ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жагарын тэмцлээр бус зах зээлийн жамаараа зээлийн хүү буурах нь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-27

Төгссөн сургууль, ажилласан салбараасаа эхлээд мэдлэг, мэргэжлийн хувьд үнэлэгддэг нэр бүхий гишүүд хамтран “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан нь олны анхаарлын төвд байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн Б.Жагар мэтийн тэмцэгчидтэй өдөрт хэдэн мянга уулзаад ч шийдэж чадахгүй байсан энэхүү асуудлыг Х.Булгантуяа, Г.Амартүвшин нарын гишүүд хамтран мэргэжлийн өнцгөөс шийдвэрлэхээр тогтоолын төсөл боловсруулж, зээлийн хүүг бүрдүүлж буй үндсэн дөрвөн асуудлын хүрээнд шинэчлэл өөрчлөлт хийхээр болсон нь талархууштай. УИХ-ын гишүүд нь анх удаа захиргааны аргаар, эсвэл сонгууль угтсан популизмаар бус асуудлыг арай илүү бодитой, өргөн хүрээтэй харж чадсан учраас энэ удаагийн тогтоолын төсөл хөрсөн дээрээ бодитой бууж, мэргэжлийн эдийн засагчид болон Төв банкны дэмжлэгийг ч авч чадлаа.

Хадгаламжийн хүү бол “хадны мангаа” биш

Нийт хадгаламжийн 95 хувийг эзэмшиж буй хадгаламж эзэмшигчдийн 5-хан хувийн дарамт шахалт, тэдний эрх ашгаас болж зээлийн хүү буурахгүй байна гэсэн популизм, өдөр бүхэн лоозон барьж зогссон хэн нэгний тэмцлээр бус макро эдийн засгийн сэргэлт, улс төрийн тогтвортой байдал бий болсон өнөө цагт хадгаламж эзэмшигчиддээ ч дарамтгүйгээр зээлийн хүүг үе шаттай бууруулах боломж юу байна вэ гэдгийг эрэлхийлсэн нь хамгийн гол мессеж. Хадгаламжийн хүү бол зээлийн хүүг бүрдүүлж буй дөрвөн хүчин зүйлийн нэг. Харин 1998 оноос эхлэн зах зээлийн зарчмаараа тасралтгүй буурч байсан зээлийн хүү улс төрийн огцом шийдвэр, макро эдийн засгийн тогтворгүй бодлого, гадаад хөрөнгө оруулалтын хувьсамтгай орчин, чанаргүй зээлийн хувь өндөр зэргээс хамаарч улс төрийн нам бүрийн, улстөрчдийн өлгөж авдаг, популизм хийдэг, хоосон амлалт өгдөг нэг сэдэв болж хувирсан байна.

Харин сүүлийн дөрвөн жилд улс төрийн тогтвортой байдал, нэг нам засаг барьсан зэрэг олон шалтгааны улмаас зээлийн хүү дөрвөн нэгжээр буурчээ. Цаашид ч дахин буулгах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, дөрвөн зорилтыг биелүүлж, зах зээлтэй уялдуулан 12 хувь хүртэл бууруулах боломжтой гэж дүгнэв. Энэ удаа бид гаднах өнгийг нь хусаж арилга хэмээн шаардах бус дотоод учир шалтгааныг нь зөв оношилж чадлаа.

Банк санхүүгийн салбарын ачааллын 90 хувийг арилжааны банкууд дангаараа үүрч, үлдсэн 10 хувьд нь банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн зах зээл дээр оршин тогтнож байв. Харин 2018 онд баталсан энэхүү стратегийг хэрэгжүүлэх тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсад мартагдаж орхисон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ. Үүнээс гадна экспортын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хадгаламжийн хүүг зохистой түвшинд бууруулах, банкны засаглалыг сайжруулах, чанаргүй зээлийг багасгах буюу “Өр барагдуулах алба” байгуулах зэргээр үе шаттай шинэчлэл, өөрчлөлт хийснээр зээлийн хүүг дөрвөн жилийн хугацаанд үе шаттай бууруулж, 12 хувьд хүргэх нь байна.

Ингэхийн тулд улстөрчдийн ширээнд мартагдчихаад байгаа Активийн удирдлагын тухай хууль батлагдвал зээлийн эргэн төлөлт нэмэгдэж, бизнесмэнүүд ч дагаад хөл дээрээ босох юм. Хэн нэгэнд зээлүүлсэн мөнгөө эргүүлж авахын тулд хамгийн багадаа нэг жилийн хугацаанд шүүх цагдаагаар явдаг буруу тогтолцоог арилгаж чадвал зээлийн хүү ч дагаад буурах нь тодорхой. Энэ бүхнийг үе шаттай хийж гэмээнэ иргэд зөвхөн мөнгөө хадгаламждаа хийдэг бус эсрэгээрээ үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэх, хөрөнгө оруулах, хувьцаа болгох зэргээр бусад салбараа өндийлгөнө. Хадгаламж эзэмшиж байгаа хүмүүс бол “хадны мангас” гэсэн буруу ойлголтоо ч залруулж чадах юм, бид.

“Бид бэлэн”

Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаануудыг эдийн засагчид нэрлэхдээ тогтворгүй байдлаас гадна валютын нөөц, монгол төгрөгийн үнэ цэнэ буурсан, банкуудын өөрийн хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул зэрэгтэй холбон тайлбарладаг.

Монгол Улс долдугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа бөгөөд энэ нь манай улсын 8-9 сарын валютын хэрэгцээг хангах нөөц гэсэн үг. 2019 оны сүүлээр 4.3 тэрбум байсан бол Засгийн газрын баталгаатай Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж, ойрын хугацаанд гадаад өрийн эрсдэл бага байгааг хэлэв. Тэрбээр, зээлийн хүүг стратегийг үргэлжлүүлэх хэрэгжүүлэх боломжтой юу, хэр бэлэн вэ гэсэн асуултад “Төв банк бэлэн” гэж хариуллаа.

Цаашлаад Засгийн газрын баталгаатай уг банкны бондыг төлснөөр олон улсад үнэ буюу эрсдэл нь өсөөд байсан Чингис бондын үнэ эргэж бууран, Монгол Улс хэр баталгаатай болохыг харуулсан. Мөн Хятадын Ардын банктай байгуулан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгаснаар бид ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл томоохон өр төлбөрт санаа зовох асуудалгүй болов. Нүүрсний экспорт энэ хэвээр нэмэгдэж, улс төрийн орчин тогтвортой байж чадвал 2021 оны дөрөвдүгээр сараас төлж эхлэх Мазаалай, Чингис зэрэг бондын эргэн төлөлтүүдэд ч санаа зовох шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцолж байна.

Мөн төсвийн сахилга бат дөрвөн жилийн хугацаанд сайжирсан ба цаашид төсвийн тогтвортой байдлыг хангавал төгрөгийн ханш ч тогтвортой байх боломжтой. Нөгөөтээгүүр, ОУВС-гаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидэнд тавьсан санхүүгийн сахилга бат нь банк, санхүүгийн салбарт ихээхэн ахиц дэвшил бий болгож чадсан учраас Монгол Улс захиргааны аргаар буюу Б.Жагарын тэмцлээр бус зах зээлийн жамаараа зээлийн хүүгээ үе шаттай, уян хатан бууруулж чадах боломж бүрдлээ. Гагцхүү эх орончийн дүр эсгэж, зээлийн хүүгээр шоу хийж байсан улстөрчид харин нэгэн дуугаар энэхүү тогтоолын төслийг дэмжиж, хоёр гараа өргөх эсэхийг л хүлээх үлдэж байна.