Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7 хувиар буурчээ. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээллээ. Эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан байна. Мөн сүүлийн үед яригдаж буй эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл ташаа гэдгийг онцлов.
Мэдээллийн үеэр зарим асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Хэрэглэгчдэд хандсан ямар чухал ажил хийж байгаа вэ?
-Эрчим хүчний шөнийн тарифыг гэр хороолын хэрэглэгчдэд зориулж 100 хувь хөнгөлж байгаа. Нийслэлийн бүсэд оршин сууж буй иргэдээс гадна өнгөрсөн жилээс аймгийн төвүүдийн шөнийн тарифын хөнгөлөлтийг 50 хувь болгосон. Ингэхийн тулд айл өрхүүд өдөр шөнийн хоёр тарифт тоолууртай байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Өөр зүйл байхгүй. Засгийн газрын тогтоол хэвээр байгаа учраас шөнийн хөнгөлөлт цаашид хэрэгжинэ. Хөнгөлөлттэй тарифын хугацаа арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Өнгөрсөн онд иргэд 11.6 тэрбум төгрөгийг хөнгөлөлт эдэлсэн. Энэ жил хоёр дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог гарсан. Өнгөрсөн жил 160 орчим мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдсан гэсэн тоо бий.
-Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зардалд юу, юу орж байгаа вэ?
-Эрчим хүчний салбарын цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурч байгаатай холбоотойгоор дотоод нөөц бололцоогоо ашиглах зорилт тавьсан. Үүнд өндөр өртөгтэй импортын цахилгаан эрчим хүчнийг багасгаж, хямд өртөгтэй эх үүсвэрүүдийг түлхүү ачааллах гэсэн зорилтыг тавьж байна. Нөгөө талаас эрчим хүчний эх үүсвэрүүдэд хэмнэж болох бүхий л зардлыг танах шийдвэрийг гаргасан. Бид хэрэгжүүлээд явж байгаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа вэ?
-Эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл хэвийн явж байна. Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр 60 гаруй хувийн биелэлттэй байсан бол есдүгээр сарын 15 гэхэд хэвийн горимд орж дулаанаа өгч эхэлнэ. Аравдугаар сарын 1 гэхэд бүрэн хангахаар байна. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний хэрэглээ буурч байгаа мэт боловч өнгөрсөн жилүүдэд өсөж байсан шүү дээ. Цаашид хэрэглээ өсөх хандлагатай байгаа учраас цахилгаан станцуудаа өргөтгөх ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.