За яадаг юм, үеийнхээ залуучуудыг ганц удаа магтчихна аа. Манай үеийн залуусын яруу алдар бадартугай. Эрхэм уншигч та эргэлзэж битгий гайхаарай. Магтах шалтгаан маш их байна. Хаясан хогийг жимбийтэл цэвэрлэж, хогийн саванд хийх сэтгэл 80-аад оныхонд харагдаж байна. Азай буурайд суудал тавих буян нь дэлгэрсэн тэр хүн бидний үеийнх л байгаа. Хүүхдээ хөтлөөд, гарцаар гарч, ногоон гэрэл асахаар явна шүү гэдгийг зааж өгч байгаа эцэг, эхчүүд ч манай үеийнхэн л байна. Түргэний тэрэг дохиогоо хангинуулаад ирэхэд хоёр тийшээ шахаж өгөөд саадгүй явуулах ухамсар ч манай үеийнхэнд л байгаа. Замын хөдөлгөөнд соёлтой оролцох сэтгэл, зөв үлгэр дуурайлал ч бидний үеийнхэнд байна.
Мэндлэх, хүндлэх ёсыг гээлгүй тээж үгийн ур ухааны шаглаас, өвгөдийн сургаал, үлгэр домогт итгэж өссөн учир сэтгэл нинжин санаа зөв байдаг юм. Үлгэрлэн дуурайх найрсаг занг, итгэл тээх ноён нурууг, эргээд нэхэх хариуцлага суртахууныг дааж яваа нь 80-аад оныхон. Бидний үеийнхэн дэлхийн чимээтэй хөл нийлүүлэн, жигүүр дэлгэж, боловсрол эзэмшин, эдүгээгийн эдийн засгийг түүчээлж байна. Хүчирхийллийн эсрэг дуугаа нэгтгэж бурууд нүд хурц, зөвд сэтгэл зөөлөн байж дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй нэг үеийнхнийг нэрлэвэл манай 80 оныхон мөн. “Би”-ийн эрин зуунаас “Бид”-рүү төлөвшиж чадсан ухаант Монгол түмний идэр үеийг магтаж байна. Ийм залуучуудтай улсын ирээдүй ч гэрэлтэж байна даа. Манай үеийнхэн Монголыг хөгжүүлэх ирээдүйн эздийг гэртээ, цэцэрлэгт, бага сургуульд хүмүүжүүлж, хөгжүүлж байгаа. Бид өөрсдөө л энэ улсын хөгжлийн “гэрэл”-ийг асааж чадна.