“Монполимет” компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш 29 жилийн хугацаанд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт мэргэжлийн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байгаа цөөхөн хэдэн үндэсний шилдэг татвар төлөгч компаниудын нэг. Цар тахлын хүнд цаг үед ч тус группын хамт олон цалингаа цаг хугацаандаа тавьж, 1000 гаруй ажлын байраа хадгалсаар байна. Харин улс төрийн зорилготой сүүлийн үед тус компанийн нэр хүндэд халдах, харлуулах гэсэн үйлдэл удаа дараа гарч, зохион байгуулалттай сэвэх баг ажиллаж эхэлсэн нь тодорхой байгаа.
Тухайлбал, “Монполимет” ХХК-ийн бизнесийн нэр төр, үүсгэн байгуулагч Ц.Гарамжав руу хандсан дайралтыг бүтэн жилийн хугацаанд нэр бүхий сайт болон сэтгүүлч хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд удаа дараа олон давтамжтайгаар тарааж байгаад хариу тайлбар няцаалт хийснийг уншигч танд хүргэе. Тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд “Монполимет” компани нь Монголбанкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авч байгаагүй, зээлээ төлүүлж байгаагүй хэмээжээ. Өөрөөр хэлбэл, 10 тэрбум төгрөгийн зээлээ нас барсан иргэдийн зээлийг хаадаг “Эрсдэлийн сан”-гаас төлүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг энэхүү мэдэгдлээрээ залруулав.
Одоогоос 18 жилийн өмнө буюу 2002-2007 онд Монголбанк нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайлааст” ХХК, “Эрдэс” ХХК, “Эрэл” ХХК, “Тайга инвест” ХХК, “Алтандорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК, “Монполимет” ХХК зэрэг 10 гаруй компанийг татан оролцуулж, тэдний нэрийн өмнөөс Олон улсын зах зээлд үнэт металлын арилжаа хийсэн ажээ. Энэ хугацаанд Монголбанк өөрийн зорилгоо биелүүлж 31,6 сая ам.долларын ашиг олсон байх юм. Улмаар 2007 оны дөрөвдүгээр сард Монголбанкны санаачилгаар компаниудтай байгуулсан гэрээг цуцалжээ. Энэ талаар компаниудад 2008 оны нэгдүгээр сард мэдэгдэж, үүссэн алдагдлыг Төв банкны зүгээс компаниудад төлөхийг шаардсан ч нэг нь ч хүлээн зөвшөөрөөгүй.
Учир нь Монголбанк арилжааны бодлого, зохицуулалт, менежментийг өөрөө бүрэн хариуцаж ажиллаж байсан тул уг алдагдлыг ААН-үүд төлөх үндэслэлгүй байжээ. Угтаа, Монголбанк арилжаагаа зогсоосноос 10-аад жилийн дараа арилжаанд оролцсон компаниудаас зөвхөн “Монполимет” группыг шүүхэд өгч 3.6 сая ам.долларын авлагаа долларын ханшийн өсөлт гэсэн шалтгаанаар өсгөж, 10.6 тэрбум төгрөг болгож нэхэмжилсэн нь улс төрийн зорилготой байсан гэж дүгнэх үндэслэлтэй хэмээн компанийн зүгээс мэдэгдлээ.