ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр услалтын систем барихаар судалгаа хийж эхэлжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-01

Улсын төсвийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар ХХААХҮЯ сонгон шалгаруулалтыг орон нутагтай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд 1100 га талбайд услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

     Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 10 сумын усалгаатай тариалан эрхлэлт, услалтын системийн ашиглалтын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаад байна.     

Түүнчлэн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 13.8 тонн, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх бодис 480.4 тонн, нийлмэл бордоо 2020 тонн, гумины бордоо 184 тонныг тус тус нийлүүлж, давхардсан тоогоор 514 иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай  зээлээр олгожээ.

        Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал,  амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулахаар эхний ээлжинд аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт 430.5 км хашаа барих нээлттэй худалдан авах ажиллагаа зарлаад байна.

Тариалангийн талбайг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортойгоор сайжруулах зорилгоор хашаалсан талбайд ойн зурвас байгуулахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг сонгохоор ажиллаж байна.