Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээр 1500 өрхийг орон сууцжуулах юм.
Өнөөдөр ажлын хэсгийн гурав дахь удаагийн хамтарсан хурал боллоо. Шадар сайд Ө.Энхтүвшин богино хугацаанд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн байртай болгох ажил үр дүнтэй хурдацтай явж байгаад ажлын хэсгийнхэнд талархал илэрхийллээ.
Тэрбээр “Үе шаттайгаар зохион байгуулна. Эхний ээлжинд яг одоо өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчидаа хамруулъя. Иргэдийг хүлээж аваад, тусгаарлаад, эмчлээд хяналт тавиад ажиллаж байгаа тэр албан хаагчдыг. Эдгээр хүмүүст урам хэрэгтэй. Ингэхдээ тухайн төрийн албан хаагчийн орлогод тулгуурлан иргэд өөрсдөө байр сонгох боломжоор хангах нь чухал. Харин чанар сайтай, ашиглалтад 100 хувь бүрэн орсон барилгын жагсаалт ил тод, нээлттэй байх ёстой” гэв.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Одоо бидэнд үндсэн хоёр ажил байна. Ашиглалтад орсон байраа бүртгэлжүүлэх, иргэдэд нээлттэй онлайн үзэсгэлэн зохион байгуулах. Мөн КОВИД-19 халдварын өндөр эрсдэлд ажиллаж буй, байранд орох албан хаагчдаа бүртгэж тодорхой болгох” хэмээв.
Албан хаагчид ашиглалтад орсон байрнаас сонголтоо хийх, материалаа бүрдүүлэх зэрэг ажил их, хугацаа бага байгаа тул Шадар сайд ажлын хэсэгт ажлаа түргэвчлэхийг үүрэг болгов.
Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоон барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй, ипотекийн зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэдгийг анхааруулсан юм.