

Татварын асуудлаа цэгцэлнэ, оффшор бүсийн асуудлыг хянана, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай буюу татвараас мөнгөө бултуулсан улстөрчдөд боломж олгосон энэхүү хуулийг цуцална гэх мэтээр олон амлалт өгч улсаа эрсдлээс гаргасан нь худлаа биш. Гэвч, дотоодын улстөржилт, сандал суудлын томилгоонд анхаарлаа хандуулсан Монгол Улс FATF-ын жагсаалтаас хэрхэн хурдан гарах вэ гэдэг нэн чухал асуудлаа биш, түүний төлөө ажиллаж байсан Төв банкны Ерөнхийлөгчөө ажлаас чөлөөлөх тухай асуудалд анхаарлаа хандуулсан билээ. Банк санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн шалтгаан, санхүүгийн сахилга батын асуудлыг огтхон ч яриагүй учраас л “чөтгөрийн тойрог” дотроо эргэлдсээр байгаа хэрэг. Мөн Д.Цогтбаатар сайдын тухайд олон жил дипломат албанд бугшсан байсан хар тамхины наймаа, хууль бус наймааны асуудлыг шалгаж өгөөч хэмээн өөрөө Тагнуулын байгууллагад хүсэлт гаргасан байдаг. Үүний хүчинд бид Монголын дипломат албанд бугшсан идээ бээрийг шахан гаргаж, олон бүлэглэл, мафийг илчиллээ. Гай гэхээс илүү гавьяа болсон энэ ажлынх нь төлөө яллах бус талархах нь зүйн хэрэг биз дээ. Хэрвээ энэ бүхнийг илчлээгүй бол гадаад талдаа улам бүр л муухай харагдах байсныг эргэн санацгаая. Дипломат алба цэвэрших бус улам бүр хар тамхичдын үүрлэх газар болох байв.

Төрийн том албан тушаалд очих хэнбугай ч одоо ийм асуудалд холбогдвол гарах гарцгүй болсон юм байна, үүнийг чинь шалгаж, хянадаг болчихлоо хэмээн айх айдастай болсон нь хамгийн том амжилт билээ. Тиймээс хар тамхины асуудлыг илрүүлснээс чинь болж “хар жагсаалт”-д орчихлоо гэсэн утгагүй улстөржилт үр дүнгээ өгөхгүй. Ерөөс “Ялыг нь чи үүр, ямбыг нь би эдэлье” гэдэг шиг төр барьсан хугацаандаа санхүүгийн сахилга батыг барьж чадаагүйгээс болж, манай улс бүтэн есөн жилийн хугацаанд хар, саарал жагсаалт дунд муур, хулгана болж тоглосон байх юм. Харин баасыг нь арилгадаг хүн нь хэтэрхий цөөхөн. Үе үеийн Гадаад харилцааны сайд нар л улстөрчдийнхөө тарьсан балгийг арилгахын тулд элдвийн бичиг цаас шидэж, эх орныхоо өмнөөс нүүрээ улайлгана. Энэ удаад ч Д.Цогтбаатар сайдад нөгөөх ял нь ирнэ. Дахиад л шалтгаан тодорхойгүй асуудлаа цэгцэлье, саарал жагсаалтаас маргааш гэхэд л гарчихна хэмээн бичиг цаас шидэж, нүүрээ улалзуулах нь тодорхой. Уг нь энэ ажлыг Гадаад харилцааны сайд биш Монголбанк, Сангийн яам хийж байх ёстой л доо. Гэтэл нохойд барьдаг мод шиг л нэг сайдыгаа гүйлгэчихээд өөрсдөө харин дотооддоо “Бидэнд хамаагүй. Ингэж улстөржүүлж болохгүй” хэмээн мэдэгдэл гаргаад суугаад байвал хэн энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдэж, дахин асуудал үүсгэхгүйгээр дарах вэ. Улстөржсөөр суувал дахиад есөн жилийн дараа ч саарал, харын тухай асуудлаар улстөржиж суух биз ээ. Монголын маргаашийн төлөө санаа зовних гэхээс илүү онооны өрсөлдөөн, хэн буруутайн эрэлд гарсаар байх уу, хэдүүлээ. Ерөнхий чиг үүргийнхээ ажлыг хийдэг хүн, хариуцдаг байгууллага нь хийгээд явмаар байх юм.