Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд Москвад айлчлах үеэрээ хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцож бичиг баримтын түвшинд баталгаажуулаад ирсэн билээ.
Тэгвэл өнөөдөр хоёр тал "Ковид-19" өөс шалтгаалан онлайн хуралдаан зохион байгуулж, төслийн ТЭЗҮ боловсруулах тусгай зориулалтын компани байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээнд Монголын талаас Шадар сайд Я.Содбаатар ОХУ-ын талаас Оросын нийтийн өмчит "Газпром" компанийн ерөнхийлөгч Миллер нар гарын үсэг зурлаа. Энэхүү хуралдаанд Оросын талаас хүсэлт тавьсаны дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн оролцжээ.
Эргэн сануулахад, “Сибирийн хүч-2” төслийн зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг В.Путин 2020 оны гуравдугаар сард олгож байсан бол өнөөдөр тусгай зориулалтын хамтарсан компани ийнхүү байгуулагдлаа. Монголын нутгаар жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулснаар Монгол Улс жилдээ 1 тэрбум ам долларын орлого олох боломжтой юм. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх амжилт хүсэж, үг хэлэв.
Тэрбээр,
Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм.
Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.
Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэв.
Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байна.